Л.Амарсанаа: Мэдрэлийн ядаргаанд эм тариа хэрэглэх нь зөв эмчилгээ биш

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 04 сар 24 ・ 1

 

Хаврын улиралд бид өдрийн турш нойрмоглоод, ажил хийх сонирхолгүй болдог. Зарим нь үүнийгээ  “Хаврын ядаргаа” гэж  оношлодог. Харин зарим нь “Мэдрэлийн ядаргаа” гэдэг. Энэ талаар Улсын клиникийн хоёрдугаар эмнэлгийн Мэдрэлийн тасгийн  их эмч Л.Амарсанаатай ярилцлаа. 

 

- Өвлийн улирлаас дулааны улиралд шилжихэд хүмүүс цаг агаарын байдалтайгаа  дасан зохицох гэж багагүй зүдэрдэг. Олонх нь ядарч, нойрмоглодог. Үүнийг  зарим нь мэдрэлийн ядаргаа гэх юм. Ер нь мэдрэлийн  ядаргаа юунаас үүсдэг  юм бэ?

-Мэдрэлийн ядаргаа гэдэг нь тухайн хүн ямар нэг зүйлд дасан зохицохгүй,  ачаалал даах чадвараа алдаж мэдрэлийн эрхтэн тогтолцоо  түр зуур хямрах үзэгдэл юм. Хотжилт, хүн амын хэт бөөгнөрөлтэй холбоотойгоор  энэ өвчин сүүлийн жилүүдэд ихэсч байна. Өвчин үүсэх гол шалтгаан нь тулгарсан асуудлаа шийдэж чадахгүй, дотоод бухимдлаа гаргахгүйгээс болоод мэдрэлийн ядаргаанд өртөж байна. 

-Энэ үед тархи толгой өвдөхөөс өөр ямар зовиур илрэх вэ.  Уурлаж уцаарлах, бухимдах, ядарч нойрмоглох нь энэ өвчний шинж тэмдэг мөн үү?

-Ерөнхийдөө ачаалал даах чадвараа алдана. Өмнө нь  30 минут хийдэг байсан ажлаа нэг цаг хийх гэх мэт. Юу ч хийсэн амархан ядарч сульдана. Мөн зүрх дэлсэх, артерийн даралт ихэсч, багасах, арьс хуурайших зэрэг олон шинж тэмдэг илэрнэ. Цаашилбал бэлгийн үйл ажиллагааны алдагдалд орох, хоолны шингэц муудсанаас турж эцэх, хоолны дуршил буурах зэрэг  олон шинж илэрдэг.

-Хаврын ядаргааг хүмүүс мэдрэлийн ядаргаатай андуурах тохиолдол байдаг.  Мөн элдэв эм тариа, витаминыг  дураараа хэрэглэдэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Ер нь аливаа эмийг эмчийн зааваргүй хэрэглэх нь тохиромжгүй. Эмийг бичиж өгөх эрхтэй ганц хүн бол эмч. Тиймээс эмийг тухайн өвчинд тохирсон тунгаар зөв хэрэглэвэл үр дүн өгдөг. Харин эсрэгээрээ шаардлагагүй эмийг дур мэдэн уух нь хор болох аюултай. Тэгээд ч мэдрэлийн ядаргаанд эм тариа хэрэглэх нь зөв эмчилгээ биш. Дусал залгуулж, витамин уугаад асуудал шийдэгдэхгүй. Нэг л удаагийн сэргээх төдий алхам болно. Тиймээс иж бүрэн шинжлүүлж, төгс эмчилгээ хийж байж л ядаргаанаас гарна. Ядаргаанаас салах хамгийн гол эмчилгээний нэг бол тархины цусан хангамж сайжруулах. Энэ тохиолдолд биеийг тайвшруулж, эд эрхтэнг тэжээх эмчилгээ хийдэг. Учир нь тархи бүх эрхтнээ удирддаг. Таны эрүүл мэндийн картан дээр эмч хоол, хөдөлмөр, амралтын дэглэм барих гэж зүгээр ч нэг бичдэггүй. Ажил амралтаа зохицуулаагүйгээс бүх асуудал үүсдэг учраас дэглэм барих нь чухал. Хамгийн гол нь сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй. Бухимдахаас аль болох зайлсхийх нь чухал.  Учир нь стрессийн гол шалтгаан уур бухимдал байдаг. Эхлээд өрхийн эмчдээ, дараа нь дүүргийнхээ мэдрэл, зүрх судасны эмчид хандах хэрэгтэй.

Үргэлжлэлийг эндээс уншаарай

Эх сурвалж: www.polit.mn
 
Э.БЭРЦЭЦЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: