Алдарт мичин жил айсуй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 06 сар 24 ・ 1

        Энэ жил бид 2.747 тэрбум төгрөгөөр наадна. Тав хоног үгүй ээ, нэгмөсөн долоо хоног амрая гээд л энэ тухай Засгийн газар хуралдаж байна. Мөн наадамдах мөнгөө нэмэх үү, үгүй юу гэдгээр ч Засгийн газар хуралдах юм байх. Ер нь яажшуухан наадмаа хийх вэ гэдгээр Засгийн газар өргөтгөсөн хуралдаан хийхээр төлөвлөжээ. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар ч ингэж наадна, тэгж наргина гээд яриад эхэлчихсэн байна. Улаанбаатарын дарга би яаж дутахав гэсэн шиг энэ наадмыг зохион байгуулахад эрвийх дэрвийхээрээ оролцоно гээд энд тэндгүй шороо манаруулж эхэллээ шүү дээ. Мөн тэрбээр урьд байгаагүй сайхан шоу талбай дээрээ хийнэ гэдгээ орой болгон зурагтаар зарлаж байна. Ерөнхийдөө манайхан наадмын тухай л өдөр өнжихгүй шаагилдаж, харин маргаашаас нь намар эхэлдэг гэдгийг таг мартав бололтой.

 

  Ингэхэд амны билгээс ашдын билэг гэсэн нэг үг бий. Надад огт таалагддаггүй юм. Хүсээгүй юмнаасаа урьдчилан сэргийлэхийн оронд хэн нэгэн бурхан харж үзэх байлгүйдээ гэсэн хүсэл мөрөөдлийн нь хүлээлт, өөрийгөө тайвшруулсан арга. Залхуу зангийн нь нэг илрэл л дээ.

 

Ингэхэд энэ өвөл зуд нүүрлэх магадлалтай гэвэл намайг багалзуурдаж алахаас наагуур юм болно шүү дээ, манайхан. Муу амлалаа гээд л. Ингээд миний хэлснээр боллоо гэхэд гол буруутан нь баараггүй би болно. Хангай дэлхий огт биш.

 

Тэгвэл энэ зуны одоогийн өнгө төрхийг цаг хугацааны нь орон зайд тавиад үзэхээр ирэх жил хатуухан өвөл айлчилж,  тэртээ 60 жилийн өмнөх мичин жилийн зуд давтагдах магадлал тун өндөр байгааг дуулгая.

 

Монголчууд он тооллоо зүгээр ч нэг жарнаар нь хуваагаагүй байлгүй дээ. Нөгөө талаас өдгөө л гэхэд нар буцаж, хөх ногооны сөл хөл рүүгээ орйтох цаг ирчихээд байхад хангай нутаг бараг бүхэлдээ хагд өвсөнд дарагдчихаад сууж байна. Гол горхи дагасан зурвасхан газар, сум аймгийн төвийн зарим байшингийн дээвэр, ой модноос өөр ногоон өнгө үзэгдэхгүй байна шүү, цаана чинь. Энэ зуны ой хачин өтгөн ногоон харагдаад байсан чинь цаад суурь нь хувхай цагаан болохоор тэгдэг лүд байна л даа.

 

Харын зуд дамжсан мал хаврын харшаанаасаа гарч чадаагүй учраас ний нуугүй хэлэхэд ясан дээр тохсон арьс л дөнгөн данган хөдөлж байна. Ялангуяа үхэр. Өвсийг хэлээрээ ороож тасдан идэх хувь заяатай төрсөн хөөрхий тэдэнд үнэхээр хүнд байгаа бололтой. Малчид ч ялгаа алга. Яана даа хэмээн толгой сэгсэрч гаслаад л. Хөвсгөл, Булганыхан хүртэл аргаа барсан шинжтэй байна билээ. Уг нь зуд турхан хэмээх үгийг бараг мартаж, ой санамжаасаа хассан нутгийнхан шүү дээ. Ер нь чих тавибал ихэнх нутаг гантай байгаа бололтой.

 

 Тэгвэл он тооллын дарааллаар мичин жил (Зарим нь бич ч гэдэг) айсуй гэдгийг дуулгая. Аюулт гэсэн ч яахав. Намайг муу амаллаа л гэнэ биз. Гэхдээ л монголчуудын зүрхэнд орсон зуд бол 1944-1945 оныг дамнасан мичин жилийн зуд юм. Дэргэд нь манжийн дарлал юу ч биш байсан гээд бодохгүй юу. Энэ зуднаар малаа барсан эмгэн махчин болж, хүний бараа хараад зээрнээс хурдтайгаар хөөдөг байсан тухай яриа домог бус бодит түүх. Ер нь монголчууд жинхэнэ модоо барьсан гэдэг юм. Түүний дараачийн зудууд гайгүй байсан. Алаг цоог хэлбэрээр, энд тэнд болсон учир отор нүүдэл хийх зэргээр аргалчихдаг байв. Бас хэрэг бишдэх төлөвтэйг зун нь мэдчихдэг ухаант өвгөд олон байсан болохоор бэлтгэл ч сайн хийдэг байжээ.

 

Одоохондоо бид налайж байна аа, налайж байна. Халуунд хургасан хоньд шиг тун тайван хэвтэцгээж байна. Ялангуяа манай дарга нар. Хаашаа хэрхэн амрах, яаж наадамдах тухайгаа ам уралдуулаад л сууцгааж буй. Тэгээд ч малыг нь хувьчлаад өгчихсөн юм чинь, өөрийнхөө өмчийн төлөө санаа тавина уу, байна уу, бидэнд ямар падлий байна гэсэн маягаар хандаж буй. Магадгүй малчид модоо бариадахвал ирэх сонгуулиар атга гурил, чимх давсаар санал худалдаад авахад амар гээд алгаа үрчиж суухыг ч үгүйсгэхгүй байна. Гамшиг далимдуулна гэдэг чинь улстөрчдийн гайхамшигтай аргын нэг шүү дээ.

 

Ингэхэд эдүгээ юу тодорхой вэ гэвэл, энэ зунжин намаржингаа айраг, архи, найр, наадам эргүүлэх нь дэндүү тодорхой. Уламжлал нь тийм юм. Гэхдээ цагийн бадлыг эрхбиш анзаарсан хөдөөгийнхөн дэмий л уул овоо болгоноо тахиад, горьдлого тээж, түгшсэн харцаар дээшээ тэнгэр ширтэж сууна. Тиймээс төр, засгийн төлөөллүүд, шат шатны засаг дарга нар минь мичин жил айсуй шүү, бэлтгэл юугаа базаагаарай гэсэн үгийг малчид, иргэддээ оройтоогүй дээр нь хэлж өгөөч гэж гуйя. Алийн болгон бид ниргэсэн хойно нь хашгирах ёстой гэж.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: