Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 07
“Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл” гэж “даам гарсан” ТББ байна аа. Ийн хэлэхийн учир нь тус холбоог өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага ч өөгшүүлж тэднийг улам ч ихээр даврааснаас болж өнөөг хүртэл олон иргэд хохирсоор байгаа. Өөрөөр хэлбэл, тус холбоог татан буулгах талаар өнгөрсөн хугацаанд хангалттай ярьсан ч төдийлөн ажил хэрэг болж чадаагүй нь харамсалтай. Тухайлбал, ШӨХТГ-аас Эвлэрлийн гэрээ зөрчиж, шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлээгүй “Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл” ТББ-ыг албадан татан буулгах захирамж гаргаж өгөх хүсэлтийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өгчээ. ШӨХТГ-аас өнгөрсөн онд “Монголын сууц өмчлөгдийн холбооны дээд зөвлөл” ТББ-ыг татан буулгах, 568.555.526 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан байдаг. Тус газар нь хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсаны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн шүүх тогтоол гаргажээ.
Эвлэрлийн гэрээгээр “Монголын сууц өмчлөгдийн холбооны дээд зөвлөл” ТББ нь хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт тавихгүй байх, торгууль ногдуулахгүй, хураамж төлбөр авахгүй байх үүрэг хүлээжээ. Тэгвэл энэ бүхнийг ажил хэрэг болгохоор ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Н.Нарангэрлийг эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн үзэж Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан байна. Тодруулбал, тус холбоотой хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгч Н.Нарангэрэл нь нэхэмжлэгч, хариуцагч талын хооронд байгуулагдсан 2013 оны долоодугаар сарын 03-ны өдрийн эвлэрлийн гэрээний хоёрдугаар зүйлийн “Г” заалтад “хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт тавихгүй байх, торгууль ногдуулахгүй, хураамж төлбөр авахгүй байх”, гуравдугаар зүйлд “хариуцагч, МСӨХДЗ ТББ нь энэхүү гэрээгээр тохиролцсон үүргээ биелүлээгүй тохиолдолд уг ТББ-ыг сайн дураараа татан буулгаж бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна” гэж заасныг нь шүүхийн шийдвэртээ оруулахгүйгээр хассан байжээ.
Товчхондоо бол дээрх хоёр заалтыг шүүгч Н.Нарангэрэл хассан учраас тус холбоог татан буулгах ямар ч боломжгүй байдалд хүрээд байгаа аж. Ингээд энэ бүхнийг эс зөвшөөрөхгүй байгаа талаараа ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан дээрх шүүгчид удаа дараа хүсэлт илгээж түүнээс доорх хариуг авч байжээ. Тэрбээр “ Хариуцагч МСӨХДЗ ТББ нь энэхүү гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг ТББ-ыг сайн дураараа татан буулгаж бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна” гэсэн заалтыг дутуу бичсэн нь техникийн алдаа байх тул нэмж оруулах нь зүйтэй гэж үзлээ” хэмээсэн 2015 оны гуравдугаар сарын 31-ны өдрийн дугаар 339 тоот Шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг Т.Аюурсайханд хүргүүлжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.