Хатан Туулаа харсаар байгаад мөхөөх үү?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 08 ・ 2
 
 
Чандмань усаа чандлан хайрлая
 

Улсын минь нийслэл Улаанбаатарыг ундаалан тэтгэгч Туул гол минуу. Ухаант өвөг дээдэс минь тандаа туулж барагдашгүй их усыг ерөөхдөө Туул гэдэг нэрийг хайрлав уу. Харин урсах усны тань усгал дүрийг бахдахдаа хатан гэж өргөмжилжээ. Хатан Туул таны харамгүй хайр хишгийн үрээр Улаанбаатарчууд бид ундаасахын зовлонг амсаагүй билээ.

Алдрай бяцхан байхаасаа эхийн сүүг амлахтай зэрэгцэн Туул голынхоо усаар угаалгаж бас ундаалсан юм. Гэвч ачийг бачаар гэгч яасан хатуу үнэн бэ. Энэ их ачийггагцхүү бачаар хариулах болсон Улаанбаатар хотын ухамсаргүй иргэдийг яалтай.

Цагийн сайханд бургасан шугуй гэгдэж байсан, усны нь ундарга болсон бургас модод хайр найргүй хядлагад өртөж түлшинд явахын зэрэгцээ тэр хавьд байшин барилга барьж, барилгын суурь тавих гэсэн хүмүүсийн санаатай үйлдлээр шатан үгүй болдог байна.

Угтаа усны хуулинд зааснаар Туул голын эргээс 200 метрийн зайд орших хэсгийг энгийн хамгаалалтын бүс, 50 метрээс дотогш хэсгийг онцгой хамгаалалтай бүс гэж тогтоосон байдаг. 200 метр болон 50 метрийн зайд ямар нэгэн барилга барих ёсгүй билээ. Гэтэл голын эрэг хавиар элдвийн байшингууд энэ тэндгүй ээлжлэн сүндэрлэж буйг та бид бэлхнээ мэднэ. Туулын эрэгт шахам барьсан тэдгээр барилгууд гол ус хатаж ширгэх үйл явцад ихээхэн нөлөөлж байгаа. Үүний цаана хэний эрх ашиг явагдаж, хэний ёс үйлчилж буйг бүү мэд. Уваагүй энэ үйлдлүүдэд улсын засаг захиргаа ултай арга хэмжээ авах нь байтугай ус балгацгаасан мэт загнах нь даанч дэндүү. Тэдний үнэн дуу хоолой, бодит өмгөөлөл хамгаалал тэнд байсан сан бол Туул гол минь өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан гэдэгтээ хэн ч маргахгүй биз ээ. 

Хамгийн гол нь энэ мэт гол ус, байгаль дэлхийгээ гэх энэрэх сэтгэл үгүй үйлийн цаадах ноцтой үр дагавар бол арвин баялаг устай ариун их гол минь аймшигтай бохир болж, хамаг загас нь хатаж үхэн, өөрөө амь тавьж буй явдал юм. Хэтрүүлсэн хэрэг биз гэж хэн хүнгүй хачирхах магад. Харин Туул голыг бохирдуулагч олон шалтгаан дундаас онцолж заримыгдурдахад ийм байна.
 

Туулыг бараадсан хэт төвлөрөл
 

704 км урттай 49616 ам.км  ус хурах талбайтай Туул гол нь Хэнтийн нурууны Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуураас эх авч, нийслэл Улаанбаатар хотын урдуур урсаж өнгөрөн Орхон голд цутгадаг. Хамрах хүрээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 3.2 хувийг л эзлэх боловч улсын хүн амын тэн хагас нь энэ сав газарт амьдарч, уснаас нь ундаалж байна.



Гэхдээ энэ бол тийм гайхаад байх зүйл биш юм. Дэлхийн бараг бүх хот аль нэг голын эрэг даган үүссэн байдаг. Харин тэдгээр хотын ард иргэд ахуй амьдрал болоод ирээдүйн үндэс болсон уг голоосоо үргэлж ундаалж, үеийн үедээ өвлүүлж байхын тулдгол усаа бохирдохоос ямагт сэргийлж, хайрлаж хамаалахын зэрэгцээ усны нөөцийг нь хадгалж байхын тулд далан барьж, голыг сэлбэх хиймэл усан санг хүртэл барьж байгуулдаг байна.

Харин манай улсын хувьд үүний яг эсрэгээр ажиллаж байгаа гэхэд хилсдэхгүй. Туул голыг бараадсанхүн амын төвлөрөл тэлэхийн хэрээрхүнээс үзүүлж буй дарамт шахалт өдрөөс өдөрт нэмэгдэж, гол усаа үндсээр нь бохирдуулж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Ялангуяа Туул гол нийслэл хот орчмоос эхлэн урсгалынхаа дагуу хүний үйл ажиллагаа болон технологийн нөлөөлөлд өртөж, найрлага шинж чанар нь өөрчлөгдөх болсон юм.

Үүнийг батлах мэт нэг хот болоод 5 аймгийн 37 сумыг дамжин урсах Туул голыг 2014 онд ДЭМБ-аас дэлхийн хамгийн их бохирдолтой голуудын тавдугаарт бүртгэсэн юм. Мөн зүүн хойд Азийн орнуудын гол, мөрөнд хийсэн шинжилгээгээр бохирдлын түвшингээр нэгдүгээрт Хятадын Шар мөрөн орсон байдаг бол хоёрдугаарт Туул гол оржээ.

Энэ бол гуравхан сая хүн амтай хэр нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн 230 орноос 18-т жагсдаг манай улсын хувьд байж болшгүй асуудал мэт. Тэгвэл уг байж болшгүй уг асуудал яагаад байгаа болохыг, байх байхдаа бодитоор оршин буйг уншигч авхай танд хүргэе.
 

Ачааллаа дийлэхээ больсон ТЦБ
 

Туул голын усны чанар нийслэл хот орчмоос эхлэн найрлага, шинж чанар нь өөрчлөгдөн бохирдож байдгийг дээр өгүүлсэн билээ. Тэгвэл үүний гол шалтгаан нь хотын хэрэглээнээс гарсан бохир усыг хүлээн авч цэвэршүүлэн байгальд нийлүүлэх үүрэгтэй ТЦБ-аас гарч буй хаягдал ус юм. Туул голын бохирдлын гол эх үүсвэр болсон уг бохир ус нь жилийн турш Туул голд цутгадаг тул голын энэ хэсгийн бохирдол нь экологи төдийгүй хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрчээ.

Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын ТЦБ-аас гарсан бохир ус Туул голд цутгаснаас дооших хэсгийн усны үзүүлэлт маш бохирдолтой байгааг тогтоожээ. Түүгээр зогсохгүй ТЦБ-ийн бохир ус нийлсэн хэсгээс Төв аймгийн Алтанбулагийн гүүр хүртэлх голын ус нь унд ахуйн хэрэглээ болон малын усалгаанд тохирохгүй гэсэн  үзүүлэлттэй гарсан юм.Уг цутгаж байгаа хэсэгт очсон хэн ч гэсэн итгэхийн аргагүйгээр ялгарах өмхий үнэрт нь байж суухын эцэсгүй болдог байна. Угтаа ТЦБ стандарт нийцсэн ус Туул голд цутгах ёстой ч ийнхүү цэвэрлэсэн нэрээр гол руу хаяж байгаа нь цаанаа бас учиртай ажээ.

Учир нь хотын хүн амын өсөлтийг даган хаягдал усны хэмжээ эрс нэмэгдсэнээр цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больж, хүчин чадал нь нэгэнт хүрэлцэхгүй болсон байна. Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд байгуулахдаа нийслэл хотыг 600 мянган хvн амтай байхаар тооцоолон 45 мянган шоо метр бохир ус цэвэршvvлэх хvчин чадалтайгаар байгуулж байжээ.Тийнхүү нийслэл хотын хөгжилтэй уялдуулан 1979, 1986 онд өргөтгөл хийснээс гадна Испанийн засгийн газрын 14 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн тусламжаар 2003-2004, 2007-2009 онуудад тоног төхөөрөмжийг нь шинэчилсэн байдаг ч энэ нь техникийн шинэчлэл төдий тул технологийн хувьд ямар ч өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл хэдэн ширхэг төхөөрөмж сольсноос хэтрээгүй гэсэн үг юм.

Тиймээс ТЦБ-ын тоног төхөөрөмж хэт хуучирсан, ачаалал их гэдэг шалтгаанаар өнөөдрийн байдлаар өдөрт 155-165 мянган м/куб бохир усыг дутуу цэвэрлэн Туул голд цутгасаар байгаа юм. Түүнээс гадна цахилгаан тасрах үед бохир усыг цэвэрлэлгүйгээр голд шууд хаядаг гэхээр тус байгууламжийн үйл ажиллагаа хэчнээн учир дутагдалтай болох нь харагдаж байна.
 

Ашгийн төлөө улайрах арьс ширний үйлдвэрүүд
 

Үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс гарч буй бохир усыг дутуу цэвэрлэж нийслэлийн бохирын шугаманд өгөх юмуу эсвэл огт цэвэрлэхгүйгээр Туул голд нийлүүлж байгаа нь голын ус бохирдох бас нэгэн шалтгаан болдог.

Сав газрын ихэнх үйлдвэрүүд Улаанбаатар хотод байрлах бөгөөд тэдгээрийн бохир ус нь ахуйн бохир уснаас эрс ялгаатай, органик бохирдуулагч ихтэй хорт нэгдлүүдийг агуулдаг юм. Ялангуяа арьс ширний үйлдвэрүүд усны чанарт шууд аюул учруулах бохирдлыг үүсгэдэг байна.

Улаанбаатар хотод 2008 оны байдлаар арьс ширний 46 үйлдвэр бүртгэгджээ. Үүнээс байнгын ажиллагаатай нь 26, үлдсэн нь зөвхөн өвлийн улиралд ажилладаг байна. Ноос ноолуур, арьс шир боловсруулах тэдгээр үйлдвэрүүд Туул голын татам буюу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт төвлөрөх бөгөөд үйлдвэрүүдийн зарим нь бохир ус цэвэрлэх байгууламжтай ч үйл ажиллагаа нь хэвийн бус гэнэ. 

Усны тухай хуулийн 24-р зүйлийн 1.1 дэх заалтад ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь “Ус ашиглалтын явцад ялгарах бохир усаа стандартын түвшинд хүртэл цэвэршүүлэх барилга байгууламжтай байх”, 24-р зүйлийн 1.2 дахь заалтад хаягдал усыг дахин ашиглах, хэмнэлттэй зарцуулах технологитой байх шаардлагатай гэжээ. Үүнээс үзэхэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс ширний бүх үйлдвэр бохир усаа ТЦБ-д нийлүүлэхийн өмнө урьдчилан цэвэрлэх ёстой юм. Гэвч тэдгээрийн ихэнх нь цэвэрлэх байгууламжгүйгээр зогсохгүй зарим нэг нь бохирын төв шугамд ч холбогдоогүй гэхээр үнэхээр юу ч гэхэв.

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 09/

    Хөтөлбөр гаргаж туулын эргийг торон хашаагаар хамгаалж, дуран зоох хөрөнгийг шийдвэл зохилтой. Үүнд Үүл дарга, ИХ-ын гишүүд бодлогоор дэмжээсэй. /Түрүүчийн үргэлжлэл шүү/.

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 09/

    Сайхан нийтлэл бичжээ. Үнэндээ туулаа хамгаалмаар байх юм. Арьс ширний үйлдвэрүүдийг холдуулах мөрөөдөл биелэх болтугай. Хамгийн гол нь машинтай хүмүүс дулааны улирал ихэмэгц эргийг нь дагаад шавж машинаа угааж идсэн уусан бүхнийхээ хаягдалаар бохирдуулах нь даан ч харамсалтай. Тийм учраас Хотоос хө

    Хариулах