Тэд хамгийн сүүлд Малчин оргил дээрээс гэр бүлийнхэндээ энерги дамжуулжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 17 ・ 1

-“Таван хүний амь яригдаж байхад мэдээ хүлээж суухын оронд шууд нисдэг тэргээр хайсан бол аврах боломж байсан”-

Алтай таван богдод авирч байсан таван иргэн харамсалтайгаар амиа алдсан талаар манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Онцгой байдлынхан талийгаачдын шарилыг өчигдөр нисдэг тэргээр Улаанбаатар хотод авчирсан юм. Цаг агаар муу, бороотой байсан учраас нисдэг тэрэг Баянхонгор аймагт хэсэг саатжээ.

Талийгаачид Хүйтний оргил орчимд осгож нас барсан байдалтай олдсон талаар эх сурвалж мэдээлсэн. Туршлагатай уулчид үүнийг тайлбарлахдаа “Онцгойгийнхон тэднийг дурангаар харж олсон гэсэн. Ил харагдаж байсныг бодоход нэг олсонд явсан багийнхан ангал руу унаж амиа алдаагүй. Мөн цасан нурангид ч дарагдаагүй. Ангал руу уналаа гэхэд бүгд өндөрлөг газар гарч ирсэн байна. Цаг алдалгүй хайсан бол талийгаачдыг эсэн мэнд олох боломж байсан. Эрлийнхэн цаг алдсан учраас тэр хүмүүс осгож амиа алдсан гэж таамаглаж байгаа юм.

Уулчид маш тэвчээртэй хүмүүс байдаг. Бага зэргийн гэмтлийг даагаад яваад байх чадвартай. Хэд хоногийн өл даах ч тэвчээртэй. Гурван хоногийн дараа тэдний цогцсыг оллоо шүү дээ. Тэгэхээр амь тавьтлаа эрлийн багийнхныг хүлээж, маш их зовсон байх. Үнэхээр харамсалтай байна. Туршлагатай, Монголд нэр алдартай уулчдын дэргэд явж байгаад амиа алдсанд, эрлийнхэн цаг алдсанд харамсаад барахгүй юм” гэлээ.

Наадмын өдрүүдэд Алтай таван богд руу авирах аялалыг “Mongolia expeditions” компани зохион байгуулсан. Гэхдээ тус компанийн захирал С.Алдархишиг “Манайхаас зохион байгуулсан, гавьяат тамирчин Г.Өсөхбаярын удирдсан аялалд 10 гаруй хүн бүртгүүлж авиралтад оролцсон. Тэнд манай багаас гадна Эрдэнэтийн баг, оросууд, судлаачдын баг очсон байсан. Сураггүй болсон хүмүүс манай багт бүртгэлгүй. Хамгийн гол нь тэд нэг олсноос бэхлэгдсэн, туршлага багатай гэдэг нь санаа зовоож байна” гэж мэдэгдсэн юм. Харин талийгаачдын ар гэрийнхэн, дотны хүмүүс нь Алтай таван богд руу аялуулах зар түгээж, хүмүүсийг уриалсан компанид гомдолтой байгаа бөгөөд, эрсдэлтэй замд зохион байгуулалтгүй олон хүнийг авч явсан гэж үзэж байгаа аж.

Тэд facebook дэх зараар нэгджээ

“Mongolia expeditions” аялал жуулчлалын компани өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр facebook-ээр Алтай таван богдод аялах аялал зохион байгуулж байгаагаа зарлаж, аялагчдыг нэгдэхийг уриалж эхэлжээ. Анх Алтай таван богдын Хүйтний оргилд Оросын мөсөн гол судлаач, уулчин ах дүү Борис Владимирович, Михаил Владимирович Тронов нар 1915 оны долдугаар сарын 12-нд гарч байсан түүхтэй. Үүнийг Алтай таван богдод уулчин гарсны 100 жилийн ой гэж үзэж, тус компани аялал зохион байгуулахаар болжээ. “Mongolia expeditions” компани уулын авиралтыг 2006 оноос хойш зохион байгуулж, 200 гаруй уулчдыг аялуулж байсан түүхтэй. Алтай таван богдод хүн авирсны 100 жилийн ойд зориулсан аялал энэ сарын 8-15-ныг хүртэл үргэлжилжээ. Аяллын үнэ 720 мянган төгрөг бөгөөд энэ дүнд Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн онгоцны тасалбарын үнэ ороогүй аж.

