Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 25
・ 1

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрийг мод тарих бүх нийтийн өдөр болгосон. Энэ хүрээнд бүх нийтээр мод тарих аян орон даяар өрнөж байна.
Тэгвэл Баян-Өлгий аймгийнхан нэгэн хачирхалтай шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газар хот дотор гудамж талбайгаар бэлчдэг үхрүүдийг журамлах шийдвэр гаргалаа.
Учир нь Өлгийг ногоон хот болгох хөдөлгөөнөөр өнгөрсөн жил 60 мянган мод суулгасан бол энэ онд 40 мянгыг нэмж суулгахын зэрэгцээ зам дагуу мод суулгах, төв талбайд цэцэг тариулахаар БНХАУ-аас мэргэжилтэн урьж ажиллуулаад эхэлсэн ажээ. Иймд эдгээр ургамлуудыг хамгаалах үүднээс хот дотор бэлчсэн үхрүүдийг «баривчлан саатуулж» хоногт 5000 төгрөгийн торгууль тавих болж байна.
«Хотыг ганган болгох сайхан. Гэхдээ сүүний хангамж хомс, айл өрхүүдийн нэлээд хэсэг нь ганц нэгхэн үнээтэй. Хот орчмын бэлчээр давчидсаар, оршин суугчид хадлангийн талбайгүй, өвс тэжээлийн үнэ өндөр хэцүүхэн байна. 45 жилийн өмнө хотын дарга ийм захирамж гаргасныг тухайн үед нь хүчингүй болгож байсан. Үнээг баривчлахаас өмнө тарьсан ургамлаа хамгаалах нь дээр юм биш үү?» гэж иргэд ярьж байна.
Б.Хишигдэлгэр
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.