Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 01
・ 2
Та суурь нь хазайсан гэх байр худалдаж авах уу? Таны түрээсэлсэн байр гэнэт удахгүй нурна гэж таныг сандаргаж буудалд шилжүүлэн нэг сарын туршид байрлуулсан бол та байрныхаа сарын түрээсийн төлбөрөө түрээслүүлэгч буюу байрны эзэнд өгөх үү. Эсвэл тэр байрнаас даруй нүүх үү? ...
Нэгэн сонирхолтой хэрэг та бидний нүд, чихэнд хүрээд амжсан. Тэр нь байгалийн гамшигтай энэ зэрэгцэхүйц байшин нурна гэх мэдээлэл. 48 айл буюу 244 хүнийг Нийслэлийн Баянгол дүүргийн 14-ээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16-аар байрнаас нүүлгэн шилжүүлж сар гаруй хугацаанд буудалд байрлуулж хэсэг хугацааны дараа“та эргээд гэртээ орж болно” гэх “тэнэг” ч гэмээр үйл явдал. “Би Жи Би Жи” компаний 18 давхар барилгын ажил 2014 оны есдүгээр сарын 22-оос эхэлсэн. Харин энэ хугацаанаас хойш долоон сарын дараа буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд гэнэт байр нурахаар болов. Тухайн үед манай төрийн удирдлагууд гэнэт ухаан орсон нь тэр. Ухаан ормогцоо байрны бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийн зэрэгцээ өдрийн гурван хоол өгч “Эрхэс”, “Стар”, “247” зэрэг хэд хэдэн зочид буудалд байрлуулав. Энэ бүх зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргажээ.
Үер, гал түймэр, зуднаас бусад байгалийн гамшиг тэр болгон тохиогоод байдаггүй манай оронд “хазайсан” гэх байшин удахгүй нурах бөгөөд байгалийн гамшигт тооцогдон онцгой байдал зарлаж, нүүлгэн шилжүүлэлт хийсэн. Дээдсүүдийн саваагүй, баатарлаг аврагч ч гэмээр юм уу судалгаагүй хийсэн нүүлгэлтээс хэчнээн иргэн хохирсон бол. Нийслэлийн Баянгол дүүргийн 14-ээр хороонд орших 12 давхар 16-аар байранд нийт 48 айл бий. Эдгээр айлын 30 нь өрөөгөө түрээслүүлж амжиргаагаа залгуулдаг. Өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, хөгшин, залуу зэрэг нийт 244 хүн өөрсдийнхөө гэрийг орхин гарахаас аргагүйд хүрчээ. Мэдээж муу мэдээ дуулгасан байрыг хэн худалдаж авах билээ. Байраа зарж бизнес эхлүүлэх гэж буй. Өвчтэй аавынхаа эмчилгээний төлбөрийг байраа зарж төлөх гэж байсан залуухан хос ч өнөөдөр асуудалд орсон байна. Байгалийн гамшиг битгий хэл ямар ч хор уршиггүй мөрөөрөө л баригдаж байсан барилгыг үндэслэлгүй зогсоож хажууханд байрласан 16-аар байрыг нурна гэх хөөсөрсөн мэдээлэл нийтэд хүргэж бүхэл бүтэн 48 айлын үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлнэ гэдэг гэмт хэрэг биш гэж үү. Харин манай хотын дарга Э.Бат-Үүл “Хууль, дүрэм, журам зөрчсөн газрыг төрийн байгууллагууд хаацайлсаар нэг нь үүрэг өгч, нөгөөх нь зөрчдөг, тэр үйлдлийг хяналтын газар нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг нөгөө л нэг байдал яг энэ асуудал дээр бодитоор харагдаж байна. Тиймээс иргэдийг сэтгэл санаа, эд материалаар хохирооход хүргэсэн эрх бүхий албан тушаалтнуудыг тогтоож хариуцлага тооцно” гэсэн. Харин Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлт нь хувийн хэвшлийн байгууллага буюу “Би Жи Би Жи” ХХК-ийн буруугүйг баталчихсан. Тодруулбал: “ Эл асуудалд13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан бөгөөд урьдчилан гаргасан дүгнэлтээр 16 дугаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй. Харин тус байр нь баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4 см-ийн хазайлттай байгаа нь анхнаасаа ингэж баригдсан эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй”гэжээ. Ингээд харахад дарга нарын “саваагүй болон санаатай” хийсэн алдаанаас нэг компани дампуурлын ирмэгт ирж, 48 айл үл хөдлөх хөрөнгөгүй болж байх шиг. Хэн нэгний хурууны үзүүрт үнэгүйдсэн байр хүмүүсийн насаараа хөдөлмөр, хөлсөө дуслуулж авсан хөрөнгө юм шүү дээ. Харамсалтай нь үнэгүйдүүлсэн мэдэлтэй эрхэмүүд тодорхой болсон ч өнөөг хүртэл хариуцлага хүлээлгүй “арга саам” хийсээр явна.
“Бор гэртээ богд хар гэртээ хаан”гэдэгсэн. Одоо бор, хар гэрийн маань Богд, Хаан нь дүүргийн дарга нар л болж байх шив. Гэрээс нь үндэслэлгүй хөөж зочид буудалд байлгачихаад, хэсэг хугацааны дараа “танай гэр дажгүй, зүгээр юм байна эргээд гэртээ ор, хоолны талоноор гомдлоо тайл” гэх янзтай. Одоог хүртэл шалтгаангүйгээр гэрээсээ хөөгдсөн иргэдийн үл хөдлөх хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлыг барагдуулаагүй байна.
Тэдэнд хэн хохирлыг нь төлөх вэ? ...
Ингээд бид “алдарт” 16-аар байрны иргэдтэй уулзсанаа уншигчиддаа хүргье.
16-р байрны оршин суугч Ч.Нармандах:
-Ер нь хэр хугацаанд гэртээ ирэлгүй буудалд байралсан бэ?
-Яг хэдэн сарын хэдэнд гэдгээ санахгүй байна. Гэхдээ 30 гаруй өдөр боллоо.
-Баянгол дүүргийн удирдлагууд энэ хугацаанд иргэдтэй ирж уулзсан уу?
-Дүүргийн удирдлага бол уулзаж байсан.
-16-аар байрны үнэлгээ унасан гэх мэдээлэл бодитой юм болов уу?
-Бодитой шүү дээ. Монгол улс даяар энэ байр хазайсан гээд зарлачихаар чинь үнэ уналгүй яах билээ.
-Та байраа заръя гэвэл зарагдахгүй юу?
-Мэдээж шүү дээ. Юу гэж зарагдах юм. Хэн ч авахгүй.
-Буудалд байрлаж байх хугацаанд 20 мянган төгрөгтэй дүйцэхүйц хоолны талон тараагдаж байсан гэсэн үнэн үү?
-20 мянга биш. Өдөрт 15 мянган төгрөгийн хоолны талон хүн бүрт өгч байсан.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.