Энэ газрыг яаж ч тордсон эрх чөлөөг мэдрүүлдэггүй нь харамсалтай

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 14
Энэ газрыг яаж ч тордсон эрх чөлөөг мэдрүүлдэггүй нь харамсалтай

Одоогоос таван жилийн өмнө нөхрийнхөө хардалт, дарамтаас залхсан эмэгтэй хоёр настай хүүгээ тэврээд, арван настай охиноо хөтлөөд нутагтаа очжээ. Хөгшин аав дээрээ ирсэн эмэгтэй “Санаа амарч, нөхрөөсөө саллаа” гэж бодож байтал нэг л өдөр охиныг нь төрсөн аав нь орондоо оруулчихсан, оролдож байхыг хараад тэссэнгүй, аминд нь хүрсэн байна. Амьдрал энэ мэт санаанд оромгүй зүйлээр дүүрэн байдаг. Хүн л болсон хойно ямар ч аавын хүү, ээжийн охин алдаж, эндэнэ. Ийм л хяслантай ч гэмээр хувь тавилан “эмэгтэйчүүдийн” гэх тодотголтой хорих 407 дугаар ангийн хүмүүжигчдэд оногджээ. Тус хориход 327 эмэгтэй хийсэн гэм, нүглийнхээ төлөөсийг төлж, тэр хэрээр эрх чөлөөт амьдралыг мөрөөдөн өдөр, хоногийг өнгөрүүлж сууна. Тэдний 253 нь жирийн, 68 нь чанга дэглэмтэй ангид ял эдэлж байгаа бөгөөд баривчлах ялтай зургаан хүмүүжигч хоригдож байгаа аж. Манай сурвалжлах баг өчигдөр ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцахаар хотоос холгүйхэн байх тус газрыг зорьсон юм. Улсдаа ганц байдаг гэх эл хорих ангид мэргэжил нэгтнээ харанхуй орцонд онц хэрцгийгээр хөнөөсөн татварын байцаагч эмэгтэйгээс эхлүүлээд эр нөхөр, хамтран амьдрагч, хойд эцэг, төрсөн дүү, ахынхаа аминд хүрсэн хүмүүжигч олон бий. Тэднийг хийсэн хэрэг, нийгэмд учруулсан хор, хохирлоос нь хамаарч жирийн болон чанга дэглэмтэй ангид ял эдлүүлдэг байна. Үнэндээ анх шорон гээчийг төсөөлөхдөө “зэрлэг”- үүдийг хатуу гараар хүмүүжүүлдэг газар гэж боддог байв. Тэнд зоргоор амьсгалах салхи нь хүртэл хязгаартай гэдгийг олон удаа сонсож байсан болохоор хамгаалалтын зурвас нэвтрэхэд нэг л айдас, түгшүүртэй санагдсан. Дотроо “Ямар орчин угтах бол” гэж бодож зогссон надад хянагч эмэгтэй хүмүүжигчдийг сэтгэл санаагаар унагахгүй, мартах гэж хичээж байгаа аймшигт дурсамжийг нь сануулж, ямар хэргээр орж ирснийг нь асуухгүй байхаас гадна тасарч явахгүй, ганцаарчилж харьцахгүй байхыг хатуу анхааруулав. Ингээд дотогш орлоо. Гэтэл миний таамаглал бодит байдал дээр эсрэгээрээ байлаа. Харин ч тэд хамтлаг байгуулаад дуулж, хуурддаг төдийгүй хатгамал, гар урлал, оёдол, үсчин гоо сайхан гээд төрөл бүрийн ажил хийдэг аж. Тэгээд ч тус ангийн удирдлагууд тэдний ажиллах орчинг нь маш сайн бүрдүүлж чаджээ. Үүнээс гадна хүмүүжигчид чөлөөт цагаараа номын санд сууж, өдөр тутмын хэвлэлээс мэдээ, мэдээлэл унших боломжтой бөгөөд хорих ангийн мэдрүүлдэггүй нь харамсалтай номын санд уран зохиол, улс төр, гэгээрэл, бясалгалын бүтээлүүд хэдэн зуугаараа өрөөстэй харагдав. Жирийн дэглэмтэй ангид ял эдэлж буй эмэгтэйчүүд зургаа зургаагаараа төмөр сараалжин хаалгатай, хоёр давхар ортой өрөөнд байрлах аж. Өрөө болгоны хананд “Эвтэй байцгаая” гэх бичиг хадсан нь нүдэнд их л содон туслаа. Эмэгтэйчүүд хүмүүждэг гэсэндээ цэвэрхэн, тохилог гэж жигтэйхэн. Бүх өрөөний орыг ногоон өнгийн бүтээлгээр ижилсүүлж, цэмцийтэл нь засчээ. Харин чанга дэглэмтэй ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдийн хувьд арай өөр. Учир нь, энд дандаа хүн амь, хар тамхи, авлигын хэргээр ял сонссон эмэгтэйчүүд хоригддог юм байна. Тэдний хувьд жирийн дэглэмтэй ангид ял эдэлж буй хүмүүжигчдийг бодвол эрх чөлөө нь хязгаарлагдмал байх аж. Наад зах нь, жирийн дэглэмтэй ангид ял эдэлж буй эмэгтэйчүүд сард, чанга дэглэмтэй ангийн хүмүүжигчид хоёр сард нэг удаа тусгай өрөөнд ар гэрийнхэнтэйгээ 72 цаг байх эрхтэй гэнэ. Харин бүх хүмүүжигч долоо хоногт нэг удаа таван минут гэрийнхэнтэйгээ утсаар ярьдаг байна. 

Гараа хумхин зүгээр суух ганц ч хүмүүжигч байхгүй


Өргөст тор, өндөр ханаар эрхээ хязгаарлуулсан хүмүүжигчдийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Мэдсэн ч цэрвэж, цээрлэх нь бий. Тэгвэл эдгээр ял эдэлж буй 300 гаруй эмэгтэйн амьдралын хэвшил энгийн хэрнээ эцэс, төгсгөлгүй хөдөлмөрийн талбарт өрнөдөг юм билээ. Өөрөөр хэлбэл, энд гар хумхин зүгээр суух ганц ч хүмүүжигч байхгүй. Хорих ангийн хашаанд оёдлын үйлдвэр байрладаг болохоор хүмүүжигчид хуваарийн дагуу тэнд ажиллаж, бусдад учруулсан хохирлоо төлөхийн хажуугаар ар гэртээ тав, арван төгрөг явуулдаг байна. Оёдлын үйлдвэр нь ашиглалтад ороод удаагүй ч шулуун оёдлын 34 машин, тусгай зориулалтын тав, эсгүүрийн хоёр машинтай төдийгүй дөрвөн уурын индүү бүхий тоног төхөөрөмжтэй аж. Хүмүүжигчид өглөө 07.00 цагт босч тоондоо орно. Тоонд орсон даруйдаа цайгаа ууж, өөрсдийн хийх ёстой ажилдаа гарцгаадаг аж. Ээлжийн дагуу өдрийн найман цаг оёдлын үйлдвэрт ажиллаж, завсар чөлөөгөөр нь гар урлал, ном унших зэргээр өөрсдийгөө хөгжүүлэх зүйл хийнэ. Ингээд оройн хоолоо идэж, дахин тоонд хамрагдсаны дараа буюу 23.00 цагт бүгд орондоо ордог байна. Тус хорих анги нь энэ оны I улирлын байдлаар зургаан байгууллага, аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Улмаар гэрийн цагаан бүрээс, ажлын хувцас, дээл, хантааз, толгойн гоёл, эсгий болон арьсан улавч зэрэг захиалгат бүтээгдэхүүний дамжлагыг гүйцэтгэдэг тухай тус хорих ангийн дарга, хурандаа Б.Амардорж ярьж байлаа. Тэрбээр “Өнгөрсөн онд нийт ялтны 86 хувийг ажлын байраар хангаж байсан. Энэ жил үйлдвэр, гар урлалын хэсгүүдэд 108, аж ахуйн үйлчилгээнд 64, гэрээт байгууллагад 80 нийт 252 хүн буюу 77 хувийг тогтмол ажлын байраар хангаж байна” гэв. ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн чанга дэглэмтэй хэсэгт 68 эмэгтэй ял эдэлж буй. Тэдний нэг нь гадаадын иргэн аж. Филиппин эмэгтэй хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс 18 жилийн ял сонсчээ. 

“Бидний энэ зовлон биднээр л дуусаг”

Анх хорих ангийн хамгаалалтын зурвас нэвтрэхэд хянагч эмэгтэй хүмүүжигчдийг сэтгэл санаагаар унагахгүй, мартах гэж хичээж байгаа аймшигт дурсамжийг нь сануулж, ямар хэргээр орж ирснийг нь асуухгүй байхыг хатуу анхааруулсан талаар дээр дурдсан. Гэхдээ бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс нэг ч гэсэн хүмүүжигчээс хийсэн хэргийнх нь талаар тодруулахгүй бол хорих ангийг зорих шалтгаан юусан билээ. Ингээд хянагч эмэгтэйн нүдийг хариулж, зарим хүмүүжигчтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. 

Хүмүүжигч Г: Хүүгээ хараагүй зургаан жил болж байна 

-Ямар хэргээр хэдэн жилийн ял сонссон бэ? 

-Нөхрийнхөө амийг санаатайгаар хөнөөсөн гэх үндэслэлээр 11 жилийн ял авсан. Энд ирээд зургаан жил болж байна. 

-Яагаад нөхрөө хөнөөчихсөн юм бэ? 

-Талийгаач нөхөр маань архи ууж ирээд зодож, нүддэг байсан. “Архи битгий уугаач” гэж олон удаа гуйсан. Аргадаж, уйлж, загнаж ч үзсэн. Сүүлдээ нөхөртэйгээ хамт архи уудаг болсон. Гэхдээ 10-аад жил эр хүний дарамт, шахалт, хүчирхийлэлд байсан ямар ч эмэгтэй нэг л өдөр тэсэрдэг юм билээ.

Үргэлжлэлийг эндээс  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх