Гадаад, Монгол ажилчдын цалинг тэгшитгэнэ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 16 ・ 1

 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын зургадугаар сарын 2-ны хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгаад УИХ-д өргөн барихаар тогтсон. Тэр дагуу хуулийн төслөө өргөн барилаа. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд баталснаас хойш 10 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулснаас өөр дорвитой шинэчлэл хийгээгүй. Гэтэл энэ хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдөж, хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулахад учир дутагдалтай болсон тулөнөөгийн цаг үетэй нийцүүлэх зайлшгүй шаардлага гарсан байна.

 

Хуулийн төсөлд Хөдөлмөрийн яамнаас хууль боловсруулах ажлын хэсэг гарч ажиллан, Засгийн газар, Эзэд болон Үйлдвэрчний байгууллага, эрдэмтэн судлаачид мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэргэжил арга зүйн зөвлөгөөг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Хуулийн төслөө үндэсний хэмжээнд гурван удаа, хөдөлмөрийн харилцааны асуудлаар 10 гаруй сэдэвчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж тэндээс гарсан санаа оноог тусгасан гэнэ.

 

Өмнөх Хөдөлмөрийн хуулиас 25 зүйл заалт хэвээр хадгалагдаж, шинээр 26 зүйл нэмж тусгасан байна. Хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг одоогийн хуулиар заавал шүүхээр шийдвэрлүүлдэг нь хугацаа их орж, сунжирдаг. Тиймээс энэ төсөлд хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг заавал шүүх гэхгүйгээр эхний ээлжинд ажил олгогчийн эрх ашгийг хамгаалах Эздийн байгууллага, ажилтны эрх ашгийн Үйлдвэрчний байгууллагатай хамтран гурван талтаар ярилцаж шийддэг байхаар тусгасан байна. Энэ нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хугацааг богиносгож, аль болох анхан шатандаа шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, гарсан маргааныг зохицуулах байгууллагын бүтцийг оновчтой болгосон сайн талтай юм.Хөдөлмөрийн хуулийн хамрах хүрээг өргөжүүлсэн нь шинэчилсэн найруулгын нэг давуу тал. Ялангуяа албан бус хэвшилд ажиллаж байгаа хүмүүс, малчдыг хөдөлмөрийн харилцаа үүсэж буй бол асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулж байхаар хуульчилж байна.

 

Мөн ажилтнуудын ажил, амралтын цаг, цалин хөлстэй холбоотой томоохон шинэ зүйл заалт хэд хэд орсон. Ялангуяа уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад, монгол ажилчдын цалингийн зөрүү их болсон. Гэтэл үүнийг манай хуулиар зохицуулах боломжгүй. Тиймээс адил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтанд ижил хэмжээний цалин өгдөг байх заалт оруулж байгаа. Одоо мөрдөж буй хуулиар хувийн хэвшлийн цалин хөлсний тогтолцоог зохицуулж чадахгүй байгаагаас цалин хөлс нь ажилтны ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялддаггүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүст ур чадвараас нь хамаарсан мэргэжлийн зэрэг дэв олгодог, зэрэг дэвээсээ хамаараад ялгамжтай цалин хөлс авдаг байх заалтыг шинээр тусгасан байна. Оюутан залуусыг цагаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой зүйлийг ч оруулсан гэнэ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 28/

    энэ маш зөв асуудал дэвшүүлсэн байна. хэрэгжээсэй билээ адилхан ажиллаж зүтгэж байж монголчууд бид яахаараа гадныханаас бага цалин авах ёстой юм бээ ! дэмжиж байна хурдан хэрэгжүүлээрэй яриад өнгөрөх биш ....

    Хариулах