Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 15
・ 2

“Одон гавъяа шагналыг байх ёсгүй үеэ өнгөрөөсөн зүйл, Барууны ертөнцөд ийм юм хэнд ч хэрэггүй хог” гэж хэлсэн улстөрчтэй хурал дээр зад үзэлцэв. Мэтгэлцсэний үр дүнд “Нээрээ чиний зөв байж” гэж байх юм. Аяга цайн дээр арав хувирсан этгээд гэж би ахиад голов.
Төрд хүндэтгэлийн дээд, нандин зүйл-одон медаль гавъяа шагнал байх ёстой. Европчуудтай харьцуулахад монгол хүний хэмжүүр өөр билээ. Үнэт зүйл өөр. Монгол хүн хэзээ ч мөнгө, үнэтэй эд хогшил, өндөр хадгаламж гэж явдаггүй. Өөрийнхөө хөдөлмөрөөр бахархах, олон хүүхэдтэй болох нь чухал-энэ бол монгол хүний үнэт зүйлсийн ялгаа. Европын хүмүүс ондоо. Аль болохоор цөөхөн хүүхэдтэй байх гэнэ. Хүүхдүүд нь насанд хүрсэн л бол тусад нь гаргачихаад чөлөөтэй байхыг эрхэмлэнэ. Тэд нар нь ч бараг л ээж аавыгаа эргэж ирэхдээ авчирсан хүнснийхээ талон биллийг нь авчирч өгдөг гэж ярьдаг. Гэтэл монгол хүний сэтгэл өөр дөө.
Одон медалийг өмөөрөх хоёр шалтгаан надад байна.
Нэгдүгээрт, бид өнөөдөр иргэдэд хангалттай цалин, хичнээн мянган ам.доллар зарим орон шиг өгч чадахгүй. Ахмадуудыг тэтгэвэрт нь гаргахдаа ч хуримтлалтай болгох нөхцөлийг хангаж чадахгүйгээс хойш үүнийг ямар нэг хэмжээгээр нөхөх ёстой. Төрийн шагнал одон бол социализмын үеэс ирсэн гавъяа шагнал. Өмнөх зуунуудад ч бас байдаг л байсан уламжлал. Өгөх ёстойг нь өгч чадахгүй байна. Энэ хүмүүс заавал авах ёстой.

Өнөөдөр Ерөнхийлөгчийг шагнал хавтгайрууллаа гэж шүүмжилцгээдэг л юм. Гэтэл тэр шагнуулж буй хүмүүсийг нь харахад 30, 40 жил улсад ажилласан ариун цагаан мөртэй эмч, багш гээд олон мэргэжлийн хүмүүс байдаг. Энэ хугацаанд хэдэн сая ам.долларын хадгаламжтай болсон бусад орны эмчтэй адилгүй. Яагаад бид энэ эмчид Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль өгөхөөсөө харамлах ёстой юм бэ? Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй. Заавал бусад орныг дуурайх хэрэг байна уу? Саяхан гадаад залуу эхнэрийнхээ гэрийн ажлын хөдөлмөрийн хөлсийг нэг бүрчлэн бодож жилд 72000 доллар болж байгаа талаар бичсэнийг фэйсбүүкээс харлаа. Энэ хүнд ачааг нуруундаа үүрсэн ээжүүдийг Алдарт эхийн одонгоор энгэрийг нь мялаахад биднээс тийм их юм унана гэж үү.
Хоёрт, бид Баруун Европоос өөр хэмжүүрт амьдарч байна. Европт ахмадуудын амиа хорлолт өндөр. Тэр хүмүүст байр нь байдаг, мөнгө байгаа, өөхөөр доторлож, торгоор гадарласан ч нөгөө сайхан халуунаараа үнэт зүйл байдаггүй. Амиа бодож довоо шарлуулж, аливаад дан ганц хувийн эрх ашгийн үүднээс хандана. Хонины бэлчээрт хормой дор төрсөн жирийн монгол хүн хүүхдүүдээ тойруулаад, байгаагаа хувааж идээд, бахархах одон медалиа гаргаж зүүгээд цагаан сараар байгууллага дээрээ очоод л, манайх муу ч сайн ч хэдэн ахмадуудаа жилдээ нэг хүлээж аваад, амралтанд явуулаад харж үзээд байдаг. Мөнгө гэхээсээ илүү өөр хэмжүүр. Монгол хүмүүсийн элэг өөр. Ахмад үеэрээ бид чинь бахархдаг.Тийм учраас би одон медалийг нь өгөх нь зүйтэй гэж боддог.
Шагнал, одон төгс хэмжүүр биш. Босго өндөртэй болгоё, шагнал хавтгайрлаа гэдэг л юм.Энэ бол сайжруулж болох жижиг техникийн асуудал. Гэхдээ төрийн эрхэм дээд цол, төрийн одонд ямар нэг далд санаа байхгүй гэдэгт бүгд итгэдэг. Нэртэй, хүндтэй хэвээрээ байдаг. Тэнгэрээс од шүүрсэн юм шиг, ховорхон аз тохиосонд баярлах ахмадуудад сэтгэлд нь хур бууж байдаг юм.
Орчлонгийн улаан тоосонд одон шагналын байр байж л байсан. МЭӨ 3000 жилийн өмнө эртний Египетэд хүзүүний алтан зүүлтэн одонгоор шагнадаг байжээ. Эртний Ромын иргэнийг хаста пура жуухаар шагнадаг байв. Индонези, индианы эрэлхэг дайчдын шагналд шивээс нэмж шивдэг байжээ. 1792 оноос хойш одоо хүртэл Польшид Виртути Милитар одонгоор шагнасаар байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.