Нийслэлчүүд цэвэр усгүй болоход ойрхон байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 18
 
 
Нийслэлийн гүний усны эх үүсвэр 2020 онд шавхагдана
 
Нийслэлчүүдийн ундны усны талаарх таагүй мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх болсон. Ундны усны эх үүсвэрүүд дээр аж ахуйн нэгж байгууллага, иргэд  зөвшөөрөлгүй барилга байгууламж барьж, Туул голыг ихээр бохирдуулж байгаа гээд амьдралын гол эх үүсвэр болсон устай холбоотой олон асуудлууд шил дараалан гарах болсон. Тиймээс Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр болон Урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.   
 
Улаанбаатар хотод ундны усны долоон эх үүсвэр байдаг аж. Үүний нэг болох Нисэхийн Буянт-Ухаа эх үүсвэр дээр очвол Цагдаагийн байгууллагын хамгаалттай, дотогш нэвтрэхийг хатуу хориглодог аж. Учир нь усны эх үүвэр нь маш өндөр зэрэглэлийн онцгой бүс болохоор ийнхүү хамгаалалт чанга байдаг юм билээ. Харин бид холбогдох албаны хүмүүстэй явсан учир бүх хүмүүсийн мэдээллийг тулгаж, судалсны дараа нэвтрэх зөвшөөрөл олгов.
 
Үүдэн хэсэгтээ хоёр хоточ нохойгоор мануулж, хашааг эргэн тойрон өргөстэй тороор хүрээлсэн харагдав. Ийнхүү дотогш орвол усны эх үүсвэрээс шугам хоолойгоор ус татаж, хэрэглэгчид нийлүүлж байлаа. Тус эх үүсвэр нь 20 гүний худгаас хоногт 22 мянга 500 мкуб ус олборлох хүчин чадалтай бөгөөд Буянт-Ухаа чиглэлийн хэрэглэгчдэд ус түгээдэг аж. Өнөөдрийн байдлаар хоногт 1700-1800 мкуб усыг хэрэглэж байгаа болохыг албаны хүмүүс мэдээлж байсан. Харин усыг хэрхэн халдваргүйжүүлдэг болохыг тодруулахад хүнсний давснаас хлорыг гаргаж аваад усны шугам хоолой, усыг халдваргүйжүүлдэг гэдгийг Хлорын оператор А.Баасанхүү хэлж байв. Тиймээс хэрэглэгчдэд хүрч байгаа усны чанар аюулгүй байдал бүрэн хангаддаг аж.  
 
Ер нь Ус сувгийн удирдах газар нь ундны усны долоон эх үүсвэрээс 586 км цэвэр усны шугамаар хоногт дунджаар 150-160 мянган шоо метр ус олдворлон хэрэглэгчдэд түгээдэг аж. Харин бохир усны 168.2 км шугамаар хоногт дунджаар 150-170 мянган шоо метр бохир усыг татан зайлуулдаг аж. Түүнчлэн гэр хорооллын 466 мянга 827 хүн амд зөөврийн усыг түгээдэг байна. Тиймээс Ус сувгийн удирдах газрын холбогдох албаны хүнээс дараах зүйлийг тодрууллаа.
 
Туул усан цогцолборыг барьж байгуулах нь ус агаар мэт хэрэгтэй байна
 

 Цэвэр усны горим тооцооны инженер Ш.Энхжаргал
 -Ундны усны нөөцийг хэрхэн бүрдүүлдэг. Тэдгээрийн хэдэн хувийг хэрэглэдэг талаар сонирхуулаач?
-Нийслэл долоон эх үүсвэрийн 286 мянга 800 мкуб усны нөөцтэй. Эдгээрээс нийслэлчүүд хоногт 54 хувийг нь хэрэглэдэг. Харин хотын хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлж усны хэрэглээ улам нэмэгдэж байгаа учир дээрх усны нөөцөд 2020 он гэхэд тулж ирэх юм. Тиймээс гадаргын эх үүсвэрийг судалж, гаргах шаардлагатай гэж үзэж байгаа.
 
-Тэгэхээр 2020 он гэхэд нийслэлийн ундны усны гүний эх үүсвэр шавхагдана гэж ойлгож болох уу?
-Тиймээ. Ийм л учраас манай байгуулага гадаргын эх үүсвэрийг ашиглах ТЭЗҮ-ийг гаргасан. Ер нь Туул усан цогцолборыг барьж байгуулах нь ус агаар мэт хэрэгтэй байна. Усгүй бол Улаанбаатар оршин тогтнохгүй шүү дээ. Тиймээс ойрын таван жилийн дотор энэ ажлыг эрчимтэй хийх шаардлагатай байна.
 
-Усны эх үүсвэр дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж ихээр баригдаж байгаа талаарх мэдээлэл их гарах болсон. Энэ талаар танай байгууллага ямар ажлыг хийж байна вэ?
-Эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд нийслэлийн хэмжээнд 340 гаруй айл өрх, аж ахуйн нэгж газар эзэмшдэг. Тиймээс эдгээрт хуулийнхаа дагуу 50-200 метр зайд байх ёстой гэсэн шаардлага тавьж ажиллаж, тэдэнтэй тэмцэж байгаа. Гэхдээ л хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих явдал буурахгүй байна.
 
-Мэдээж энэ чигээрээ нэмэгдээд байвал ундны усны эх үүсвэр бохирдож, Улаабаатар усгүй болох аюул нүүрлэнэ биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Хөрсний ус бохирдож улмаар усан хангамжийн эх үүсвэрт нөлөөлнө. Тиймээс эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг хамгаалах нь маш чухал юм. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх