Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 27
“76:?” булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүнД.Бат-Эрдэнийг онцолж байна. Тэрбээр 2012 оны сонгуулиар АН-аас Өмнөговь аймагт өрсөлдөж, ард түмний итгэлийг хүлээж, УИХ-д сонгогдсон билээ.
АМЛАЛТ
“Өмнөговь аймаг Монголын бүхий л салбарт анхаарал татаж байгаа шигээ Өмнөговьчууд маань, Өмнөговийн хойч үе, залуучууд маань дэлхийн хэмжээнд ч бас анхаарал татах ёстой.
Тэр цагийг ойртуулахын тулд би та бүхэнтэй илүү ойртон дотносох хэрэгтэй гэж ойлгож байна. Нутаг орондоо бид өөрсдөө эзэн байж Өмнөговио хөгжүүлж чадах болно" хэмээн УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Д.Бат-Эрдэнэ говийн суманд хийсэн сонгуулийн сурталчилгааныхаа нээлт дээр хэлж байжээ.
Аз болоход Д.Бат-Эрдэнэ асар их баялагтай аймгаас УИХ-д суух боломж гарсан. Улсын төсвийг тэгтлээ хардаггүй, Оюутолгойнд эзэн суусан өмнөговьчууд сонгогдсон гишүүнээсээ сургууль цэцэрлэг нэхээд байхаар тийм “ядуу” аймаг биш юм.
Тиймээс өмнийн говийн баялгийг хэрхэн зөв ашиглаж хөгжих вэ гэдгийг менежментээ болгож чадсан нь түүний сонгуулийн пиар байсан юм. 2012 оны сонгуулиар нэр дэвшигчид тус бүртээ бие даасан мөрийн хөтөлбөр гаргаагүй. Намын мөрийн хөтөлбөр буюу хүн шиг амьдарч, улс шиг хөгжих мөрийн хөтөлбөрийг АН-ын гишүүд аймаг бүрт очихдоо ягштал цээжлэн уншиж байв.
Тэрбээр, АН-ын “Монгол хүн” мөрийн хөтөлбөрийг амны уншлага болгосоор аймагтаа очсон байдаг. Өмнөговь аймгийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох, залуучуудын спорт соёлын цогцолбор барих, 21 аймагт 1000 айлын орон сууц барих зэрэг томхон амлалтуудыг ч манай нам хийнэ, энэ хүрээнд бид ч асуудлаа шийдчихнэ гэсэн мессеж өгсөн гэсэн үг. Аймгаа хот шиг хөгжүүлнэ” гэсэн пиарыг хангалттай хийжээ.
Түүнийг 2012 оны намар Засгийн газраас Өмнийн говийн бүсийн хөгжлийн Зөвлөлийн даргаар томилж байв. Уг зөвлөл нь Засгийн газартай “Оюутолгой” ХХК-ийн байгуулсан гэрээний дагуу Өмнийн говийн бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, хүн амын төвлөрөл, суурьшлийн асуудлыг урьдчилан тооцож, хот байгуулалт, дэд бүтцийг нэгдсэн бодлогоор хангах, хөрөнгө оруулагчийн зүгээс Оюутолгой төслийн үр ашгийг хангах ажлыг зохион байгуулах ёстой байсан.
Гэсэн ч сүржин нэртэй энэ зөвлөл ажлаа хийж чадаагүй юм.
Намын амласан мөрийн хөтөлбөрөөс Өмнөговийг хатуу хучилттай автозамаар холбох амлалт хэрэгжиж 2014 оны аравдугаар сард Мандалговь-Даланзадгад чиглэлийн 296 км замыг ашиглалтад оруулж улсын комисс хүлээн авчээ.
Говийн усны асуудлыг шийдэх талаархи яриа хэлцэл өнөө хэр л аман хэлцэл төдий явсаар байгаа. Нутгаас нь сонгогдсон гишүүний хувьд Оюутолгойн хоёрдугаар шатны ажлыг эхлүүлэх ажлыг Засгийн газарт байхдаа ч хийж чадаагүй.
Оюутолгой болон говийн аймгуудыг эрчим хүчээр хангах 300 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барих зэрэг ажлаас нэгийг нь ч ахиулж чадаагүй учраас эрхэм гишүүн ирэх сонгуулиар өмнөговьчуудаас “А” дүн авч чадахгүй нь.
Ядахад Оюутолгойн нь мөнгөгүй, далд уурхайн ажил зогссон гэх шалтгаанаар товойх том бүтээн байгуулалтын ажил ширхэг ч хийгээгүй учраас Д.Бат-Эрдэнийн “Өмнөговио өөрсдөө хөгжүүлье” уриа өнөөдрийн байдлаар ажил хэрэг болж чадсангүй хэмээн дүгнэх байна.
АМЖИЛТ
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хамгийн том амжилт нь Шинэчлэлийн Засгийн газарт Батлан хамгаалах салбарыг удирдсан явдал. Хэн дуртай аавын хүү очоод байдаггүй улсын батлан хамгаалах салбарыг удирдах эрхийг тэрбээр эрийн сайндаа ч аваагүй л дээ.
МҮДН албан тушаалын бялуу хуваарилалтад оролцох гол фракциудын нэг учраас Д.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр хоёр голлох яамны ажлыг авсан байдаг юм билээ.
Тиймээс эрхэм гишүүн энэ салбарт очоод хийж гийгүүлсэн ажил тийм ч олон харагдахгүй байна. “baterdene.mn” гэсэн түүний цахим хаягаар ороход дандаа л тэр улсад айлчиллаа, тийм улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд айлчиллаа, тийм үйл ажиллагаанд оролцлоо гэсэн мэдээлэл харагдах.
Хамгийн том амжилт гэж хэлж болох зүйл нь Батлан хамгаалах салбарт алба хааж буй нийт цэрэг дайчдыг үндэсний түүх, өв соёлоороо бахархах сэтгэхүйг суулгах зорилгоор “Монголын нууц товчоо”-г өврийн жижиг ном хэлбэрээр хэвлүүлж тараасан явдал.
Мөн морин спорт, шагайн харваа зэрэг уламжлалт спортод “Ажнай” корпорацийн тэргүүний хувиар хандив тусламж үзүүлэн дэмжиж ирсэн.
Мөн нутгийнхаа залуусыг боловсруулах талаар анхаарал хандуулж Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулахаар нийслэлд сургалт зохион байгуулжээ.
Гэр бүлийн хамт өнчин хүүхдүүдийн сурах хүсэл сонирхлыг дэмжих чиглэлээр “Сурах хүсэл” ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж сурагчийн хэрэгсэл, дүрэмт хувцасны тусламж үзүүлдэг аж.
Тэгэхээр тэрбумаар үнэлэгддэг хөрөнгөө энэ мэт ивээл үзүүлэх шугамаар нутагтаа зарцуулдаг гэсэн үг. Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллацгаая уулзалт зөвлөгөөн, ерөөлч хуурчийн тэмцээн, математикийн тэмцээн гэх мэтээр жижиг сажиг зохион байгуулагдах тэмцээн юу л байна түүндээ хөрөнгө босгохын тулд Д.Бат-Эрдэнэ гишүүн рүү л бариад гүйчихдэг хүмүүс бололтой юм уу даа.
АЛДАА
Д.Бат-Эрдэнэ УИХ-д хоёр ч удаа сонгогдсон туршлагатай төрийн түшээ. Харамсалтай нь тэрбээр танхимд “горилл”-ын үүрэг гүйцэтгэж суусаар найман жилийг үджээ.
Тэгэхээр үүргээ гүйцэтгэх бус, кноп дардаг гишүүний ажлыг л хийжээ гэж дүгнэчихвэл зөвлөх, туслахаа утасдуулахгүй биз. УИХ-ын гишүүн өөрийн нэрээр гаргасан вэб сайтдаа хийж хэрэгжүүлсэн ажил, хэлсэн үг, мөрийн хөтөлбөр, тойрогтоо хийсэн ажил, ярилцлага, нийтлэл боловсруулсан хуулийн төслөө оруулдаг.
Харамсалтай нь манай гишүүний албан ёсны хуудас нь Батлан хамгаалахын сайд байх үед нь мэдээг нь нийтэлж тун идэвхтэй байсан ч суудлаасаа бууснаас хойш нэг ч удаа мэдээ ороогүй байх аж. Хэвлэлд жинтэйхэн дуугарч ярьчихсан ярилцлага ч алга. Хэвлэл мэдээлэл гэхээр “үстэй толгой нь өрвийдөг” гишүүдийн нэг бололтой.
Батлан хамгаалах салбарын талаар ганц нэг ярилцлага өгч байсныг эс тооцвол УИХ-аар баталж гаргах бодлого шийдвэр, цаг үеийн маргаан үүсгэсэн улс төрийн халуун сэдвээр жинтэй дуугарч чаддаггүй нь түүний хамгийн том алдаа.
Хүн хэлэхээс нааш, цааш чичихээс цааш гэхчилэн хуулийн төслийн талаар санал бодлоо хуваалцаж, улс төрийн бодлого шийдвэр гаргах асуудалд үг ярьчихдаг болж гэмээнэ сая л бэлтгэгдсэн, бэлтгэгдэж буй улстөрч хэмээн хүн үнэлнэ.
Ганц сэтгүүлч миний бие ч биш ангийн нөхөд ч түүнийг ингэж үнэлдэг юм билээ. Тэрбээр, философич мэргэжилтэй хүн. Тиймдээ ч ярих нь бус хийх нь чухал гэсэн зарчмыг баримталдаг байж болох ч өмнөговьчуудаас өөр хүн танихгүй УИХ-ын гишүүн байх нь ичмээр хэрэг биз дээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.