О.Сэр-Од: Равдандоржийн “Дарханыг тоггүй болгоно” гэж ярьсан баримт ТӨХ-нд ирсэн

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 26 ・ 2

Зураг: Ж.Равдандорж

-ЗӨВХӨН IV ЦАХИЛГААН СТАНЦ ГЭХЭД 600 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖЭЭ- 

-Өнгөрсөн бямба, ням гаригт Улаанбаатар хот, Дарханд багагүй хугацаанд цахилгаан тасалдаж, улмаар ОХУ-аас цахилгаан авахад хүрсэн. Ямар учраас цахилгаан тасалдсан, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандоржийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар тодруулж Төрийн өмчийн хорооны Бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Одтой ярилцлаа.

-“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандоржийг хэзээ, ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг вэ?

-2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ТӨХ-ны хурлаар чөлөөлсөн. Үүрэгт ажлаасаа бидний хийсэн шалгалтаас хамаарч чөлөөлөгдөөгүй. Чөлөөлөх үндэслэл нь ердөө хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дууссан учраас. 2012 онд томилогдсон, гэрээгээ сунгаж явсаар сая ТӨХ хурлаараа сунгахгүй гэсэн шийдвэр гаргасан. Төрийн өмчит хуулийн этгээдэд хоёр жил тутам нэг удаа хяналт шалгалт хийх ёстой. Энэ байгууллагыг 2012, 2013 онд шалгаад, дүнг нь ТӨХ-ны хурлаар албажуулах ёстой байсан. Гэтэл одоо болтол албажаагүй байна.

-Хоёр жилийн өмнөх шалгалтын дүн яагаад ТӨХ-ны хурлаар орж албажаагүй юм бэ?

-Хуучин удирдлага хурлаар оруулаагүй. Хэрвээ хурлаар орсон бол “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал гэдэг энэ хүн тухайн үед арга хэмжээ авагдах байсан. Ингээд 2014 он болж өнгөрлөө. Хурлаар оруулсангүй гэж энэ хүний талаар гомдол мэдээлэл өгсөн хүмүүс биднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардаж эхэлсэн. Өргөдөл гомдол, мэдээллээ баталгаажуул гээд энэ оны гурван сард би эрх үүргийнхээ дагуу удирдамж өгөөд явуулсан. Гэтэл түүнийг шүүхэд өгөөд, энэ компанийг шалгах нь зөв үү, буруу юу гэдгийг эцэслэн шүүх хүртэл удирдамжийг түдгэлзүүлж байна гээд шүүгч захирамж гаргасан байгаа.

-Төрийн өмчийн компани битгий хэл, хувийн өмчийн компани ч шалгуулдаг шүү дээ?

-Хувьцаа эзэмшигчийн төлөөлөгч нь шалгах гэхэд шалгуулахгүй гэдэг захирал байж болох уу. Хорооны хурлаар орж баталгаажаагүй нь, нэгд шүүхийн захирамж гарсантай холбоотой. Хоёрдугаарт, ТӨХ-ны хурлын үеэр би хөдөө явж байсан. Энэ байгууллагын ТУЗ-ийг өөрчилж Энхзориг бид хоёрыг оруулчихсан байна лээ. Гэтэл Равдандорж бид хоёрыг АТГ-т өгсөн. Энэ хоёрыг ТУЗ-д оруулсан нь ашиг сонирхлын тухай хуулийг зөрчиж байна гэж. Бид хоёртой адилхан, 43 компаний 120 хүн ТУЗ-ийн хурлаар өөрчлөгдсөн байтал бид хоёр дээр л дүгнэлт гарсан. Сонин байгаа биз.

-Та “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК дээр өөрийн биеэр очиж, гүйцэтгэх захиралтай нь уулзаж байв уу?

-2012 оноос хойш байшинд нь ч ороогүй. Равдандоржийг захирлаар тавигдсаныг мэднэ. Энэ нөхөр шалгуулахгүй гээд, шүүх дээр түдгэлзүүлчихлээ. 2015 оны 5 сарын 8-нд ТӨХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ш.Солонго дарга холбоотой бүх материалыг татаж аваад, тус компанийг энэ сарын 11-нээс 22-ны хооронд шалгах шийдвэр гаргасан. Шалгалтын бүрэлдэхүүн дэд сайдтай хамт энэ сарын 9-нд тус компани дээр очоод шалгаж чадалгүй, хөөгдөөд ирсэн.

-Энэ хүний талаар маш олон өргөдөл гомдол ирсэн гэсэн?

-Тийм. Өргөдөл гомдлын дагуу Нанзаддорж дарга хүртэл албан бичиг явуулж байсан. Та шалгагдах эрхтэй. Төрийн өмчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулж байна. Дахин хүндрэл учруулбал “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийг хүлээлгэн өгөх арга хэмжээг үүгээр мэдэгдье гэж өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэж байсан байна.

-Равдандоржийг хамгаалдаг хүн бий юу?

-Цогтбаатар дарга хамгаалдаг байсан. Равдандоржийг өмнө нь тус компанид хийсэн шалгалттай холбогдуулаад ажлаас нь халаагүй. Гэрээгээ сунгахгүй байх эрх нь ТӨХ-нд байдаг. ТӨХ найман гишүүнтэй. Бүгд найман яамыг төлөөлсөн нарийн бичгийн дарга нар. Тэд хуралдаж байж тогтоол гаргадаг эрхтэй. Бид бол аппаратад нь ажилладаг.

-Одоо тус төрийн өмчит компанийг хэн хариуцаж байгаа вэ?

-Орных нь хүнийг томилоогүй байна. Төмөрбаатар дэд даргатай ажлын хэсэг байгуулагдаж, хагас сайн өдөр тус компанийн тамга, гэрчилгээнээс бусдыг нь хүлээж аваад ирсэн.

