Албан тушаалтнуудаа л шийтгээрэй дээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 05

 

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байр сүржигнүүлсэн хүнд нурах дээрээ тулчихаад байгаа. Гол буруутан нь барилга барих гэж байсан компани.Тэртэй тэргүй хүмүүс ямар компани, юу хийсэн, яагаад ийм байдалд хүрчихэв гэдгийг мэдэж байгаа. Тийм болохоор энд дахин дахин нуршаад яах вэ.

Харин Улаанбаатар хотын удирдлагууд хуралдаад 16 дугаар байр нурах дээрээ тулсан асуудалд буруутай хүмүүст хариуцлага тооцохоор болоод байгаа. Юуны өмнө барилга барихаар улайрч, 16 дугаар байрны иргэдэд ямар хохирол учирч болохыг ч анзааралгүй, эсвэл тоолгүй зүтгэсэн барилгын компанид хариуцлага тооцох учиртай.

Янз бүрээр хариуцлага тооцохоор болоод, захирамжууд гараад явж байгаа. Хамгийн түрүүнд газар эзэмших тусгай зөвшөөрлийг нь цуцлах байх. Дээрээс нь 16 дугаар байрны иргэдийг зочид буудалд байрлуулсны мөнгө төгрөгийг ч гаргуулах нь мэдээж. Цаашлаад олон арга хэмжээг авах биз. Энэ бол зөв зүйл.

Өнөөдөр аль ч барилгын компани албан тушаалтнуудыг хахуульдаж байгаад хамаагүй алга дарам газар олоод, барилга барих гэж дайрдаг болсон.  Тэдэнд эргэн тойрныхоо байшин барилгад аюул учруулах, оршин суугчдын тав тухыг алдагдуулах, нарны гэрлийг нь хаах энэ тэр хамаагүй байдаг.  Нэгэнт л зөвшөөрлөө авчихсан юм чинь гээд муйхраар дайраад байгаа юм. Тийм нөхдүүдэд энэ үйл явдал багахан ч болов сануулга боллоо. 

Мөн нийслэлээс хариуцлага тооцож байгаа нь ч гэсэн олон компанийн захирлуудад ганц болтугай зүйл бодогдуулсан байх. Түүнээс гадна барилгын компанид газрын зөвшөөрөл олгосон. Цаашлаад барилга барих зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг гаргаж ирж байгаа.  Холбогдох байгууллагуудад нь энэ саналаа нийслэлээс хүргэж байгаа юм билээ.

Мэдээж газрын зөвшөөрлийг бол өмнөх Засаг дарга нарын үед өгсөн юм билээ.  Хоёр ч хүний нэр яваад байгаа. За тэгээд тэр хоёрын үед байсан газрын албаны нөхдүүд гээд албан тушаалтнууд байгаа байж таарна. Тэр нөхдүүдтэй хариуцлага тооцох асуудал мэр сэр гарч ирээд байгаа. Дээрээс нь барилга барих зөвшөөрөл өгсөн яамны нөхдүүд бий. Бас л өмнөх сайдын үед болсон явдал гэж байгаа.

Тэр үед ажиллаж байсан нөхдүүдэд хариуцлага тооцох саналыг яам руу явуулсан юм билээ. Гол нь яаж хариуцлага тооцох юм, бүү мэд. Тэгээд ч яг тэр албан тушаалтнуудад хариуцлага тооцож чадах нь уу. Барилгын компанийг ч яах вэ, газар эзэмших тусгай зөв­шөөрлийг цуцлахаас авахуулаад яаж ч “элэгдэж” болно. Харин ал­бан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал зүгээр л өн­гөцхөн, шоу маягтай болоод өнгөрөх вий дээ.

Ганц нэг мэргэжилтэн энэ тэрийг торгоод, бамбай хий­гээд явчихвал дэмий л дээ. Тэгсэн дор бол зүгээр л барил­гын ком­паниа оролдоод өнгөрсөн нь дээр. Уг нь албан тушаалт­нууд­даа хариуцлага тооцно гэдгээ дөмөгхөн хийчихвэл зүгээр байгаа юм. Бид хэдий болтол эмх замбараагүй, албан тушаалтнууд хаан аятай явах юм бэ. Угтаа бол барилгын компанид тэнд байгаа жаахан зайд газар өгсөн даргын л буруу шүү дээ. Нэгэнт газрынхаа зөвшөөрлийг авчихсан компанид барилга ба­рих зөвшөөрөл өгөх бол нэг их асуудал биш.

Тэгэхээр газрын най­маагаа л болиулчих хэрэгтэй байна. Одоо хариуцлага тоо­цохдоо ч гэсэн газрын зөвшөөрөл өгсөн хүнтэй л хатуухан ярих хэрэгтэй байгаа юм.  Дээрээс нь цаашид энэ мэт зүйлийг илүү их анхаармаар байна. Тэгэхгүй бол нэг барилга барих гэж нө­гөөг нь нураах шахсан ийм тохиолдлууд цаашид ч гарахгүй гэх газар байхгүй.

 

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх