Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 21
・ 2
 |
Саяхан Наадмын өмнө Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал гэгч нөхөр таван холбогдогч бүхий эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргахын зэрэгцээ гадуур бусдын батлан даалтад байсан шүүгдэгч нарт бүгдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч нийгмийг, ард иргэдийг гайхшруулаад авлаа. Тэдгээр хоригдсон иргэдийн дунд нэгэн сэтгүүлч бүсгүй байсан тул хэвлэл, мэдээллийнхэн асар ихээр бухимдан, хүчтэй эсэргүүцэл илэрхийлж тэр дороо энэхүү шийдвэр нь олны нүд, чихэнд хүрч ёстой л нэг сенсаац болов. Сэтгүүлчид ч сэргэлэн, овсгоотой юм. Шүүх хуралдааны бичлэгийг олж аваад онлайнаар интернэтэд байршуулсан байх юм. Би жирийн эрх зүйч хүний хувьд энэ үйл явдлыг хэрхэн харж байгаагаа та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа. Тухайн эрүүгийн хэргийн нарийн ширийн рүү нь орохгүйгээр, зөвхөн шүүн таслах ажиллагаа, тэр дотроо шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн хэрэглэж байгаа талаар л асуудлыг хөндөх нь зөв байх.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн "Шүүх хуралдааныг эхлэх" нэртэй Гучин гуравдугаар бүлэг буюу 254-260 зүйлүүдэд шүүх хуралдааныг хэрхэн нээж явуулах тухай процессын нарийн зохицуулалтуудыг дэс дараатайгаар заасан байдаг. Эхлээд шүүгч шүүх хуралдаанаа нээнэ, тэгээд оролцогчдыг ирцийг шалгана, орчуулагч, хэлмэрч байвал эрх, үүргийг тайлбарлана, гэрч байвал танхимаас гаргаж тусгаарлана, шүүгдэгчдэд яллах дүгнэлтийн хуулбарыг цаг тухайд нь өгсөн эсэхийг шалгана, шүүх бүрэлдэхүүн, оролцогч нарыг зарлаж, тэдгээрийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхийг тайлбарлана.
Эцэст нь шүүх хуралдаан даргалагч нь шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, шинжээч нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж өгөх ёстой байдаг юм. Энэ бүх процесс явагдсаны дараа шүүгч ЭБШХ-ийн 260-р зүйлийн 260-д "Шүүх хуралдаанд оролцогчдын хэн нэг нь ирээгүй бол шүүх хуралдааны ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг энэ хуулийн 240- 245 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ" гэж заасны дагуу сая шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэх ёстой байсан юм.
Гэвч шүүгч С.Батжаргал нь дээрх шүүн таслах ажиллагааны процессыг хуульд заасан дараалал, ном журмаар нь явуулаагүй болохыг бид бичлэг дээрээс харж болхоор байна. Энэ бол шүүн таслах ажиллагааны ноцтой зөрчил мөн. Учир нь тус шүүх хуралдаанд ямар эрх, үүрэг эдэлж оролцож байгаагаа мэдэхгүй хүмүүс босож зогсоод шүүхэд хүсэлт гаргаад, тайлбар өгөөд яваад байгаа нь буруу юм. Зарим шүүгдэгчдийн өмгөөлөгч нь автын осолд орсон талаар бусад өмгөөлөгчид нь шүүхэд мэдэгдэж холбогдох нотлох баримтыг нь бүрдүүлж ирсэнд шүүх улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн саналыг сонсоод шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлтэй байна гэж үзээд шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргажээ. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд шүүхээс, өөрөөс нь шалтгаалж хоёр удаа, прокурор буюу улсын яллагчаас шалтгаалж хоёр удаа, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн хүндэтгэн үзэх шалтгаанаар хоёр удаа нийт зургаан удаа шүүх хуралдаан хойшилсон тухай шүүгдэгч Г.Буяндорж мэдэгдэхэд түүнийг нь хэн ч үгүйсгэсэнгүй.
Хохирогчийн өмгөөлөгч П.Сарантуяа, Л.Дашравдан нар шүүхэд хандан "Шүүх хуралдаан удаа дараа хойшилж байгаа, мөн шүүгдэгч нарын зүгээс интернэтэд өөрсдийгөө цагаатгасан материал цацаад байна, хохирогчид руу элс, шороо цацаад байгаа тул тийм учраас шүүгдэгч нарыг цагдан хорьж өгөөч" гэсэн хүсэлт гаргасан байдаг.
Үүнд нь шүүгдэгч Г.Буяндорж "Бидний зүгээс тийм үйлдэл гаргаагүй. Энэ асуудлыг хуулийнх нь хүрээнд шалгуулмаар байна" гэсэн тайлбар хийдэг. Гэтэл шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг хэлэлцэх асуудалд улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн саналыг огт авалгүйгээр явчихаж байгаа нь сонирхолтой. ЭБШХ-ийн 17-р зүйлийн 17.1. дэх хэсэгт "Шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана" гээд заачихсан байдаг.
Шүүгч С.Батжаргал завсарлаж орж ирээд шүүх хуралдаан хойшлуулж байгаагаа мэдэгдээд, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор боллоо, миний шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхгүй гээд алхаа тогшоод гүйгээд гараад явчих юм. Энэ ёстой хачирхалтай, сонин үйл явц. Шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эрхтэй. Гэхдээ заавал үндэслэлээ тодорхой зааж байхыг хууль өөрөө шаарддаг.
"Шүүгдэгч нар нь гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор, шүүхээс оргон зайлж болзошгүй" үндэслэлээр цагдан хорьлоо гэж захирамжидаа дурьдажээ. Энэ бол үндэслэл гэх боловч нөхцөл байдал юм. Энэ нөхцөл байдал чухам ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдож байгаа тухай шүүгчийн захирамжид тодорхой заасан байх ёстойгоос гадна, шүүхийн шийтгэх тогтоолыг тайлбарладаг шиг шүүгч өөрөө оролцогчдод захирамжийнхаа үндэслэлийг тайлбарлаж өгөх нь хууль зөрчсөн зүйл болохгүй юм. Бусдын батлан даалтад байгаа шүүгдэгчид 6 удаа шүүх хуралдаан зарлахад хууль хяналтын байгууллагын албадлаггүйгээр өөрсдөө, сайн дураараа хүрч ирж оролцож байгаа, гадаадад гарах эрх нь хязгаарлагдсан шүүгдэгчдийг "оргон зайлж болзошгүй" гэж үзэх нь хэтэрхий мэргэжлийн бус дүгнэлт юм.
Шүүгч С.Батжаргалын үзэж байгаагаар бүр тавын тавуулаа нийлж оргон зайлах гэж байсан бололтой юм. Шүүгчийн захирамжийн "шүүгдэгч нар нь гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор" цагдан хорьлоо гэдгийн үндэслэл нь "Фэйсбук, сошиал медиа хэрэгслээр өөрсдийгөө гэм буруугүй мэтээр дахин дахин мэдээ, нийтлэл бичүүллээ" гэдэг хохирогчдын өмөгөөлөгчдийн хүсэлтээр тогтоогдож байгаа болтой юм. Энэ ямар тэнэг дүгнэлт вэ?! Ядахад нөгөө шүүгдэгчид нь "Бид юу ч бичүүлээгүй!" гээд мэтгэлцээд байхад шүүгч нь хүлээн авсангүй. Шүүгдэгч нар үнэхээр дахин гэмт хэрэг үйлдэх бодит сэдэл, санаархал, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн байдал зэрэг нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байж гэмээнэ тэднийг цагдан хорих үндэслэл болдог.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.