
Энэ жил нэг аймаг, 36 сумын тэгш ой тохиож байгаа. Долдугаар сар гаргаад л эхэлсэн наадмууд одоо ид дундаа үргэлжилж байна. Улсын наадам дамнуулаад үргэлжилсэн урт амралт дуусаагүй.
Энд тэндхийн албан газарт “гэр сахиж” хоцорсон хэдэн хүн л байна. Уг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наадмын өмнөхөн аймгууд, агентлагийн дарга нартай цахим хурал хийхдээ “Наймдугаар сарын 1-нээс хойш наадам хийхгүй шүү” гэж анхааруулсан.
Цаасаар гарсан хуулийг тоодоггүй манайханд амаар хэлсэн анхааруулга юу ч биш бололтой. Гэтэл энэ жил зуншлага тааруухан. Бэлчээрийн гарц алаг цоог. Нийт нутгийн 50 шахам хувь нь гантай байдаг. Саяхнаас орсон бороо зарим нутагт үерийн аюул дагуулав. Дээрээс нь энэ зун ихээр халж, халуун намраар нойтон цас орж эхлэх тухай мэдээг мэргэжлийн байгууллагаас өгөөд байна. Уг нь наадмын маргааш намар гэдэг.
Энэ жилийн хувьд зун ч болсонгүй. Өдгөө зуны сүүл сар эхэлчихээд явж байна. Ирэх хавар билгийн тооллын бичин жил гарна. Ингээд бодохул ямархуу өвөл, хавартай золгох нь бараг л тодорхой байна.
Гэтэл наадам дуусдаггүй ээ. Улсын наадамтай зэрэгцээд олон наадам болж өнгөрсөн. Одоо болох наадам ч цөөнгүй дуулдаж байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянлиг, Богд сумын 90 жилийн ой энэ сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд болно.
Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд тохиож байгаа. Дундговь аймгийн наадам долдугаар сарын 26-27-нд, тус аймгийн Баянжаргалан сумын 90 жилийн ой ирэх сарын 23-25-нд болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.