Энэ байдлаараа удвал Мичин жилийн зуд хаяанд байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 23

Монгол орны нийт нутаг ган гачгийн байдалтай байна. Тодруулбал нийт нутгийн 40 гаруй хувь нь гандуу, 10 хувь нь гантай байгаа аж.

Зуны сар шувтарч байхад хөдөө тал зэвхий саарлаараа, бараг л малын хамар хатгах өвсгүй шахуу байна.

Нийт нутгаар хэт халалт үүсч 30 хэмээс дээшээ давж халж эхлэлээ. Үүний улмаас газар тариалангийн салбарт ургац буурч, хүн мал амьтны хоол тэжээл амьдрах орчинд сөргөөр нөлөөлдөг.

Биднийг энд улс төржиж хэдэн сайд нараа солих тухай тулга тойрсон хэрүүлээ хийж суухад цаана чинь улс орны нөхцөл байдал хүндрэх тийшээ хандаж эхэллээ. Ирэх жил мичин жил гарна. Үүнтэй холбоотойгоор ч юм уу хөгшчүүлийн дунд “алдарт” мичин жилийн зуд энэ өвөл тохиох вий дээ гэсэн яриа ч гарч байгаа. Зарим малчид малаа эхнээсээ авахуулаад тоо толгойг нь цөөлж, арай дорвиуныг нь авч үлдэж эхлэв.

Нөхцөл байдал ямар байсныг өнгөрсөн наадмын өдрүүд нийслэлчүүдэд тодхон харууллаа. Жилийн жилд зүлэг ногоо дэвссэн юм шиг ногоорч байдаг Хүй мандалын дэвжээ энэ наадмаар наадамчин олныг улаан шороотой хутгаж орхилсон. Дархан, Эрдэнэт, Төв аймаг зэрэг зүүн талын аймаг тэр чигтээ гантай байна. Харин баруун тийшээ Завхан, Увс, Өлгий зэрэг аймгууд бусдаасаа арай л дээр. Гэхдээ бороо хур элбэгтэй байх нь үер усны аюул араасаа дагуулсаар л байна.

Ган гачигтай холбоотойгоор монголчуудын амьдралыг хүндхэн нөхцөл байдал руу түлхэж магадгүй болоод байгаа салбар бол газар тариалан.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум ургацынхаа 40 хувийг алдаж болзошгүй, Орхонтуул сум дахь буудайн талбай бүхэлдээ ганд нэрвэгдэж, уринш боловсруулах ямар ч аргагүй болсон тул бүрэн зогсоожээ. Төв аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу, 30 хувь нь гантай байгаа гэнэ. Баянхангай, Баянцогт, Угтаалцайдам, Цээл суманд үр тарианы ургалт бүрэн зогссон, ойрын хугацаанд хур тунадас орохгүй бол ургац авахгүй, хөрс хэт хатсаны улмаас уринш боловсруулж чадахгүйд хүрсэн байна. Сэлэнгэ аймаг бол манай орны газар тариалангийн хамгийн том бүс нутаг. Гэтэл ган гачигтай байгаа учраас хавар тариалсан тариа буудайныхаа талыг нь авч чадвал их юм болж хувирчээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх