Наадамтай, гамшигтай, харуусалтай өдрүүд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 19 ・ 1

 

-Түрүү, үзүүр бөхөө  мялаалсан шиг мялаалаа-

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа монголчууд ёстой л дэнж хотойтол сайхан наадлаа. 5 өдөр амарч наадамласан болоод ч тэрүү өнөөдрийг хүртэл наадмын тухай яриа үргэлжилсээр. Их баяр наадамдаа  түрүүлсэн Улсын арслан Э.Оюунболд бөх сонирхогчдын тааврыг будилуулж шинэ залуу үеийн бас нэг хүчтэн гэдгээ харууллаа.  Түүнд  түрүү бөхийн бай шагнал,  "Ланд крузер-200" автомашин, "Их засаг" сургуулиас дөрвөн өрөө байрны болон "Хан хэнтий хөгжил" сангаас хоёр өрөө байрыг тус тус бэлэглэсэн юм.

Мөн үзүүрлэсэн бөх П.Бүрэнтөгс арсланд нутгийн зөвлөлөөс "Ланд крузер 200" автомашин  бэлэглэлээ. Энэ жилийн наадамд Улсын арслан Э.Оюунболд дөнгөж 22 настайдаа түрүү бөх болж чадлаа. Улс орны эдийн засаг хямралтай байгаа ч гэлээ бөхөө дээдэлдэг монголчууд үзүүр түрүү бөхдөө гар татсангүй сайхан наадлаа.

Энэ наадмаар шижигнэсэн долоон залуу начин цолонд хүрсэн. Монгол Улcын начин Алтангэрэлийн Алтанхуяг өмнө нь 3 удаа начны босгонд тулаад 4 дэх наадамдаа Улсын начин цол хүртсэн гээд сонин хачин ихтэй наадам байлаа. 

 

-Таван уулчин амь үрэгдлээ-

Баян-Өлгий аймгийн нутаг, Алтай таван богд ууланд авирч байсан таван хүн сураггүй алга болсон таагүй үйл явдал өнгөрсөн долоо хоногт тохиолоо.  Энэ тухай  ОБЕГ-ийн мэдээлэлд “Алтай Таван Богдын Хүйтний оргилоос таван хүний цогцос олсон. Эдгээр нь сураггүй болсон уулчид мөн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын шинжээч нар таниулах ажиллагаа хийж байна. Таниулах ажиллагааны дараа сураггүй болсон уулчид мөн эсэх нь тогтоогдоно. Түүнчлэн өнөө орой эсвэл маргааш өглөөдөө багтааж эдгээр хүмүүсийн цогцосыг хотод авчирна"  гэж байсан юм.

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр уулчдын цогцсыг өнгөрөгч лхагва гарагт  олсон байна. Талийгаачдыг осгож нас барсныг эхний байдлаар тогтоожээ. Сануулахад Алтай Таван Богд ууланд авиралт хийсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. 100 жилийн ойд зориулсан авиралт наадмын үеэр тохиож, Монголын өнцөг булан бүрээс, хилийн чанадаас олон уулчин, клуб, уулын спорт сонирхогч, аялагчид Алтай Таван Богдыг зорьжээ. 

 

-Гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн аймшигт хэрэг-

Өнгөрөгч долоо хоонгт бас нэг таагүй үйл явдал болж иргэдийг цочирдуулсан юм. Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн нутагт байрлах “Хөндлөн” хэмээх газар талийгаач Л-ынх ганц гэрээрээ өвөлжөөндөө зусаж байжээ. Тэднийхтэй хамгийн ойр саахалт айл нь 3 орчим км зайтай аж. Талийгаачийнх энэ өвөлжөөнд сүүлийн 7-8 жил амьдарч байжээ. Хашаанд нь эсгий гэр, жижиг шавар байшин байх бөгөөд тавилгуудыг нь гаргаж тавин, ундуй сундуй болгожээ.  Хохирогч Л /57 настай/, Т /53 настай/ нар гурван хүүхэдтэй. Тэдний том хүү нь Налайх дүүргийн Нисэхийн ангид ажилладаг аж. Харин дунд охин нь найман сартай жирэмсэн, хотод нөхөртэйгээ амьдардаг юм байна. Хамгийн бага охин нь энэ жил тавдугаар ангиа төгсөөд зуныхаа амралтаар аав, ээж дээрээ очиж амарч байгаад ийн тэднийхээ хамтаар бусдад хорлогджээ. Гэмт этгээд хохирогчийн гэрт өвөлжсөн байна. Тэрбээр хохирогч Л /гэрийн эзэн/-ий төрсөн ахынх нь хүү юм байна. Өдгөө 32 настай тэрбээр Шар хаданд өссөн, хоёр ч удаа шүүхээс ял сонсож, шоронд хоригдож байсан нэгэн аж.  Шоронгоос суллагдаад удаагүй байсан түүнийг авга ах болох Л /талийгаач/ нь өнгөрсөн өвлөөс өөр дээрээ авч, гэртээ байлгах болжээ. Талийгаач Л “Ганц ахынхаа хүүхдийг харж хандахгүй бол дахин болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд орон шоронд орчих ч юм бил үү. Хажуудаа байлгаж мал маллуулбал хэрэг түвэгт холбогдохгүй, зан ааш нь төлөвших байх” хэмээн ярьдаг байжээ. Талийгаачийн өвөлжөөнөөс баруун тийш, ойролцоогоор 100 метрийн зайд жижиг дэрстэй жалга байдаг аж. Жил гаруйн өмнө тэнд худаг гаргахаар нүх ухаж байсан гэнэ. Өнгөрсөн өвөл тэдний нэг үхэр тэрхүү ухсан нүх рүү унаж байсан аж.  Тиймээс тэд алга болсон үхрээ хайж яваад тэрхүү нүх рүү очтол аав, ээж, дүүг нь хөнөөгөөд цогцсыг нь хийсэн байжээ.

 

-Үер усны аюул нүүрлэсээр-

Улаанбаатар хотод  амралтын өдрүүдэд хур бороо ихтэй өдрүүд үргэлжилсэн. Бямба гарагийн  17.00 цагийн орчимд хүчтэй аадар бороо орсны улмаас Зурагт, III-IV хороолол, Баянхошуу, Зүүн салаа орчмын газрууд үерт өртлөө. 

Энэ үеэр авто замуудад их хэмжээний ус эрчлэн орж ирж, гэр хорооллын гудамжуудаар явахад бэрхтэй болсон юм. Баянхошуу орчимд цахилгаан мөн хэсэг хугацаанд тасарчээ. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийнхан амрах завгүйгээр ажиллаж, Зурагтын шинэ эцсийн буудлын орчимд авто зам дээр бий болсон их шороог ачиж, цэвэрлэгээ хийж байна. Харин Баянхошууны 7, 8 дугаар хорооны зарим гудамжны булан тохой үерт автсаны улмаас ангал үүсч, эвдэрч сүйдээд байгаа юм. Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд  дуу цахилгаантай бороо орохыг анхааруулж буй. Энэ үеэр салхи 6-11 метр секунд хүрэх аж. Мөн төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын зарим газраар өнөөдөр, маргааш хоёр дуу цахилгаантай бороо орохоор байна. Иймд ард иргэдийг аян замд гарахаар төлөвлөж байгаа бол бэлтгэлээ сайн базаах хэрэгтэйг холбогдох албаныхан сануулж байна.


 

ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 19/

    Naadamaasaa hynii ami hezyyey????ene hargislal ger byleer ni hyis temtreh ni zebhen Mongold l bna?....Mongolchyyd,setgeleen ariusgah heregtei?....chag ni irjee?.......Tarbaga chono yneg hyarsnaas ehleed amitan alah sanaanaasaa salah chag boljee?enyynees yyseltei ta nariin hargislal?...amitaniig hair

    Хариулах