Дөрвөн настай охиныг хэрцгийгээр зодож, амийг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, төрсөн эцэг Т.Цогт нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн лхагва гарагт ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Мөн талийгаач охины буяны ажилд зарцуулагдсан 4.6 орчим сая төгрөгийг шүүгдэгч Г.Маралмаагаар гаргуулах шийдвэр гаргасан билээ. Бүтэн найман цагийн турш үргэлжилсэн шүүх хурлын үеэр гэрч нар янз бүрийн мэдээлэл өгсөн бөгөөд охины төрсөн эхийг ч буруутгах мэдээллүүд гарч ирж байсныг дурьдах хэрэгтэй биз ээ. Ингээд энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа дээрх хэргийг онцолж байна.
Т.Цогт: Шууд байдлаар биш ч гэсэн охиныхоо үхэлд би буруутай, тиймээс ял үүрэхэд бэлэн байна
/Талийгаач охины төрсөн эцэг/
2015.06.18: -Шүүх хуралдааны үеэр талийгаач охины төрсөн эцэг болох Т.Цогт мэдүүлэг өгсөн бөгөөд тэрбээр “Би н.Өнөржаргалаас салаад 2014 оны зургадугаар сараас эхлэн нийтийн байр түрээслэж, Г.Маралмаатай амьдарч эхэлсэн. Эхлээд Г.Маралмааг бөө байсан гэдгийг мэдээгүй. Гэтэл нэг их удаагүй “Би бөө. Чи ч бас сахиустай юм байна бөө бол. Хэрвээ бөө болохгүй бол охин чинь үхэх юм байна” гэсэн. Би ч айгаад бөө болсон. Г.Маралмаагийн сахиус болох өвөө нь “Эхийнхээ хормойны бузар шингэсэн” гээд охиныг минь манжига гэдэг төмөр, модоор тоноглосон сураар ороолгодог байсан юм билээ. Би бол ямар нэгэн бөөгийн үйл хийгээгүй байгаа.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд ломбарданд тавьсан бөгжөө авахаар хэсэг хугацаанд гараад ирсэн. Гэтэл охины минь хөмсөгний дээд хэсэг хөхөрч, уруул, эрүү нь шалбарсан байсан. Г.Маралмаа охиныг үүдний шатнаас уначихсан гэсэн. Тухайн үедээ би ч Г.Маралмаад итгэсэн. Маргааш нь өнөөх ломбард руугаа очихоор явж байтал Г.Маралмаа утасдаад “Охин чинь бөөлжиж, өмдөндөө бааж, шээчихээд цэвэрлүүлэхгүй байна. Хурдан ир” гэсэн. Би 30 минут орчмын дараа очиход талийгаач охин минь гэрийнхээ үүдэнд номхон зогсч байсан. Би тэр үедээ уур хүрээд баасыг нь цэвэрлээгүй. Харин дахиж өмдөндөө бааж болдоггүй гэдгийг ойлгуулахаар суран бүсээрээ хоёр удаа бөгсөн дээр нь ороолгосон.
Тэр үед охин минь уйлалгүй “Уучлаарай аав аа” гэсэн. Одоо бодоход хөх няц болоод бие нь өвдчихсөн байхад нь дэмий л охиноо зодож гэж харамсч байна. Ингээд маргааш нь буюу хоёрдугаар сарын 16-нд ажилдаа явсны дараа Г.Маралмаа над руу утасдаад “Охин чинь хөл дээрээ зогсч чадахгүй таталт өгөөд байна” гэсэн. Гэтэл тухайн үед хэргийн газар үзлэг хийж байсан болохоор би очиж чадаагүй, түргэний эмчийг дууд гэж хэлсэн. Тэгээд ажлаа дуусгаад Баянзүрх дүүгийн эмнэлэг дээр очиход охиноо аваад ГССҮТ-д оч гэсэн. Тэдний зөвлөсөнөөр ГССҮТ-д очиход “Охиноо эмнэлэгт хэвтүүл. Тархины нарийн зураг авахуул” гэсэн. Гэтэл би ажилтай, Г.Маралмаа “би энэ муухай эмнэлэгт чинь чиний хүүхдийг сахиад хэвтэж чадахгүй” гэсэн. Тэр үед охины минь бие гайгүй болохоор нь “Үхсэн ч гомдолгүй” гэх бичиг бичээд гарын үсэг зураад гэр рүүгээ явуулсан.
Тэгээд маргааш нь буюу хоёрдугаар сарын 17-ны 07.00 цагт охины бие муудаж ийм байдалд хүрчихлээ. Би Г.Маралмаад итгэдэг байсан болохоор охиноо шатнаас унасан гэдэгт хэд хэдэн удаа итгэсэн. Г.Маралмааг охиныг минь зоддог байсныг мэддэггүй байсан. Гэхдээ Г.Маралмаа охин хоёрын хоорондын харилцаа сайн ч биш гэдгийг гадарлаж байсан. Би Г.Маралмаадаа өөрөөсөө ч илүү итгэдэг байсан юм. Ханиа буруу сонгосон нь миний буруу. Шууд байдлаар биш ч гэсэн охиныхоо үхэлд би буруутай тиймээс ял үүрэхэд бэлэн байна” гэсэн юм.
Г.Маралмаа: Би охинд гар хүрч байсан ч үхэлд хүрэхүйц, хөхөрч няцартал нь зодож байсан удаагүй
/Талийгаач охины хойд ээж/
2015.06.18: -”Би охинд “гар хүрч” байгаагүй. Зүгээр л хааяа бөгс дээр нь алгаддаг байсан. Би тэгж хүүхэд зодох хэрцгий хүн биш. Харин Т.Цогт охиныг суран тэлээгээр ороолгож, охин толгойгоороо газар унаж харагдсан. Яагаад үхсэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Намайг охиныг зоддог байсан гэж мэдүүлэг өгсөн хүүхэн Т.Цогттой дотно харьцаатай байсан. Тэгээд л худал мэдүүлэг өгсөн байх.
Хоёрдугаар сарын 14-нд охин гарах гэж байгаад шатнаас унасан. Би охинд гар хүрч байсан тохиолдлууд байгаа ч үхэлд хүрэхүйц, хөхөрч няцартал нь зодож байсан удаагүй. Т.Цогт хоёрдугаар сарын 15-нд охиноо өмдөндөө баасан гээд цагдаагийн суран бүсээр хоёр удаа ороолгосон. Охин өөрөө гүйж яваад үүдний шатнаас хоёр удаа унасан зэрэг бэртэл гэмтлээс болсон байх.
Нийтийн байранд амьдарч байсан гэрч Отгоо Цогттой дотно харьцаатай байсан учраас миний эсрэг хуурамч мэдүүлэг өгсөн. Би охинд хэзээ ч гар хүрч зодож байгаагүй. Бөөгийн зан үйл охинд хийж байгаагүй” хэмээн шүүх танхимд мэдүүлжээ.