Хүйтний оргилд уулчид аялах зараар талийгаачид нэгдэж, нэг баг болохоор ярилцсан талаар дотны хүмүүс нь ярьсан. Тэд аялал зохион байгуулагчидтай холбогдож, мэдээлэл авч байгаад нэг өдөр явсан гэнэ. Талийгаачдын гурав нь сайн танилууд бөгөөд өмнө нь хамт ууланд авирч, аялж байжээ. Харин хоёр нь уулын аялал сонирхдог бөгөөд, сонирхлынхоо дагуу нэгджээ. Талийгаачид энэ сарын 8-ны өдөр Баян-Өлгий аймгийн төвөөс Цэнгэл сумын Хар-Уул багийн нутаг Алтай таван богд руу хөдөлжээ. 200 гаруй км замыг туулж, Цагаан гол орчимд хоноглосон байна. Маргааш нь Таван богд уулын бааз руу явган аялжээ. Тэр өдрөө далайн түвшнээс дээш гурван мянга орчим метрийн өндөрт гарсан талаар хамт явсан уулчдын нэг нь ярьсан юм. Долдугаар сарын 10-ны өдөр уулчид далайн түвшнээс дээш 4050 метрийн өндөрт Малчин оргилд гараад отог руугаа буцжээ. Ингэхдээ тэд Хоног толгойд буюу 3600 орчим метрийн өндөрт хоножээ. Маргааш нь Хүйтний оргил руу хойд талаас нь авирсан байна. Хүйтний оргил дээр Алтай таван богд руу авирсан бүх хүмүүс цуглаж, амарсан бөгөөд буцах замд нэг олсонд холбоотой явсан таван хүн сураггүй болсон байна. Тэдний нэг нь унаж, хоёр эмэгтэй хүн орилохыг Эрдэнэтийн багт явсан уулчин сонссон аж. Түүнийг шокын байдалтай байгааг эх сурвалж хэлсэн юм.

Уулчид сураггүй болсон талаар “Mongolia expedi­tions” компанийн багийнхан отогтоо ирээд мэджээ. Өглөө нь гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид эрэлд гарсан ч сураггүй болсон хүмүүсийг олоогүй аж. Улмаар энэ сарын 12-ны 02.35 цагт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт хэл дуулгажээ. Онцгой байдлын газрын долоон алба хаагч, Хилийн 0285 дугаар ангийн дөрвөн алба хаагч, уулын авиралтын дөрвөн тамирчин нийт 15 хүн, гурван машинтайгаар эрэн хайх, аврах ажиллагааг энэ сарын 13-наас эхлүүлжээ. Эрлийн баг энэ сарын 14-ний орой Хүйтний оргилоос таван хүний цогцос олсон бөгөөд маргааш нь нисдэг тэргээр Өлгий хотод авчирчээ.

Талийгаачдын нэг нь уулын спортын зэрэгтэй байжээ

Алтай таван богдод сураггүй болж, эндсэн таван хүний гурав нь ууланд авирч байсан туршлагатай байжээ. Тэднийг “Эрүүл монгол-хайкинг” клубын гишүүн Д.Гомбосүрэн ахалж явсан аж. Тэрээр 37 настай. Уулын спортын хоёрдугаар зэрэгтэй тэрбээр өмнө нь Сутай, Цамбагарав хайрхан, Алтай таван богдод авирч байжээ.

Түүнтэй хамт явсан О.Гантөмөр 49 настай. Сүхбаатар аймгийн Тохижилт үйлчилгээний нэгтгэлд ажилладаг байжээ. Дугуйн спортоор хичээллэдэг тэрбээр сонирхлоороо дотоодын хэд хэдэн ууланд авирч байсныг эх сурвалж хэлсэн юм.

Амиа алдсан хоёр эмэгтэйн нэг нь Б.Долгорханд. 57 настай тэрээр явган аяллын клубыг ахалдаг байжээ. 2011 онд явган аяллын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан тэрээр цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Түүний ахалж байсан клубт цэргийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс байдаг бөгөөд жилд хоёроос гурван удаа уртын явган аялал зохион байгуулдаг аж.

Тэдэнтэй хамт явсан 21, 48 настай хоёр иргэн анх удаа ууланд аялж явсан гэдгийг эх сурвалж хэлсэн.

“Тэр ӨндӨрт, цасан дунд хэр удаан Үхэлтэй тэмцэж зовсон бол гэж бодохоос л...”

Талийгаачдын нэгийнх нь ар гэрийнхэнтэй холбогдож ярилцлаа.

-Танай гэр бүлийнхэнд уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

-Бид хүнээ хүлээж аваагүй байна. Цаг агаараас шалтгаалж нисдэг тэрэг нь саатсан гэнэ. Үнэхээр юу ярьж, хэнд хандахаа мэдэхгүй байна. Шарилыг нь хараагүй болохоор ямар байдалтай нас барсныг нь ч таамаглаж чадахгүй юм. Тэр өндөрт, цасан дунд хэр удаан үхэлтэй тэмцэж зовсон бол гэж бодохоос л...

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 19/

    Ямар ч эрсдэлд орох боломжтой аюултай зүйл хийж байгаагаа мэддэг л хүний хийдэг ажил байх.Асуудал үүссэний дараа үргэлж л засагийн буруу гэх юм даа.Дүрэм журам гэж нэг юм уг нь байдаг л байх ёстой.Түүнийгээ л барьж ажиллаж байвал аль ч талдаа дээрдээ.
    Талийгаачдынханд гүн эмгэнэл илэрхийлье.

    Хариулах