Олон улсын спортод шилдэг тамирчдаа клубууд солилцон худалдаалж, зээлдүүлэх аль эсхүл тамирчид гэрээ нь дуусгавар болж чөлөөт агент болмогцоо дараагийн клубтэйгээ гэрээлдэг. Ихэвчлэн хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккей гэх мэт багийн спортод нэгэнт тогтсон тоглогчдын наймааны асуудал чөлөөт бөх, жүдо зэрэг хүчний спортод ч бий. Харин зохицуулалт нь арай өөр. Хоёр улсын спорт хороод нь хоорондоо гэрээ хийж тохиролцон, тамирчныхаа зөвшөөрлийг авч нэг улсаас нөгөөд шилжүүлэн улсынхаа нэр дээрээс барилдуулдаг.
Монголын спортын түүхэнд ийм жишиг өнөөг хүртэл гараагүй байсан бол жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг анх удаа гадны улсын нэрийн өмнөөс, тодруулбал Казакстаны нэр дээр барилдахаар болж байна.
Энэ оны эхээр яригдаж эхэлсэн гэрээ хэлцлүүд шийдэгдсэнээр Г.Отгонцэцэг маань Казакстан улсын нэрийн өмнөөс албан ёсоор олон улсын тэмцээнүүдэд зодоглохоор болж эхнийхээ тэмцээнд ороод амжжээ. Бүр түрүүлсэн байна. Тэрээр Казахстаны жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд хөнгөхөөн түрүүлж, улсын аварга болжээ.
Удахгүй Улаанбаатарт болох Олон улсын жүдо бөхийн холбооны Улаанбаатарын Гранпри тэмцээнд тэрээр хүрэлцэн ирж Казахстаны нэрийн өмнөөс барилдах гэнэ. Сонирхолтой сонсогдож байгаа биз.
Тэрээр Монгол улсын шигшээ багтаа барилдаж байх үедээ 48 кг-ын жиндээ №2-т бичигддэг байсан ба яг өнөөдрийн байдлаар дэлхийн чансаанд 14-т бичигдэж байна. Түүний жинд гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг Монголдоо байтугай дэлхийд№1-т бичигдэж байгаа.
Харин энэ жинд казакын хамгийн сайн жүдоч нь 35-д эрэмбэлэгдэж байгаа нь Г.Отгонцэцэг ирэх олимпод асуудалгүй оролцох магадлал өндөр болж байгаа юм.
Дөнгөж 23-хан настай ид амжилт үзүүлэх ирэн дээрээ ирж яваа Г.Отгонцэцэгийг казакууд онилсон нь ийм учиртай. Г.Отгонцэцэг ч гавьяат М.Уранцэцэг эгчдээ дарагдалгүй олимпод оролцох, улмаар өөр улсын нэр дээр барилдах анхны түүхэн тамирчнаар нэрээ бичүүлэх сонирхол байсан бизээ.
Казакстаны жүдо бөхийн холбоо Монголын жүдо бөхийн холбоотой гэрээ хийж Г.Отгонцэцэгийг авснаар цаашид зөвхөн Монголоос жүдогийн тамирчин авна гэсэн болзлыг гэрээндээ тусгаж өгсөн байна. Энэ тухай Монголд ирээд буцсан Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч болон Соёл, спортын яамны харъяа шигшээ багуудын дэд захирал Болат Хавлахат ийн ярьсан юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.