Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 16
・ 1
Наадмын маргааш намар гэдэг. Хүн бүр ажил алба, амралт зугаалгаа зохицуулж, ирэх өвлийн сорилтыг давахад онцгой анхаарахыг Төрийн тэргүүн сануулсан.
Өвлийн жавар, хаврын хавсаргыг зуны бэлтгэл, намрын хөдөлмөрөөр гэтлэдэг гэлцдэг. Тиймдээ ч хахир өвөл, хатуу хаварт дөрлүүлэхгүй байхын тулд эдийн засаг тэнхээтэй байх хэрэгтэйг эдийн засагчид хэлж байсан.
Эдийн засаг сэргэх эсэх нь хөрөнгө оруулалтаас хамааралтай хэмээн ярьдаг. Тэгвэл сүүлийн хоёр сард нэлээдгүй олон гэрээ үзэглэсэн нь гадны хөрөнгө оруулагчид биднийг сонирхсон хэвээр байгааг илтгэж буйг албаныхан онцолж байна. Тухайлбал, “Оюутолгой”-н далд уурхайд шаардлагатай төслийн санхүүжилтийн хэлэлцээг энэ оны сүүлээр үзэглэх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа “Turquoise Hill Resources” компаниас мэдээллээ.
Мөн манай улсын газрын тосны салбарыг дэлхийн томоохон компаниуд сонирхож буйг онцлох хэрэгтэй. Тухайлбал, Английн “Бритиш газ” компани газрын тосны хайгуулын “Богд-IV”, “Онги-V” талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 28 сая ам.долларын өртөгтэй ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажээ. Энэхүү хөрөнгө оруулалтын эхний хэсэг буюу 13.6 сая ам.долларыг энэ ондоо багтаан оруулах бол 13 сая ам.долларыг ирэх жил хайгуулын ажилд зарцуулах юм байна. Түүнчлэн БНХАУ-ын Хайчен хотын Газрын тосны машин механизмын үйлдвэрлэлийн компани “Хар-Ус II” талбайд “Ренова илч” компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хийх ажлын хөрөнгө оруулалтад 500 сая ам.доллар буюу ойролцоогоор гурван тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Түүнчлэн Төрийн тэргүүнүүд уулзалт, айлчлалын үеэрээ хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн. Тухайлбал Ерөнхийлөгч ШХАБ, БРИКС-ийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр ОХУ болон БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай ерөнхий хэлэлцээрт гурван улсын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зуржээ. ОХУ-ын Гаалийн байгууллагатай байгуулсан хэлэлцээрт гарын үсэг зурснаар дамжин өнгөрөх нэр бүхий бараа бүтээгдэхүүнд давхар шалгалт хийхгүй болж буй гэнэ. Эхний ээлжинд ОХУ-аас Монгол руу 52 нэр төрлийн барааг, Монголоос ОХУ-руу гурван нэр төрлийн барааг давхар шалгалт хийхгүйгээр нэвтрүүлэхээр хэлэлцээрт тусгасан байна. Хятадын талтай Монгол улс дамжин өнгөрөх бараа, бүтээгдэхүүний бүрдүүлэлтийг электрон байдалд шилжүүлэхээр тохиролцсон байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.