Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 04 сар 30
・ 9
Нийслэлийн удирдлагын зөвлөл төгсөлтийн баярын талаар хэлэлцэж, цэцэрлэг болон бага ангийн сурагчдыг төгсөлтийн баяр хийхийг хориглосон шийдвэр гаргасан. Сүүлийн хэдэн жил гарч байгаагүй зөв шийдвэр байлаа, энэ. Олон ч эцэг, эх албан ёсны ийм шийдвэр гарсанд баяртай байгаа байх. Уг нь цэцэрлэг, бага ангийнхныг төгсөлтийн баяр хий гэсэн албан ёсны шийдвэр өмнө нь гараагүй шүү дээ. Зүгээр л манай багш нар мөнгө хураах аятайхан арга хайсны эцэст олж харсан гарц нь төгсөлтийн баяр байж. Зургийн цомог хийлгэхээс авахуулаад багшдаа бэлэг сэлт авч өгнө гээд багагүй мөнгө зарцуулах хэрэг гардаг.
Тэр дундаас багш нар тодорхой хэмжээнд хэдэн төгрөг нааш, цааш нь болгодог нь худлаа биш. Ингэлээ гээд багш нарыг мууллаа гэж битгий бодоорой. Угаасаа л янз бүрээр мөнгө хураагаад, хариуд нь бэлэн тайлбар хэлээд, зовлон тоочоод сууж байдаг нь үнэнээс цааш. Ер нь цэцэрлэгийн хүүхэд төгсөлтийн баяр хийж, зургийн цомог хийлгэж яах юм бэ. Хэнд хэрэгтэй юм. Ямар хуучных шиг зургийн цомог гэж ганц нэг зураг авахуулахгүй бол том болсон хойноо дурсах юмгүй болно гэх биш. Ухаалаг утас гарч ирж, эцэг, эхчүүд хүүхдийнхээ зургийг төрснөөс авахуулаад бараг өдөр бүр авч байгаа. Ийм байхад зургаар дутна гэх биш. Тэгээд цэцэрлэгт хамт нэг ангид сурч байсан хүүхдүүд бие биенийгээ дурсаад, дараа нь уулзаад байна гэж байх уу.
Тэрэн шиг үлгэр байхгүй. Ямар 5, 6, 10 жил нэг ангид суралцаад, учир мэдэх насандаа нэг ширээнд суусан хүүхдүүд биш. Зургийн цомог шиг хэрэггүй юм алга. Үнэхээр л тэгж их зураг авахуулахыг хүсээд байдаг юм бол бөөнөөрөө аятайхан зогсч байгаад, нэг зураг авахуулаад, томхон шиг угаалгаад авчихна биз дээ. А4-ийн хэмжээтэй зургийг 3500 төгрөгөөр л угааж байхад. Тэгэхэд чинь 20, 30 мянган төгрөг хураагаад, хоёрхон хуудастай зургийн цомог маягийн юм хийгээд байж яах юм. Нэг ангид дандаа мөнгөө үрж ядсан айлын хүүхэд сурдаггүй нь тодорхой. Боломж багатай ч айлын хүүхэд байж л байгаа. Гэтэл багш нар зарим нэг боломжтой, мөнгө төгрөгтэй эцэг, эхчүүдтэй нийлээд, тэд нар нь асуудлыг дэвэргээд, бусдыгаа хөлдөө чирээд байдаг. Энэ асуудлаас болоод хэдэн айл аргаа барж, хүүхдээ бусдаас дутаачихгүйн төлөө мөнгө хайж гүйж байгааг хэн мэдэх билээ.
Тийм болохоор нийслэлийн удирдлагуудад дахин дахин талархмаар байна.
Энд зөвхөн цэцэрлэгийн асуудлыг хөндлөө гэж битгий бодоорой. Бага сургуулийн асуудал ч ялгаа байхгүй. Яг цэцэрлэгтэй л адил. Тэртээ тэргүй 10, 12 дугаар анги төгсөхөөрөө баяр хийнэ. Зургийн цомгоо авахуулна. Тэр болтол наана нь жижиг жижиг юм хийж яах вэ дээ. Нөгөө талаар дарга нар ийм шийдвэр гаргачихсан байсан ч гэсэн сургуулийн захиргаа, багш нар тоодоггүй, нууцаар мөнгө хураагаад, төгсөлтийн баяр хийдэг. Одоо ч аягүй бол хийнэ. Тийм болохоор маш сайн хяналт тавьж, албан ёсны шийдвэрийг дагаж мөрдөөгүй хүмүүст хариуцлага тооцох ёстой. Өнөөдөр сургуулийн багш, хичээлийн эрхлэгч нь эцэг, эхчүүдэд хандаж, цаашаа элдэв хүмүүст хэлэхгүй байгаарай. Бүгдээрээ энэ хавиараа тохиролцоод, хэдэн төгрөг хураачихъя. Гэх мэтээр ярьж, мөнгө татдаг байдал их бий. Тиймээс нэгэнт гаргасан шийдвэрийнхээ араас хяналтаа сайн тавиад, төгсөлийн баяр хийдэг асуудлыг ор мөргүй алга болгох хэрэгтэй байна.
Н.Пунцагболд
Эх сурвалж: http://www.mminfo.mn/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.