Сургуульд ч ороогүй нялх үрсээ гэртээ цоожилчихоод явчихдаг бөх зүрхтэй эцэг, эхчүүд манайд олон байна. Түүнээс нь болоод хэчнээн ч нялх үрс бурханы оронд одов доо. Сүүлийн хэдэн сард гэхэд хүүхдээ гэртээ түгжиж орхисноос үүдэлтэй хэргүүд цөөнгүй гарлаа. Гэртэйгээ шатаад гурвын гурван хүүхэд амиа алдсан хэрэг гарч, нийгмийг цочролд оруулсан. Тэр тоолонд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль хяналтын байгууллагынхан хүүхдээ гэртээ цоожилж орхихгүй байхыг сануулж байгаа. Харамсалтай нь хэнэггүй, нөгөө талаар аргаа барсан эцэг, эхчүүд хүүхдээ гэртээ цоожилсоор л....
Гурван настай хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдлаа
2013.07.15
Ердөө гуравхан настай нялх үрээ гэртээ цоожилж явснаас болоод амиа алдсан хэрэг гарсан. Тухайн үедээ хэвлэлээр “Гуравхан настай хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаант гэх газар айлын гэр шатаж байна гэх дуудлага ирсэний дагуу аймгийн Онцгой байдлын аврагчид очиход тус сумын иргэн А-ийн гэр шатсан байжээ. Харамсалтай нь гэртээ ганцаараа байсан гурван настай Ө шатаж амиа алдсан байна. Энэ хэргийг олон хүнд сануулга болгох үүднээс мэдээлж байна. Учир нь бид гэртээ хүүхдээ ганцааранг нь орхих, хараа хяналтгүй цоожлоод явах тохиолдол бишгүй олон гаргадаг. Тиймээс энэ хэрэг бусдад сэрэмжлүүлэг болно гэж найднам. Харж хандах хүнгүй бяцхан үрсээ орхих нь танд хагацал, уй гашуу авчрахгүй гэх баталгаа байхгүй билээ. Эцэг эхчүүд минь нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай” хэмээн мэдээлж байжээ.
Найман настай хүү гэртэйгээ шатаж нас барлаа
2014.11.01
2014 оны арваннэгдүгээр сард нэгэн харамсалтай хэрэг гарч, бас нэг бяцхан хүү амиа алдав. Тэр үед хэвлэлээр “Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой хэд хэдэн ноцтой хэрэг гарлаа. Хоёрын хоёр нялх хүүхэд гудамжинд орхисноос хөлдөж нас барсан, 12 настай хүү тодорхойгүй шалтгаанаар өөрийгөө боосон байдалтай нас барсан гээд үргэлжилнэ. Тэгвэл дахин нэг хүүхэд амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарлаа. БЗД-19-р хороо, “Цайзын 53-6 тоотод гэр шатаж байна дотор нь хүүхэд байгаа” гэсэн мэдээлэл Гал унтраах 63-р ангид иржээ. Мэдээллийн дагуу тус ангийн гал унтраагчид яаралтай очиж, галыг унтраан шалгахад уг тоотод суух найман настай эрэгтэй М гэх хүүхэд таван ханатай гэртээ шатаж нас барсан байжээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хараа хяналтгүй орхихгүй байх, цоожлохгүй байх, хаана юу хийж яваа талаар мэдээлэлтэй байх зэргээр хүүхдүүддээ анхаарал халамж тавихыг нийт эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулж байна” хэмээн мэдээлж байв.
Үргэлжлэлийг эндээс