Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 04
・ 5

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны 10 тэрбумын хэргээр арван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлээд гарч ирсэн "Глоб" группын ерөнхийлөгч асан Ж.Мэндбаяр өнөөдөр Зууны мэдээ сонины байранд мэдээлэл хийлээ. Түүнийг бусдаас хадгаламж авах, бусдад орон сууц барьж өгөх, бонд худалдах нэрийдлээр залилан хийсэн зэрэг хэрэгт буруутгагдан аавын хаалга татаж байсан гэдгийг иргэд сайн мэднэ.
Тэгвэл, “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршоо, “Хохирогчдын холбоо”-ноос хийсэн энэ хурлын үеэр Ж.Мэндбаяр “Миний хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа 25 дахин багаар үнэлсэн. Ганданд байрлах дөрвөн давхар барилгыг минь ердөө ганцхан давхараар нь буюу 274 м2-аар үнэлсэн.
Мөн "Глоб кредит" ХЗХ-ны байр буюу одоогийн "Мөнгөн гүүр" эмнэлгийн барилгыг анх хурааж авахдаа 4 тэрбум 420 сая төгрөгөөр үнэлээд байсан ч гурван жил цоожилж хаясныхаа эцэст ердөө тэрбум 572 сая төгрөгөөр зарсан. Миний нэр дээр данстай 20 газар байсны хоёрхоныг зарсан хэрнээ үлдсэн нь тодорхойгүй алга болсон. Үүнийхээ учрыг олно. Миний өмч хөрөнгө учраас хаалгыг нь өшиглөөд орно. Битгий асуудал үүсгээрэй" хэмээн мэдэгдлээ.
Түүний хувьд ХЗХ-дын хөрөнгөнд шунасан нөхдүүд мөрдөн байцаах, шүүх, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх албанаас гурван ч удаа нугалаа оруулсон, шамшигдуулсан гэж үзэж байгаагаа нуусангүй. Мөн хоригдох хугацаандаа төлөвлөсөн ажлуудаа эхнээс нь хэрэгжүүлнэ. Нэгэнт ялаа эдэлчихсэн учраас төрөөс хөрөнгөө эргүүлэн нэхэмжилж, ямар ч байсан 1233 хохирогч гэж нэрлэгдээд байгаа хүмүүсийнхээ хохирлыг барагдуулна, шинэчилсэн бүртгэл явуулна гэдгээ мэдэгдсэн юм.

"Глоб Кредит" ХЗХ-ны хохирогч И.Очирсүрэн: Миний хувьд энэ хоршоонд 40 гаруй сая төгрөг хадгалуулсан байсан. Түүний талыг төрөөс барагдуулж өгсөн. Гэвч үлдсэн мөнгөө барагдуулж чадалгүй өнөөг хүрсэн. Миний хань ижил энэ явдлаас болоод өвчтэй болсон, хэцүү байна.
Төр зарим иргэдийнхээ хохирлын тавин хувийг гаргаж өгчихөөд үлдсэнийг нь ХЗХ-дын хөрөнгийг зарж барагдуулна гэсэн, өгч чаддаггүй. Гэтэл одоо бүр долоохон хувийг нь өгнө өө гэсэн юм гаргачихаад байдаг. Сүүлдээ төр чинь мөнгийг нь авчихаад иргэдээрээ тоглодог болж байна шүү дээ.
Өнгөрсөн хугацаанд ХЗХ-ны хэчнээн хохирогч өрөө барагдуулж чадсан бэ?
"Хохирогчдын холбоо"-ны тэргүүн Х.Оюунцэцэг: Одоо хууль зүйн яам дээр өдөртөө л 200 гаруй хүн очиж байгаа. Гэхдээ хууль батлагдсанаас хойш 2000-аад хүн л мөнгөө авч чадсан. Тэр хоёр мянга гаруй хүн тэрбум гаруй төгрөг авсан. Саяын дотор хохиролтой хүн, тэгээд өргөдлийн шугамаар 30 хүн, яг тэмцэж жагсаж явсман 50 хүн хохирлоо барагдуулсан, нөгөө 26 хоршооноос шүү. Энэ дотор Глоб, Бүтээн байгуулалт гээд янз бүрийн хоршоо байгаа.
Энийг төр өөрөө зохион байгуулалттайгаар хөрөнгөтэй хоршоо, хөрөнгөгүй хоршоо ялгахгүйгээр бүгдийг нь хоморголон баривчилж, хөрөнгийг нь хурааж аваад, дээр нь хоршоодын эздйиг бүгдийг нь шоронд хийсэн. Бизнесменүүдээ хүчээр 10 жил шоронд хориод, ардуур нь хөрөнгийг нь хураана, тэгээд хадгаламж зээлийн хоршооны өчнөөн олон хадгаламж эзэмшигч хохироолоо.
Тэгэхэд өнөөдөр дампуурлын хуулийг ашигласан нэг ч хоршоо байхгүй. Энэнээс чинь болоод тухайн үед гэр бүлийн хүчирхийлэл, амиа хорлолт, дээр нь хоршоодын эзэн Санхүүгийн зохицуулах хорооны даргыг алаад өөрөө хүртэл амиа хорлоод, бүр аймшигтай дайн болсон гэхэд болно.
Энэ болгоноос үүдээд өнөөдөр орон гэргүй болсон, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс, дээр нь өр зээлэнд ороод амиа хорлочихсон улсууд гэхэд л 500 давчихсан байна.
Гэтэл тэдгээр хүмүүсийн мөнгөний эх үүсвэрийг нь үзэхээр дандаа Солонгост ажиллаж байсан үр хүүхдийнхээ мөнгө, эхнэр нөхрийнхөө мөнгийг хийчихсэн байгаа юм. Ерөөсөө ийм хуулийг УИХ өөрөө 2004 онд гаргаж ирээд ХЗХ-ыг дамдууруулсан. Тэрнээс өмнө зургаан ч банк дампууруулаад хаячихсан, нэгдүгээрт.
Хоёрдугаарт, битүүмжилсэн хөрөнгийг шүүхийн шийдвэр дээр идэж уусан. Энэ идэж уусан асуудал нь ерөөсөө Шүүхийн шийдвэрийнхэн өөрсдөө дуудлага худдалдааны журмаа зөрчсөнтөй холбоотой. Угтаа дуудлага худалдааны журмаар бол хоёр удаа дуудлага худалдаа зохион байгуулаад гурав дахь удаад төрд санал болгоод, төр аваагүй тохиолдолд хохирогчдод хувь тэнжүүлэх ёстой байтал Глобын хөрөнгийг найман ч удаа дуудаж, эцэст нь маш хямдаар зараад хоорондоо ченжүүд шиг юм үүсчихэж байгаа байхгүй юу.
Хотын төвийн 2500м2-ийг 70 сая, 30 саяар зарна гэдэг чинь утгаа алдчихаж байгаа биз дээ. Дээр нь гэр хорооллын 10 га газар Амгаланд байсан. Тэрийг Төрийн сан руу шилжүүлсэн нэрийн дор маш хямдаар зарсан. Хэрвээ энэ хөрөнгийг дуудлага худалдаагаар хүчингүй болгоод бид нар авсан бол хоёр, гурав нугалах хэмжээний хөрөнгө байсан.
Хохирогчид нийлж байгаад тухайн ХЗХ-ныхоо газар дээр барилга бариад хохирлоо барагдуулж байсан туршлага байсан. Ийм боломж нөхцөл та нарт олдож байв уу?
Асар их хөрөнгө байгаа шүү дээ. Үүнийг чинь буцааж авъя гэж бүр анхнаасаа ярьсан. Нэг хөрөнгөн дээр нь л гэхэд багц үүсээд бөөнөөрөө хувьцаат компани болоод авъя гээд хэлээд, тэмцээнд ядчихсан. Ерөөсөө бидний бүх саналуудыг үгүйсгэж байсан.
Ярилцсанд баярлалаа.
Б.Хишигдэлгэр
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.