-Таны ярианаас Равдандорж “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн тамга, тэмдгийг өгөөгүй гэж ойлголоо. Зөв үү?

-Тамга, гэрчилгээ хоёрыг аваад явчихсан. Хувийн компани нь байсан бол аваад явж болохсон. Хүн Үндсэн хуульд зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж болно. Ажлаа өгчихөөд, шүүхээр асуудлаа шийдүүлээд явж болно. Түр хороо байгуулж, хүмүүсийн ажлыг үймүүлээд яах вэ дээ. Ер нь иргэдээс ирсэн гомдолд Равдандоржийг дураараа дургидаг, хууль тогтоомжийг хэрэгжүүлдэггүй хүн байна гээд баримтаар нотлоод, он сараа бичээд гаргаж ирж байна. Бид очиж шалгах ёстой. Гэтэл тэр шалгалтыг минь түдгэлзүүлчихсэн.

-Шалгалт хийсэн хүмүүсийг элдвээр дарамталсан байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Өмнө нь үйл ажиллагаанд нь шалгалт хийсэн манай ажилтаныг элдвээр хэлж, дарамталсан. Ажилтан маань гомдлоо ТӨХ-нд гаргаад байна. Өнөөдөр(V/25) хүртэл Равдандоржтой холбоотой гомдол ирлээ. Нэг бус иргэн АТГ-т түүнийг шалгуулсан гэдэг. Гэхдээ шалгасан эсэх нь тодорхойгүй. Бас Цагдаад өгсөн байдаг. Равдандоржийг шалгаж шийдвэрлэсэн зүйл алга. Энэ компанид шалгалт зайлшгүй хийнэ. Тэгээд компанийг хохироосон уу, хууль бус гэрээ байгуулсан уу гэдгийг холбогдох газар тавина шүү дээ.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахилгаан тасалдсаныг Равдандорж гэдэг хүнтэй холбож яриад байна. Энэ талаар та ямар нэг мэдээлэл авав уу?

-Равдандорж өнгөрсөн тав дахь өдөр түр хороо байгуулаад, “Дарханыг найдвартай тоггүй болгоно, тэнд миний найдвартай холбогч байгаа” гэж хэлснийг дотроос нь бичээд ТӨХ-нд авчраад өгчихсөн байгаа гэсэн. Эрх бүхий байгууллагууд нь хянах байх л даа. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК хамаагүй улс төр хийгээд, түр хороо байгуулаад асуудлаа шийдүүлдэг байгууллага биш. Монгол шуудан шиг биш. Цахилгаан дамжуулалтыг зогсоосноор маш олон үйлдвэр аж ахуйн нэгж, эмнэлэг, айл өрхөд гээд эдийн засгийн асар их хохирол учирна.

-Хүний амь нас хохирч, бүтээгдэхүүн дутуу болвол яах вэ гэсэн асуудал үүснэ?   

-Хэрэв тийм юм болвол осолтой. Энэ чинь үндэсний аюулгүй байдалд харшилна.

-Цахилгаан тасарсан хугацаанд хэдий хэмжээний хохирол учирсан тухай урьдчилсан тооцоо гарсан болов уу?

-Зөвхөн дөрөвдүгээр цахилгаан станц 600 орчим сая төгрөгийн алдагдалд орсон. Бүр бүрэн хүчин чадлаараа ажилласан гэж байгаа. 90 онд хэцүү байхад ийм юм болоогүй. Гэхдээ би Равдандоржийг арай ч тийм юм хийчихнэ гэж бодохгүй байна. Улсын онцгой объект толгойлж байгаа хүн хариуцлагатай мэргэжлийн сайн менежер байх ёстой. Элдэв юм яриад явах нь зохимжгүй. Цагдаа, тагнуулын газар шалгаж байгаа гэж дуулсан.

-Улс төрийн томилгоогоор томилогдсон хүн улс төрийн шугамаараа л ажлаасаа чөлөөлөгдлөө гэж яригдаж байна?

-Би хариуцлагатайгаар хэлье. Улс төргүйгээр тавигддаггүй төрийн өмчийн компани угаасаа байхгүй. Бүгд ар өврийн хаалга, наймаа панз хийж тавигдаж байгаа шүү дээ. Нуугаад яадаг юм, тийм биз дээ. Ах дүү хамаатан саднаа ажилд авч, авгайгаа нягтлангаараа тавина гэдэг. Энэ бол үндэсний өвчин. Монгол улсыг муухай харагдуулж байгаа. Эзэн нь төр юм бол яагаад компаниа мэдэж болдоггүй юм бэ. Төрийн механизм ажиллахгүй байна. Олон түмний хараа хяналт гэж байна. Тэд төрийн байгууллагууддаа итгэл алдахад хүрч байна. Ер нь бидний ажил их төвөгтэй. Манай газрын ажлыг барагтай хүн хийдэггүй. Манай газарт элдэв юманд орооцолдоогүй, элдэв хүнтэй наймаа панз ярьдаггүй, гэрээ тендер өгөө аваа ярьдаггүй хүн л ажиллах учиртай юм.

-Улаанбаатар дэд станцад гал гарснаас хойш Оросоос цахилгаан авсан гэж дуулсан. Энэ хугацаанд асар их мөнгө гүйсэн байх?

-Би ч энэ талаар тодорхой мэдээлэл авч байна. Манай цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Оросын Галуут нуурын сүлжээтэй холбоотой байдаг. Судлаад хичнээн төгрөгийн эрчим хүч авсан бэ гэдэг мөнгөн дүнг нь гаргаад ирэх боломжтой юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: www.och.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: