-Гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн этгээд авга дүү нь байжээ-
Нэг гэр бүлийн гурван хүнийг хүйс тэмтэрч, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг энэ сарын эхээр Төв аймгийн Сэргэлэн суманд гарсан талаар манай сайт мэдээлсэн. Манай сурвалжлах групп өчигдөр эл хэргийг нэхэн сурвалжлахаар Сэргэлэн сумыг зорьсон юм. Улаанбаатараас Төв аймгийн Сэргэлэн сум хүртэл 50 орчим км зайтай аж. Биднийг өчигдөр 11:00 цагийн үед сумын төвд очиход хөл хөдөлгөөн багатай байв. Малаа бэлчээж буй 30 орчим насны эрэгтэйгээс хэргийн талаар асуухад “Тийм хэрэг гарсан гэсэн. Гэхдээ манай энд биш, нэлээд зайтай юм гэнэ лээ” гэв. Мөн замд тааралдсан сумын хоёр иргэнээс асуухад мөнөөх эрэгтэйн өгсөн мэдээллийг л өгч байв. Тиймээс бид тус сумын Цагдаагийн хэлтсээс мэдээлэл авахаар очсон юм.

Тус хэлтсийн хоёр цагдаагийн алба хаагч “Сэжигтнүүдийг саатуулсан байгаа. Төв аймгийн Цагдаагийн хэлтсээс хэргийн талаар мэдээлэл авч болно. Шалгагдаж байгаа хэрэг учраас бидний зүгээс мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн ямар нэгэн зүйл хэлэхээс цааргаллаа.
Талийгаачийнх өвөлжөөндөө ганц гэрээрээ зусаж байв
Ингээд бид эх сурвалжуудаас мэдээлэл авсны үндсэн дээр хүн амины хэрэг гарсан гэх Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн нутагт байрлах “Хөндлөн” хэмээх газар руу хөдөллөө. Энэ газар нь Сэргэлэн сумаас 40 гаруй, засмал замаасаа салаад 20 орчим км зайтай аж.

Налайх дүүрэг болон Төв аймгийн Сэргэлэн сумын огтлолцол дээр байрлах “Хөндлөн” хэмээх энэ газарт талийгаач Л-ынх ганц гэрээрээ өвөлжөөндөө зусаж байжээ. Тэднийхтэй хамгийн ойр саахалт айл нь 3 орчим км зайтай аж. Талийгаачийнх энэ өвөлжөөнд сүүлийн 7-8 жил амьдарч байжээ.
Хашаанд нь эсгий гэр, жижиг шавар байшин байх бөгөөд тавилгуудыг нь гаргаж тавин, ундуй сундуй болгожээ. Талийгаачдын хүүхдүүд нь тэднийгээ нутаглуулсныхаа дараа гэрт байсан орыг гаргаж, шинийг авч тавьжээ.

Охин руугаа “Амралтанд явлаа” хэмээн залгажээ
Хохирогч Л /57 настай/, Т /53 настай/ нар гурван хүүхэдтэй. Тэдний том хүү нь Налайх дүүргийн Нисэхийн ангид ажилладаг аж. Харин дунд охин нь найман сартай жирэмсэн, хотод нөхөртэйгээ амьдардаг юм байна. Хамгийн бага охин нь энэ жил тавдугаар ангиа төгсөөд зуныхаа амралтаар аав, ээж дээрээ очиж амарч байгаад ийн тэднийхээ хамтаар бусдад хорлогджээ. Түүнийг сурлага сайтай, сэргэлэн охин байсан гэдгийг хамаатных нь залуу хэлж байв. Охиныг амиа алдахынх нь өмнөхөн ойролцоо зусдаг нагац ах нь тавдугаар ангиа онц дүнтэй төгссөнийг нь мялаан, хот руу дагуулж явж дуртай зүйлийг нь авч өгнө хэмээн амлаж байжээ. Охин аав, ээж дээрээ ирээд энэхүү жижиг дугуйгаар өдөржин тоглодог байсан гэнэ.

Хэрэг гарахын өмнөхөн Т нь хотод байдаг том охин руугаа залган “Ээжийнх нь ангийнхан зугаалганд явъя гэж байна. Аав, ээж хоёр нь явчих уу” хэмээн асуужээ. Тэгэхэд охин нь “Та хоёр өөрсдөө мэд. Найзуудтайгаа явж сайхан амраад ирвэл ирэхгүй юү” хэмээсэн байна. Түүнийг ийн утсаар ярьж байхад хажууд нь сэжигтэн Б /32 настай/ байсан гэнэ.
Гэмт этгээд хохирогчийн гэрт өвөлжсөн байна
Тэрбээр хохирогч Л /гэрийн эзэн/-ий төрсөн ахынх нь хүү юм байна. Өдгөө 32 настай тэрбээр Шар хаданд өссөн, хоёр ч удаа шүүхээс ял сонсож, шоронд хоригдож байсан нэгэн аж. Шоронгоос суллагдаад удаагүй байсан түүнийг авга ах болох Л /талийгаач/ нь өнгөрсөн өвлөөс өөр дээрээ авч, гэртээ байлгах болжээ. Талийгаач Л “Ганц ахынхаа хүүхдийг харж хандахгүй бол дахин болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд орон шоронд орчих ч юм бил үү. Хажуудаа байлгаж мал маллуулбал хэрэг түвэгт холбогдохгүй, зан ааш нь төлөвших байх” хэмээн ярьдаг байжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.