Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 05
・ 3

“Тэр аймшигтай өдрөөс хойш бараг 3 сар болох гэж байна. Хүүгээ тэсэж чадах болов уу ч гэж бодож үзсэн удаа бий. Тэр үеийн хүүгийнхээ төрхийг бодоход л хоолой зангирах юм. Ухаан санаа минь орон гаран л байх шиг байсан даа. Ургасан хумсаараа нүүрээ маажчихвийдээ гэж айдаг үрийгээ тийм аймар болгочхоод бид хоёрт бүх зүйл харанхуй мэт санагдаж байсан. Хүсэн хүлээлгэн байж ирсэн хонгорхон үр минь хорвоод ирэхдээ баярлуулсан шигээ дахин ээж ааваа томоос том баярлуулсан. Эрүүл энх инээгээд аав ээждээ эрхлээд л байж байвал жаргал юм даа үр минь. Хүүд минь амьдрал, харин бид хоёрт амьдрах шалтгаан хайрласан та бүхэндээ маш их баярлаж байна. Бид гуравт өнөөдрийг болоод ирээдүйг минь тэр чигээр бэлэглэсэн Монгол Солонгосын бүх хүмүүстээ, бидний хүүд анхан шатны бүхий л арга хэмжээг авч миний хүүгийн амийг аварсан Монгол эмч нартаа, мөн эмчилж эдгээж өгсөн Солонгос эмч нартаа, баярлаад баярлаад барахгүй нь ээ. Бид гурав Монголдоо долоодугаар сарын 4-нд 03.00 цаг өнгөрөөж нисээд очино. Монголдоо очоод та бүхэндээ талархсан сэтгэлээ дахин дахин илэрхийлэх болно. Б.Батбаатар, Б.Мягмарсүрэн, Б. Чинтэнгис” хэмээн хүүгийн ээж Б.Мягмарсүрэн баярласан сэтгэгдлээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан элэг нэгт монголчуудтайгаа хуваалцсан билээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр нэг ой 3 сартай Б.Чинтэнгис хүү буцалсан халуун усанд түлэгдэж, биеийнхээ 50 хувьд 4 дүгээр зэргийн түлэгдэлтэй Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт үхэл амьдралын зааг дээр эмчлүүлж байсныг уншигч та санаж буй биз ээ.
Тухайн үед бяцхан хүүгийн амь насыг аврах ганц арга нь БНСУ-руу очиж яаралтай мэс засал хийлгэх явдал байсан аж. Бяцхан хүү элэгт нэгт монголчуудынхаа сэтгэлийн хандиваар түлэгдсэнээсээ хойш долоо хоногийн дараа Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасгаас БНСУ-д руу явж эмчилгээгээ эхлүүлсэн билээ.

Бяцхан хүүгийн ээж энэ тухай цахим хуудаснаа бичиж, хүүгийнхээ эмчилгээний явцын талаар нэг бүрчлэн мэдээлэл өгч, хүүгийнхээ эмчилгээнд хуримтлагдаж буй хандивын мөнгөн дүнг байнга нийтэд мэдээлж, талархсан сэтгэлээ илэрхийлж байсан юм. Хүүгийн төлөө олон хүн итгэлийн гараа сунган хүүг эрүүл саруул болгохын төлөө зүтгэсэн. Өдөр бүр сэтгэл зовних мянга мянган ээжүүд, элэг нэгт монголчууд, харь нутгийн солонгосчууд хүртэл хүүгийн амь насыг аврахын тулд халуун гараа сунгаж байв. Б.Чинтэнгис хүү ч гэсэн өнгөрсөн гурван сарын хугацаанд олон удаагийн хагалгааг бяцхан биендээ баймгүй их эр зориг гарган даван туулж, өөрийнх нь төлөө цохилсон зүрх бүхнийг баярлуулж байсан билээ. Ингээд бяцхан хүү эмчилгээгээ амжилттай өндөрүүлж, эрүүл саруулж болж улмаар өнгөрсөн бямба гарагт ээж, аавынхаа хамтаар эх орондоо ирсэн юм.

Ингээд манай сурвалжлах групп Б.Чинтэнгис хүүг тосохоор өнгөрсөн ням гарагийн шөнө “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлыг зорив. Сөүл Улаанбаатарын чиглэлийн 03.40 цагт газардсан Korean air-н онгоцоор бяцхан хүү аав, ээжийнхээ хамтаар бууж ирлээ. Бяцхан хүүгийн инээмсэглэл ач хүүтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээсэн эмээд нь баярын нулимс бэлэглэсэн юм.

Энэ өдөр зөвхөн энэ гэр бүл төдийгүй тэдэнд амьдрал бэлэглэсэн мянга мянган хүний баярын өдөр байлаа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.