Ч.Даваабаяр: Импортлогч орон байна гэдэг дархлаагүй өвчтөнтэй адил

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 04 сар 28 ・ 1

 

"ЗГМ" сонины "Хоймор"-т энэ удаа “МАСС агентлагийн ТУЗ-ийн дарга, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр уригдлаа.

-Танай төслийн талаар хүмүүс сайн мэддэг болжээ. Энэ хугацаанд хэдэн аймгаар явж, олон баялаг бүтээгчийг сурталчилсан уу?

-Өнгөрсөн хугацаанд бид Монгол Улсынхаа 21 аймаг, 20 гаруй сумаар явахдаа 18579 км замыг туулж, эх орныхоо эдийн засгийн тулгуур  болсон баялаг бүтээгчдээ дэмжлээ. Энэ хугацаанд ажилч хичээнгүй, хөдөлмөрч, баялаг бүтээгч иргэдтэй уулзаж ярилцан , тэдний үйл хэргийг олон нийтэд үнэ төлбөргүй сурталчилаад байна.

-Эдийн засаг хүнд байгаа энэ үед зөвхөн төрд найдах биш, хувийн хэвшлийн компани бие даан орон даяар “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл эхлүүлжээ. Үнэхээр монголчуудын хүсэн хүлээж байсан төслийн нэг гэж бодож байна?

-Баярлалаа. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг нэг сайхан үг бий. Эдийн засаг хүнд байгаа энэ үед төр засгаа муулаад суух бус, харин хямралыг боломж гэж харан сөрж гарах ёстой. Ингэхийн тулд дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ ажиллаж, нэг нэгнээ дэмжих учиртай. Гаднынхан монголчуудын төлөө, эдийн засгийг өөд нь татахын төлөө сэтгэлээ чилээхгүй. Тиймээс бид бие биенээ дэмжиж чадвал эх орны эдийн засаг хүчирхэгжинэ. Өнгөрсөн онд эдийн засаг хямарснаас аж ахуйн нэгж, байгууллагууд хаалгаа барьж, зарим нь хэдэн зуугаар нь ажилчдаа цомхотгосон. Энэ бол монголчуудын хувьд том гарз. Хүнээ халж, хаалгаа барьснаар эдийн засаг улам дордохоос сайжрахгүй.

Ийм үед яах ёстой вэ. Импортоор ихэнх бараа бүтээгдэхүүнээ авдаг манайхтай адил зах зээлтэй улс орныг судаллаа. Тэд яаж хүндрэлийг даван туулсан болохыг судалсан, жишээ ч олон байна. Тэдгээр орнууд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хөл дээрээ тогтсон байдаг юм. Тиймээс бид энэ ажлыг эхлүүлэх болсон. Бид Монголд үйл ажиллагаа явуулдаг ямар жижиг, дунд үйлдвэрлэгчид байна вэ гэдгийг судалж эхэлсэн. Үнэ төлбөргүй сурталчилах ажлаа эхлүүлэх, хамтарч ажиллах хүсэлтээ олон аж ахуйн нэгжид хүсэлт илгээж байлаа. Харамсалтай нь, энэ ажлыг ойлгон, санхүүгийн дэмжлэг үзүүлэх газар олдоогүй ч бид энэ ажлаа орхиогүй. Тиймээс “Масс” агентлаг өөрсдийн хүч бололцоо, нөөцөө шавхан “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхээр шийдсэн нь энэ. Өнөөдөр бид баялаг бүтээгчдийн эрхэлж байгаа ажил, явуулж байгаа үйлдвэрлэл, шинэ санаа, шилдэг технологийг олон нийтэд ETV, MASS телевиз, FM 99.7 радио, mass.mn сайт, Facebook хуудсанд 320 мянган дэмжигчтэй Mass official пэйж зэрэг сошиал мэдээллийн өргөн сүлжээгээр сурталчилан хүргэж байна.

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрөөрөө хувь нэмрээ оруулсаар байх болно. Мөн төр,баялаг бүтээгчид, олон нийт гурвыг холбож өгөх гүүр нь энэ төсөл болох юм.

-Та бүхний өрнүүлж байгаа энэ ажил олон нийтээс багагүй дэмжлэг авч байгаа нь харагдаж байгаа?

-Баялаг бүтээгчид маань талархалтай хандаж байгаа. Тэрчлэн олон нийт бидний өрнүүлж буй ажлыг маш сайн дэмжиж, мэддэг болсон. Цахим сүлжээ болох твиттер, фэйсбүүк гэх мэт олон нийтийн цахим сүлжээнд хандаж байгаа хэрэглэгчдийн сэтгэгдлээс бидний ажлын тодорхойлолтыг харж болно. Хэвлэл мэдээллийн байгууллагын нэг гол давуу тал бол олон нийтийн санаа бодолд нөлөөлж байгаа явдал юм. Харин бид үүнийг зөв зүйлд ашиглах ёстой. Монголчууд нэг санаатай хөдөлбөл баялаг бүтээгчдийн орлого нэмэгдэж, ажил нь урагштай байх болно.. Энэ их урам, дэмжлэгийг дагаад баялаг бүтээгчдийн маань бүтээгдэхүүний чанар сайжирна, үнэ хямдарна. Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлага монгол хүн бүрт бий болж. Энэхүү хандлагыг цааш дэлгэрүүлэхэд бид “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрөөрөө хувь нэмрээ оруулсаар байх болно. Мөн төр,баялаг бүтээгчид, олон нийт гурвыг холбож өгөх гүүр нь энэ төсөл болох юм.

-Яагаад орон нутгаас энэ ажил эхэлсэн юм бэ?

-Ажлаа эхлүүлсэн даруй орон нутгаас их хүсэлт ирсэн юм. Интернэт буюу цахим сүлжээгээр төслийн ажил өргөн хүрээг хамарч эхэлсэн. Баялаг бүтээгчдийн зургийг нь фэйсбүүкээр гаргаад эхлэнгүүт тухайн нутгийн хүмүүс сэтгэгдэл бичиж, лайк, шэйр хийснээр улам өргөжсөн. Ингээд нутаг нутгаас жижиг дунд үйлдвэрлэлээ бусдад таниулах санал олноороо ирсэн юм..

-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хэрэгжээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Энэ төсөл хэрэгжсэнээс хойш ямар ахиц дэвшил гараад байна вэ?

- Жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчид маань зах зээл дээр өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг сурталчилах боломж хомс байдаг. Тиймээс бид өөрсдийн хийж чадах зүйл болох сурталчилгааг нэг  удаа бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчилахаар болсон. Ингээд сурталчилгааг олон нийтэд хүргэхэд олон нийтийн сүлжээг түлхүү ашигласан. Үүгээрээ зөвхөн Монголд гэлтгүй гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд мэдээллийг нэгэн зэрэг авч байгаагаараа давуу юм. 

Солонгост 18 жил ажиллаад ирсэн нэгэн гэр бүл Төв аймагт амьдарч байна. Тэд хурааж хуримтлуулсан мөнгөө байр машинд бус баялаг бүтээхэд шууд зориулсан. Одоо улсдаа цорын ганц даавууны бэлдэцийн үйлдвэр болж өргөжин тэлжээ.

Бонн ХХК даавууны бэлдэцийн үйлдвэр 

Говьсүмбэр аймгийн Чойр хотод үйл ажиллагаа явуулж буй ”Мөнх Авзага хайрхан” компани загвар, хийц сайтай цэвэр модон эдлэл хийж байгааг ойролцоох аймаг болон нийслэлд байгаа хүмүүс яаж мэдэх билээ.

 "Мөнх Авзага Хайрхан " ХХК нь цэвэр модон ширээ, сандал үйлдвэрлэдэг

Хэнтий аймгийн Батноров сумын уран дархан хаана ч байхгүй ур хийцээр, ухаанаа шингээсэн сайхан зүйл хийж буйг, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод “Өвлөх урлаг” компанийнхан цэвэр арьсан эмээл, гөлөм үйлдвэрлэж, үхрийнхээ сүүг ашиглан молоко хийж байгааг нутгийнхан нь л мэдэхээс хэтрэхгүй байж. Төсөл хэрэгжсэнээр мэдээлэл нь ил тод болж тухайн баялаг бүтээгчдийн борлуулалт сайжирч эхэлснийг иргэд талархан “Бидний гүүр болж чадлаа” хэмээн хэлж байна. Мэдээлэл, зар сурталчилгаа ус, агаар мэт хэрэгтэй байсныг төслийн үйл явц харуулсаар байна.

Батноров хийцийн эмээл , хазаар 

Үхрийн сүүн молоко Өвөрхангай Тарагт сум

Өвөрхангай аймаг "Өвлөх урлаг цех " эмээлийн  гөлөм үйлдвэрлэл

Түүнээс гадна энэхүү төслийн явцад гадаадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамдууд бидэнтэй холбогдсон. “Монгол хүн харь улсад баялаг бүтээж байгаа тухай” баяртай мэдээг дуулгаж нэвтрүүлэг хийх хүсэлтийг бидэнд илгээсэн. Үүгээр хилийн цаана Монгол хүн ямар баялаг бүтээж байгааг харж болно.

-Жижиг дунд үйлдвэрлэгчдийг нийлж ажиллавал ямар вэ гэсэн санал гаргаж байсан. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Саяхан Улаанбаатарын хөрөнгө оруулалтын чуулган болсон. Энэ чуулганд том компаниудаасаа хөрөнгө босгон хотоо хөгжүүлье гэсэн санаачилгыг гаргаад байна. Гэтэл үүний цаана 21 аймаг 365 суманд үйл ажиллагаа явуулж байгаа 50600 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчид байна. Тухайлбал нэг аймагт 1000-1800 хүртэл жижиг дунд үйлдвэрлэгчид ажиллаж байна гэсэн судалгаа бий. Эдгээр жижиг дунд үйлдвэрлэгчдийг бид нар дэмжиж ажиллаад эхлэхээр УИХ-ын Жижиг дунд үйлдвэрлэгчдийн дэд хороо анхаарч тэдэнтэй уулзан, санал бодлыг нь хуваалцан үйл ажиллагаандаа тэдний саналыг тусгаж байна. Үнэндээ эдийн засгийн хямрал хөдөө орон нутагт нөлөөлөөд гавьсангүй. Тэнд доллараар худалдаа хийх биш. Эерэг талаас харах юм бол энэ нь үндэсний үйлдвэрлэлийн хөгжих боломжийг олгож байгаа юм.

-Сүүлийн үед эдийн засгаа солонгоруулах талаар их ярих болсон. Таны бодлоор аль нь оновчтой санал бол?

- Бодит нөхцөл байдлаа харахад эдийн засгийн солонгорсон хувилбар бидэнд хэрэгтэй байна. Аливаа улс орны эдийн засаг зөвхөн ашигт малтмалаас хамаардаг байж болохгүй гэдгийг бид мэдэрлээ. Хөрөнгө оруулалтын график 2011 оноос 2012 оны эхний хагас хүртэл 500 орчим сая ам.доллар байснаа өсч 4.5 тэрбум ам.доллар болсон. Гэнэт ийм их өссөн нь бидэнд эерэг бус сөрөг үр дагавар авчирсан.Халамжийн бодлого хавтгайрч, ажилгүйдэл өсч, төсвийн зарцуулалт хэд дахин нэмэгдэн, эдийн засаг эмх замбараагүй байдалд шилжсэн. Хэрвээ Монгол Улс солонгорсон эдийн засагтай байсан бол уул уурхайгаас орж ирсэн их мөнгөнд хөл алдаж, тэр салбараа шүтэн биширч, хэзээ ч дэлхийн зах зээлд нь үнэ нь унахгүй мэт бодлого барихгүй л байсан. Гэнэт нүүрс, алт, зэсний үнэ унаад ирэхээр эдийн засаг хэрхэн доголдож буйг монгол хүн бүр мэдэрч байна.

-Танайх төслөөс гадна “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулсан гэсэн үү?

-Тиймээ.“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулагдсанаа Төрийн ордонд болсон Жижиг дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулганы үеэр зарласан. Холбоо байгуулагдаад удаагүй байгаа ч 300 гаруй гишүүнтэй болсон. Манай холбоо солонгорч чадах нь харагдаж байна. Учир нь бүх салбарын төлөөлөл тодруулбал оёдол, арьс шир, хүнс, хөдөө аж ахуй гээд олон салбарынхан гишүүнээр элссэн. Холбоонд бүх салбарынхан нэгдэж эрх ашгаа хамгаалж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх, үйл ажиллагаа, үйлдвэрлэлээ солонгоруулан хөгжүүлье гэсэн саналтай хүмүүс олон байна. Ямар нэг эдийн засгийн хямралаас ангид, ам.доллараас хамааралгүй ажиллая гэсэн баялаг бүтээгчид нэгдсэн. Ажилтай, орлоготой монгол хүн хийж бүтээхийг эрхэм болгон, шинэ санаачилга, идэвх зүтгэлээр дүүрэн байна гэдэгт эргэлзэх зүйл алга.

Хэрвээ энэ нь ЖДҮ эрхлэгч биш  800 мянган ажилчинтай компани байсан бол олон түмний анхааралд яаж өртөж байх болоо.

-Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн баялаг бүтээгчдийн борлуулалтад нөлөөлдөг. Үүнийг хэрхэн шийдэх боломжтой гэж та хардаг вэ?

-Импортлогч орон байна гэдэг дархлаагүй өвчтөнтэй адил зүйл юм. Сүүлийн жилүүдэд 1350 байсан долларын ханш 2000 руу дөхлөө цаашид ч чангарах хандлагатай байна. Энэ нь нэг талын хүндрэл дагуулж байгаа ч нөгөө талаас импортын бүтээгдэхүүнийг чөдөрлөж эх орны бүтээгдэхүүнийг чөмөгжүүлэх нөхцөл бүрддэг. Манайхан өөрсдөө импортолж буй бараа бүтээгдэхүүнтэй чанарын хувьд ялгарахгүй болтлоо сайжирч байж импортын бараа багасч дотоодын үйлдвэрлэл ихсэх юм. Цаашлаад экспортлох дэлхийн зах зээлд гарах ёстой. Зөвхөн Монголын зах зээлд худалдаалах гэж үйлдвэрлэл явуулж байгаа нь  хангалтгүй юм. Бид нэг үеэ бодвол импортын бараа зарахаас урьтаж эх орондоо хийж бүтээхийг эрмэлздэг болсон нь сайшаалтай.

 -Худалдаа аж үйлдвэрийн танхим хэр дэмжиж байгаа вэ?

-Бид хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь ЖДҮ-ийг бойжуулах , гарааны бизнесийг /start up/ дэмжих зорилготой юм. Уг нь  гуравхан сая хүнийг аятайхан амьдруулахад хэцүү биш. Монголчуудад боломж хангалттай бий. Бодлогын дэмжлэг л дутаад байна. Иргэдээ амьжиргаатай, амар амгалан, элбэг хангалуун  амьдралтай болгочихвол төр засагт ч амар болноо доо.

-Ганцаараа зүтгэхээс илүү “Кластерийн систем”-рүү орохыг уриалаад байгаа. Энэ хэр оновчтой шийдэл бол?

- Кластерийн систем нь олон улсад шалгарсан туршлага. Монголд үүнийг нэвтрүүлэхгүй бол болохгүй. Жишээ нь би цамцны үйлдвэртэй байлаа гэж бодоход надад товч үйлдвэрлэгч, нүх гаргагч , даавууны бэлдэц үйлдвэрлэгч, оёдлын утсыг үйлдвэрлэн нийлүүлдэг туслан гүйцэтгэгчид байх хэрэгтэй. Бүгдийг нэг дор хийнэ гэж зүтгэлгүй нэгэн  зэрэг хөгжих ёстой .  Ингэснээр ажлын байр болон улсын төсвийн орлогын бүрдүүлэлт нэмэгдэнэ. Бас нэг жишээ дурдая. 10 өрх нийлэн 200-аад үнээтэй сүү, сүүн бүтээгдэхүүнийг томоохон хүнсний үйлдвэрт нийлүүлдэг байсан бол хүнсний үйлдвэр өөрөө 200 үнээ оруулж ирснээр том нь жижиг дундыгаа  зах зээлээс  шахах нь элбэг байна. Үүнд ухаалаг төрийн бодлогын зохицуулалт хэрэгтэй байна. Мөн импортлогч нарын эсрэг  дотоодын зах зээлээ хамгаалсан эрхзүйн орчин алга байна. Эдийн засаг нь хүчирхэг улс орны туршлагыг харахад дотоод зах зээлээ хамгаалсан эрхзүйн орчин сайтай, татварын бодлогоор дэмждэг нь харагдсан.  Өрхийн бизнес, бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид 50000 гаруй аж ахуй нэгж, цаашлаад 800 гаруй мянган хүн энэ талбарт ажиллаж байна. Хэрвээ энэ нь ЖДҮ эрхлэгч биш  800 мянган ажилчинтай орон даяар салбартай үйлдвэрлэгч байсан бол олон түмний анхааралд яаж өртөж байх болоо. Эрдэнэт, Оюу толгойг анхаарч буйтай адил том асуудал босно. Улсын хэмжээнд харахад  800 мянган хүнтэй ЖДҮЭ гэдэг ХК Монголд ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ салбарыг орхиж, анхаарахгүй дэмжихгүй байж болохгүй юм.

Жижиг дунд үйлдвэрлэгчид маань  маш олон татвар, хураамжийг улсад төлж өөрсдөө хуримтлал бий болгож чадахгүй байна

Дэлхийд 120 сая жижиг дунд үйлдвэрлэгчид ажилладаг. Манай хойд хөрш ОХУ-д гэхэд таван сая байна. Гэтэл Монголд 50 мянга л байгаа юм. Мөн манай урд хөрш БНХАУ-ын хүн амын 95 хувь нь жижиг дунд үйлдвэрт ажилладаг бөгөөд жил болгон төрөөс бодлогоор арван сая хүнийг ажлын байртай болгоно гээд дөнгөж төгссөн оюутнуудыг шууд жижиг дунд үйлдвэр лүү явуулдаг. Тиймээс нэгдсэн том үйлдвэрийг төр засаг нь дэмжиж, хүний нөөцийн бодлогыг нь хүртэл тогтоож өгөх ёстой. Жижиг дунд үйлдвэрлэгчид маань  маш олон татвар, хураамжийг улсад төлж өөрсдөө хуримтлал үүсгэж чадахгүй байна.

-Та бүхэн дэлхийн бусад орон үндэснийхээ үйлдвэрлэлийг хэрхэн дэмжиж ажиллаж буй талаар сонирхсон байх. Авууштай, хэрэгжүүлж болох бодлого цөөнгүй л байдаг байх?

-Үнэхээр хэрэгжүүлж болох олон арга, туршлага байдаг юм байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд эдийн засгаа сэргээж, хөл дээрээ тогтсон олон жишээ хэлж болно. Тухайлбал сүүлийн 15 жилийн турш Вьетнамын Засгийн газар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулж байгаа нь эдийн засгийн хөгжилд нь хувь нэмрээ өгчээ. Энэ нь электрон бараа, мотоциклийн үйлдвэрлэлд илүү амжилт олсон бөгөөд  дотоодын мотоциклийнхээ зах зээлийн 95 хувийг хангаж байгаа төдийгүй Японы үйлдвэрлэгчдэд жижиг эд анги нийлүүлдэг болжээ.

Манай орон жилийн дөрвөн улиралтай. Тиймээс улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсээ сурталчилах хэрэгтэй байгаа юм

АНУ-д жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэрүүдэд чөлөөтэй нэвтрүүлж, зохион байгуулалтын ажилд нь туслахаас гадна жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт төрийн захиалгыг 23 хувиас буулгахгүй байх зэргээр дэмждэг байх жишээтэй. Харин Сингапурт орлогын албан татвар гэж авдаггүй. Японы засгийн газар өндөр технологи хөгжүүлэх ажилд оролцож буй үйлдвэрлэл эрхлэгчдэд хөгжлийнх нь үе шат болгонд зээл авахад нь тусалж, хөнгөлөлт эдлүүлдэг байх юм. Түүнээс гадна тэдний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний зах зээлийн үнийг барьж чадсанаар  Засгийн газар үнийн өсөлтийг хянаж, инфляцийн эсрэг зогсож чаддаг.

-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” энэ төслийн үр дүн хэзээ мэдрэгдэх бол?

-Үр өгөөж нь мэдрэгдээд эхэлсэн гэж хэлж болно. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш аймгууд өөрсдөө “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлажээ. Ингэснээр төслийн маань үр дүн харагдаж байгаа юм. Төр засгийн бодлого шийдвэр гаргадаг хүмүүсийн, орон нутгийн удирдлагын анхаарлын төвд орсон нь харагдаж байна. Тиймээс бидний эхлүүлсэн ажлын үр дүн гарч, баялаг бүтээгчдийг маань анхаарч эхэлсэн гэсэн үг юм.  Манай төсөл гурван үе шаттай. Нэгдүгээр үе шат буюу орон нутгийн үе шат дууссан. Одоо нийслэл, олон улс гэсэн үе шат үлдээд байгаа. Нийслэлийн есөн дүүрэгт манай төсөл үргэлжилж байгаа. Энэ ажил таван сарын сүүлээр дуусна. Үүнийг дуусгаад эргээд орон нутаг руугаа орох болно. Учир нь манай орон жилийн дөрвөн улиралтай. Тиймээс улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсээ сурталчилах хэрэгтэй байгаа юм. Тэр дундаа цагаан идээ, жимс ногоо, хөдөө аж ахуйн чиглэлээр баялаг бүтээж буй иргэдээ сурталчилах юм. Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголын баялаг бүтээгчдийг сурталчилах ажлын санал ирсэн. Монголын баялаг бүтээгчид мянга мянгаар нэмэгдэж , made in mongolia шошготой дэлхийд танигдсан олон олон шинэ брэнд  бий болох болтугай . 

-Та бүхний ажилд улам их амжилт хүсье.

Ярилцсан сэтгүүлч Г.Оюунтөгc

Эх сурвалж: www.mass.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: