Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 05
・ 1

Засгаас амлаад буй орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудал хүлээлттэй байна. Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 10 хувийг иргэд өөрсдөө гаргаж, 20 хувийг төрөөс дэмжин олгох асуудал анх яригдсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө.
Гэвч эл асуудал өнөөг болтол чимээгүй л байна. Мэдээж, шийдвэрлэж, хэлэлцэх зүйлүүд энд байгаа л байх. Гэхдээ л нийслэл хийгээд орон нутгийн иргэдийн дунд хүлээлт ихтэй байна. Учир нь Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа юм. Энэ талаар албаныхан хэлэхдээ “Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулж, төрөөс баталгаа гаргах, ам.метрийн хэмжээг нэмэгдүүлэх гээд бүх чиглэлд, олон талаас нь судалж, боломжтой хувилбарыг олохоор судалгааны ажил үргэлжилж байна” гэх хариултыг л өгч байгаа.
Тэгэхээр одоогоор Ипотекийн зээлийн журмаа шинэчилж боловсруулахаар ажиллаж байна гэсэн үг. Хэрэв орон сууцны урьдчилгаа төлбөр албан ёсоор 10 хувь болчих юм бол үлдсэн 20 хувийг төрөөс баталгаа гаргаж зээлд хамруулна. Өөрөөр хэлбэл иргэд 30 биш 10 хувийн урьдчилгаа төлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно. Гэхдээ нөгөө талд зарчмын асуудал бий.
Арилжааны банкнууд дээр ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөр хэвээрээ байна. Зээлийн 30 хувийн урьдчилгааг төр иргэн гэсэн хоёр этгээд хувааж аваад төлөх тухай яригдаж байгаа юм. Иргэн худалдаж авах гэж байгаа байрныхаа нийт өртгийн 10 хувийг банканд төлж, төр 20 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг арилжааны банкнуудад хуваарилна. Хэрвээ төр 20 хувь дээр нь баталгаа гаргахгүй иргэд 10 хувийн төлбөрөө төлнө гэвэл арилжааны банкнууд эрсдэлд орох аюултай аж.
Тиймээс эцсийн дүндээ банкнууд ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөр авах нь хэвээр байх юм. Харин ч 20 хувь дээр нь төрөөс баталгаа гаргах нь эх үүсвэрийн хувьд банкнуудад ашигтай хувилбар юм. Яагаад гэхээр банкнуудын хувьд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь бүтнээрээ орж байна гэсэн үг шүү дээ. Мөн орон сууцны ам.метрийн хязгаарыг 150 хүртэл болгох асуудал ч яригдаж байгаа юм. 2015 онд 30 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орно гэсэн тооцоо бий.
Тиймээс барилгын компаниудад нийлүүлэлт тал дээр нь дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас иргэдийнхээ орон сууцтай болох асуудлыг дэмжих үүднээс энэхүү ипотекийн зээлийн журмыг эргэн харахаар болсон юм. Тэгэхээр аль аль талаа дэмжсэн энэхүү орон сууцны урьдчилгаа төлбөр хэзээнээс хэрэгжих вэ гэдэг хүлээлттэй хэвээр байна.
Г.Мягмарсүх
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.