“Турсан хүн яадгийг хараарай” группийн тусч бүсгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 16

 

“Бөмбөгөр” зах дээр цай зардаг 90 настай Хорлоо эмээтэй уулзаад хэрхэн туслах аргаа олж ядсан сэтгэгдлээ фэйсбүүкт бичиж, ард түмний уриалгаар аян зохион байгуулж, эмээг орон гэртэй болгосноор “тусч охин” алдрыг хүртээд буй Ц.Сувд-Эрдэнэтэй уулзлаа.

Тэрбээр Хорлоо эмээд тусалсныхаа дараа хамтран зүтгэсэн залуустайгаа нэгдэн, нийгэмд үйлчлэн хүмүүнлэгийн ажил зохион байгуулах “Итгэл сэтгэлийн гүүр” сан байгуулж, одоогоор нийт 16 аян өрнүүлэн, 387 хүнд тусламж үзүүлээд байгаа аж. Эдгээр аянуудад 627 иргэн, 50 албан байгууллага хандив өргөж, 2019 хүн оролцжээ.  Зовлон бүхэн надад хаана гишгэхийг минь заасан Би Увс аймгийн Өлгий суманд төрж, өссөн. Улаанбаатар хотод их сургууль төгсөөд, Завхан аймагт мэргэжлээрээ гурван жил ажилласан.

Оюутан байхдаа хоёр охиныхоо аавтай танилцаж, дотноссон юм. Нөхрийн маань аав, ээж Завхан аймгийн хүмүүс болохоор нөхрөө дагаж, хадмынхаа гэрт очиж, тэнд мэргэжлээрээ ажилласан хэрэг л дээ. Хадмын гэрт амьдарч байхдаа охиноо төрүүлж, өсгөсөн. Нөхөр маань тухайн үед Улаанбаатар хотод сурдаг, жилдээ хоёр, гурван удаа л биднийг эргэж ирдэг байлаа. Энэ үед аав маань хүндээр өвчилж, бурхан болсон юм.

Нөхөр маань ч сургуульд сурдаггүй байсан нь мэдэгдэж, бидний зам салсан. Ааваа алдаж, итгэж, хайрлаж явсан ханьдаа хууртагдаад, 88 кг жинтэй өөртөө итгэх ямар ч итгэлгүй, хоёр охиноо тэврээд үлдсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байх вэ.  Тэгээд яах вэ дээ, гэрээ сахиад үлдсэн эрэгтэй дүү, хоёр охиноо дагуулаад ах дүүгээ бараадаад, ажил хийж амьдрал залгахаар Улаанбаатар хотод шилжиж ирсэн л дээ. Ирээд цайны газар тогооч, арьс ширний үйлдвэрт гээд л ажиллаагүй газар байхгүй. Хүнд хэцүү, зовлон бүхэн ухаарал өгч, цаашид хэрхэн, хаана гишгэх замыг минь заасан мэт санагддаг.

Учраа олж ядсан сэтгэл минь Хорлоо эмээд туслах аян болоод өрнөчихсөн Аав, ээжийн минь бидэнд өгсөн хамгийн үнэт зүйл бол бусдад туслах хүмүүжил. Тиймээс ядарсан, зовсон бүхэнд өөрөөсөө илүүчлэх сэтгэл хүссэн ч, эс хүссэн ч төрчихдөг юм.  Хүмүүнлэгийн ажил гэдэг утгаараа олон нийтэд хамгийн их хүрсэн ажил бол Хорлоо эмээд туслах аян.  Тухайн үед эмээтэй Бөмбөгөр зах дээр таарчхаад, хэрхэн туслах учраа олохгүй шаналж, арга ядсан сэтгэлээ фэйсбүүкт илэрхийлсэн маань олон хүнд хүрч, ард түмэн өөрсдөө тусламжийг нэг л мэдэхэд эхлүүлчихсэн.

Хандив мөнгөтэй холбоотой болохоор тамга, тэмдэгтэй байх шаардлага үүссэн тул “Монгол тусгал” ТББ-тай хамтран зохион байгуулсан юм. Энэ ажлынхаа дараа хамтран зүтгэдэг залуустайгаа нэгдээд “Итгэл сэтгэлийн гүүр” сангаа байгуулсан.

Ядарсан хүнд өөрөөсөө гаргаад өгөх мөнгө санхүү бидэнд байхгүй тул ард түмэндээ л хандахаас аргагүй. Ингэхийн тулд хандивын мөнгөний зарцуулалтыг тайлагнадаг байх, албан бичиг гаргадаг тамга тэмдэгтэй байх гээд зайлшгүй байгууллагын статустай байх шаардлага үүсдэг юм байна. “Вокзалдаа л баярлалаа, аминд минь орлоо” гээд байгаа нь өрөвдмөөр Ном хандивлах аяныхаа ажлаар Эрдэнэт хотод явж байтал нэг хүн залгаад “11 настай хүүтэйгээ гурван сар гудамжид хоног төөрүүлж буй төрөх хугацаа нь болчихсон жирэмсэн эмэгтэйд туслаач” гэж хэлсэн. Хүүхэд нь гудамжид төрчих вий гэж айсандаа номын ажлаа орхиод тэр өдөртөө Эрдэнэтээс гарч, Драгон төв дээр буугаад Отгонбаяр эгчтэй уулзан, гэртээ авчирсан юм. Өчигдөр харин хөлсний байрны эзэн н.Баялаг эгч нэг өрөөндөө эхний нэг сар үнэгүй суулгахаар боллоо.  Отгонбаяр эгчийн хувьд аав, ээж нь багад нь салсан, том ахаа дагаж, Орос-Монголын галт тэргэнд жижигхэн наймаа хийж өссөн юм байна лээ. Ингэж явахдаа Орос хүнтэй танилцаж, гэр бүл болон зургаан хүүхэд төрүүлсэн. Одоо долоо дахь хүүхэд нь төрөх гэж байгаа, сүүлийн хугацаа нь энэ сарын 23-нд гэсэн.  Отгонбаяр эгч одоо 32-хон настай, долоо дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа хэр нь “Алдарт эхийн одон” байхгүй, гэр орон ч байхгүй. Уг нь Алтанбулагтаа бол ченжүүдийн хувцас, барааг өмсөж, хил гаргаж өгөөд мөнгө төгрөг олоод, түрээсийн байранд амьдралаа болгоод байдаг гэсэн. 11 настай хүү нь ч энэ ажлыг хийдэг бөгөөд нэг гарахдаа 1300 рублийн ажил хийдэг гэнэ лээ.   Нөхөр нь дарамталдаг, жирэмсэн болсныг нь мэдээд үр хөндөлт хийлгэхийг шаардсанаар зургаан хүүхдээ гурав, гурваар нь аваад салцгаасан юм байна. Орох оронгүй, өөрөө жирэмсэн тул естэй, хоёртой хоёр хүүхдээ Орхон аймгийн хүүхдийн сувилалд үлдээгээд, 11-тэй хүүг нь нас заагаад авахгүй тул дагуулж, сүүлийн гурван сар Улаанбаатар вокзал, Драгон хоёрт ээлжлэн толгой хоргодсон байгаа юм. Тэндхийн хүмүүс харин их тусалж, хөөж туухгүй байсан тул “Вокзалдаа л баярлаж байна, аминд минь орлоо” гэж яриад байгаа юм, өрөвдмөөр.   Удахгүй амаржина, эдэнд маань гэр л хэрэгтэй байна. Орох оронтой болгочихвол Алтанбулагтаа очоод өмнө хийдэг байсан ажлаа хийгээд, сувилалд үлдээсэн хоёр хүүхдээ өөр дээрээ аваад, Оросоос гурван хүүхдээ нэг нэгээр нь зөөгөөд ч болов авчхаж чадна гэх юм.  88 кг-аас 30 кг-ыг хассан би “Турсан хүн яадгийг хараарай” группийг үүсгэсэн Бага охиноо төрүүлсний дараа 88 кг жинтэй байлаа. Ер нь хүн таргалахаар уур уцаартай, өөртөө итгэлгүй, залхуу болчихдог. Би ч тийм л байсан.  Аав маань өнгөрч, нөхрөөсөө салсан үе тул сэтгэл санаа үнэхээр хүнд байсан. Тухайн үед миний хийж чадах юм бурхан болсон аавдаа зул өргөж, өдөрт 108 мөргөж, залбирах л байлаа. Ингээд гурван сарын дотор 30 кг хассан юм.  Таргалалт гэдэг эмэгтэйчүүдийн хамгийн хүнд асуудал. Тиймээс ийм  асуудалтай бүсгүйчүүд мөргөөд тураасай гэсэндээ фэйсбүүкт “Турсан хүн яадгийг хараарай” группийг нээж, анх 10 бүсгүйн хооронд жин хасах бооцоот уралдаан зарласан. Гэтэл ес нь “Мөргөөд турна гэдэг боломжгүй зүйл” гээд уралдаанаас гарчихсан. Харин Баярмаа эгч ганцаараа үлдэж, гурван сарын хугацаанд 20 кг хассан юм. Магадгүй Баярмаа эгч байгаагүй бол энэ групп өдгөө 20 мянган гишүүнтэй болтлоо өргөжиж чадахгүй байсан. Мөргөөд турдгийг Баярмаа эгч баталснаар түүнээс хойш олон бооцоот уралдаанууд зарлагдаж, олон бүсгүйчүүд гоолиг сайхан болж байгааг харахад сайхан байдаг. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх