Наадам болоод өнгөрлөө. Монголчууд “Төрийн нуруу төвшин бол тэрүүхний хазгай ч яахав” гэлцдэг дээ. Тэгвэл энэ удаагийн наадам тэгж болохооргүй. Анхнаасаа л мордохын хазгай гэгч болсон юм хойно үр дагавар нь ч тиймхэн тусч байна. Аливаа юманд дэгж жаяг гэж байдаг шиг ёр билиг гэж нэг юм бас байна аа. Тиймээс наадмын дэг жаяг, төрийн наадмын ёслол, хүндлэлд алсаа харсан бодлого хэрэгтэйг Төрийн тэргүүнээсээ өгсүүлээд дор бүрдээ ухаарах цаг болжээ.
1.Ерөнхийлөгч нь бөөрөнхий, зарлиг нь бантан
Ерөнхийлөгч наадмын өмнө нэг юманд их ухаан зарсан. Тэр нь хэрүүлгүй наадмын тухайд. Тэгэхдээ их богино бодсон. Эхнийх нь ч яахав, МАНАН гэгч бүтэц задрах юм ярьж, АН нь МАН-аа хөөж, МАН нь ч гарлаа, орлоо гэлцэн бужигнаж ахуйд “Хүүхдүүд шиг гарлаа, орлоо гэхээ боль. Төрийн ажлыг төвшин явуул” гэсэн. Хэрэлдэж, хэлцэж байсан хоёр нам ч хойшоо суусан. Ямар ч байсан наадам болох гэж байхад хэрүүл нам дарагдсан. Энэ бол браво.
Харин хоёр бөхийн хэрүүлийн алимыг “тарьж” ургуулсан Төрийн тэргүүн гуай таг чиг байсан нь ухаан нь богинодсоных. Уг нь Ерөнхийлөгч энэ асуудалд бөөрөнхийлөлгүй шийдэх боломж байсан. Даан ч богинохон бодож, бас богино хардаг учраас тийм чадамж байсангүй. Тухайлбал, Р.Гончигдорж хууль гаргаж нутгийн бөх Г.Өсөхбаяртаа дархан аварга цол өгүүлэхээр болоход Ерөнхийлөгч зарлиг гаргасныг эргэн саная. 2009 онд аваргын болзол хангасан Г.Өсөхбаярт цолыг нь өгөх гэтэл А.Сүхбат 2004 онд тэр болзлыг хангачихсан байсныг нэхэн сануулъя. Ингээд хоёр аваргад нэг өдөр цол олгосон. Нэгэнд нь өмнөх амжилтыг нь үнэлэн цол нэхэн олгож, нөгөөд нь гаргаад буй амжилтыг нь шинэ хуулийн дагуу үнэлж цэгнэн олгосон ийм л явдал. Өмнө нь дархан аварга болсон тул А.Сүхбатад нь 08 дугаартай үнэмлэх, дараа нь амжилт гаргасан учраас дүү аварга Г.Өсөхбаярт нь 09 дугаартай үнэмлэх олгосон шиг байгаа юм. Гэтэл аваргууд эрэмбээрээ зүүнийг магнайлах болоход хууль санаачлагчийн нутгийнх болохоор ч тэр үү, эсвэл хууль санаачлуулагч болохоор тийм байх ёстой ч юм уу “Ноёны бөх” гэдэг шиг Г.Өсөхбаяр нь зүүнийг магнайлна гээд л бөөн хэрүүл. А.Сүхбат нь яаж дуугүй байхав, бас хэрүүл. Гэхдээ хэн ч байсан амжилтыг нь илт үгүйсгэж, дорд үзэж, довж жалгаараа нийлж дараад байхаар тэгэх ч биз. Уг нь ийм юм болохыг зөвлөх энэ тэрээсээ асууж байгаад Ерөнхийлөгч маань урьдчилан бодож, зарлигтаа ялгаад заачихаж болох л байж. Бөхийн цолд төрийн одон, медаль олгохтой адил хандалгүй “А.Сүхбатын 2004 онд гаргасан амжилтыг үнэлж, Г:Өсөхбаярын 2009 оны амжилтыг харгалзаж тус, тус дархан аварга цол олгов” гэчихсэн бол амжилтаараа шууд эрэмбэлэгдэх байсан биш үү. Ингэж чадаагүй учраас зарлиг бантан болж, наадмын түрүү бөхчүүд ёс жудгаа мартан хэрэлдэж Төрийн наадам хоймроосоо эхлээд хэрүүлээр эхлэв.
2. Монгол морьд эрлийзтэй холилдон уралдаж, уяачид уурлав
Энэ жилийн наадмын хурдан морины уралдаан болохоосоо урьтаад бөөн бужигнаан, бас л хэрүүл талцлаар амьсгалсан. Морьдыг ангилахдаа зөвхөн биеийн өндрийг харгалзана гэж Улсын комисс нь шийдвэрлээд л …Морьдын биеийн өндрөөс гадна гадаад байдал галбир, шилбэний өндөр, дэл сүүл гээд олон үзүүлэлтээр ангилна гэхээр ажил ихтэй, дээр нь мал мэдэхгүй дамшгуудад хэцүү байснаас тэр үү. Тийм бол залхуурсан гэж үзэж болох. Гэтэл тэдгээр ангилалуудаар оруулалгүй ганц биеийн өндрийг харгалзуулаад эрлийз морьдоо явуулчих гэсэн сонирхол бүхий этгээдүүдийн захиалгад дарагдаад тэр үү. Тэр үнэн бол авлига авсан байх магадлалтай гэж үзэж бас болохоор. Эцэст нь морьдыг ангилахдаа галбир, шилбэний өндөр гэхчлэн нарийн үзүүлэлтүүдийг нэмэхээр боллоо гэсэн. Гэтэл хурдан морьд бүртгүүлж, гараанаас гарахад жинхэнэ монгол адуу зуу зуугаараа эрлийз, хурлийз хэмээгдэн хасагдаж, яс юман дээр нөгөө эрлийзүүд нь уралдаж барианд орсноор хөдөөнөөс ирсэн малчин уяачид нулимстай, эрлийз адууг Араб, Англи, Америкаас үнэ цохиж авчирсан улс төрч, сайд, дарга уяач нар нь башийдаг байгаа. Энэ жилийн наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд л гэхэд 228 хурдан буян бүртгүүлснээс 137 нь хасагдаж, дөнгөж 91 нь уралдсан. Үүнээс үүдэж хөдөөгийн малчин уяачид “Цаашид ийм байвал Төрийн наадам маань хэдхэн хүний наадам болон хувирч, сайд, даргын морь түрүүлдэг болох юм байна. Ирж оролцох эрмэлзэл алга боллоо” гэцгээсэн. Бас улсын комисс нь ч морь мэддэг хүнгүй, мэдлэггүй нөхдүүд лоббигоор морьдыг ангилж байна уу гэсэн хардлага үүссэн.
Ер нь бол 21 аймаг, 331 сум хавтгайдаа адуугаа эрлийзжүүлчихсэн байх магадлалтай. Эрлийз морьд ч ялгархгүй болчихсон, алийг нь ялгахаа ч мэдэхээ байж баларч байгааг адуу судлаач, гавьяат малзүйч Д.Самданжамц гуай хэвлэлээр цухас ярьсан зэрэг цаашид анхаарах юм ихтэй, хэрүүл хэлцэл ч ихтэй хурдан морины уралдаан боллоо.
3.Эрхий мэргэд бай шагналаа чамлав
Эрийн гурван наадмын маань нэг болох эрхий мэргэн харваачдын цэц мэргэнээ сорьж, эр чадлаа гайхуулдаг нум сум харваа ч бас тиймхэн болов. Жилийн жилд л Улсын мэргэн боллоо, Хошой мэргэн боллоо гээд цол чимэг өгч сүр бадруулдаг. Бай шагнал нь багахан байсаар ирсэн. Гэтэл хурдан морь, түрүүлсэн бөх нь жийп автомашинаар алба юм шиг шагнуулж, тэндээс ч 4 өрөө байр, эндээс ч 5 өрөө байр гэхчлэн бүхэл бүтэн орон сууцны нэг орцыг бэлгэнд авахдаа тулдаг. Гэтэл эрхий мэргэн харваачдэд байдаггүй. Эрийн гурван наадам гэчихээд ийм ялгавартай бай шагнал, нөгөөгөө дорд үзсэн байдал байж болохгүйг зарим харваачид хэлж байлаа. Ингээд Монгол Төрийн бахархал, сүр хүч болсон эрийн гурван наадам маань гурвуулаа хэрүүл, хэл амтай боллоо. Төрийн наадам төвшин болсонгүй.
Тэрнээс үүдсэн гэх гээгүй ч хэрүүлээр эхэлсэн наадмын төгсгөл нь 5 уулчин амь эрсдэж, наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолтыг удирдах байсан удирдаач нь хүндээр өвдсөн, Ноён уулаа аваръя хөдөлгөөний тэмцэгч Д.Цэрэннадмид хүнд хутгалуулсан, олон нийтийн дуу хоолой болж байдаг сэтгүүлзүйн нэг төлөөлөл болсон сэтгүүлч С.Баттулга бичсэн нийтлэлийнхээ төлөө шоронд хоригдсон, Хүй долоон худагт аймшигтай шороон шуурга болж олон гэр нурж, наадамчид бэртэж гэмтсэн гэх мэдээллээр үргэлжилж байна. Наадмаа төвшин хийж, төрлөөрөө түмэн амгалан, элгээрээ энх амгалан жаргах цаг хаашаа одчихов доо, та минь ээ.
Эх сурвалж:www.Ontslokh.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.