Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 18
|
Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн Монголын Засгийн газартай хийсэн маргаан ойрын үед дахин үргэлжлэх бололтой. Энэ заргын талаар дахин товч сануулахад, тус компани 2007 онд баталсан Ашигт малтмалын тухай болон хоёр жилийн дараа батлагдаж мөрдсөн Цөмийн энергийн тухай хуулийн заалтыг удаа дараа зөрчиж, байгаль экологид хор хөнөөл учруулсны дээр нөхөн сэргээлт хийдэггүй гэсэн үндэслэлээр Засгийн газраас лицензийг нь 2009 онд цуцалсан байдаг. Үүнийг эсэргүүцэж “Хан ресурс” компани Олон улсын арбитрын шүүхэд хандсанаар маргаан эхэлжээ.
Энэ нь 2011 оны намар болсон хэрэг явдал бөгөөд “Хан ресурс” манай Засгийн газраас 285 сая ам.доллар нэхэмжилсэн байна. Тухайн оны есдүгээр сарын сүүлчээр Парист болсон шүүх хурлаас Монголын талыг буруутгаж, удаа дараагийн шүүх хурлын дараа буюу энэ оны эхний улиралд манайхныг 100 сая ам.долларын торгуульд унагасан билээ. Гэвч манай улс давж заалдах юм уу цаад талтай харилцан тохиролцох гэсэн хоёр боломж байгаа талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг тухайн үед мэдээлж байсан юм. Түүнээс хойш дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн ч Засгийн газраас ямар нэг санал санаачилга гаргаагүйн улмаас “Хан ресурс” компани Олон улсын арбитрын шүүхийн дээрх шийдвэрийг баталгаажуулахаар АНУ- ын мужийн шүүхэд хүсэлт гаргасан байна.
Энэ нь нэг талаас арбитрын шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх НҮБ-ын конвенц, АНУ-ын Холбооны арбитрын хуульд нийцсэн шийдвэр боловч нөгөө талаас Монголын Засгийн газарт үзүүлж байгаа цоч роо, дарамт гэж ойлгож ч болох юм. Учир нь, Засгийн газраас нэг тэрбум ам.долларын бонд гаргахаа зарлаж, эхний 350 саяынх нь зөвшөөрлийг Сангийн яаманд өгөөд байгаа. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 23-27 -ны өдрүүдэд АНУ- ын Нью-Йорк, Вашингтон хотод айлчилж, хөрөнгө оруулалтын талаар сурталчлах гэж байгаа юм. Үүнд гаднын хөрөнгө оруулагч “Хан ресурс”-ийнхэн мэдрэмжтэй хандаж, өрөө нэхэж байгаа нь энэ.
Тус компанийн захирал Грант Эдди, “Олон улсын арбитрын шийдвэрийг ч үл хүндэтгэдэг ийм улсад хөрөнгө оруулалт орж ирэх үү” гэх агуулгатай үг хэлсэн байсан. Зөвхөн ганцхан энэ жишээнаас харахад, “өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэдэгчлэн маргаашийнхаа хувь заяа, улс орны ирээдүйд санаа зовохгүй байхын арга алга. Харин өнөөгийн эрх баригчид хэр зовж байгаа бол. Уг сурвалжийг нь хөөвөл үе үеийн Засгийн эрх баригчид энэ асуудалд холбоотой нь тодорхой. 2009 онд ОХУ- ын Ерөнхийлөгч Д.Медведев манай улсад айлчлах үеэрээ Монголоос уран олборлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байдаг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.