Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 23
 |
Ухамсар хүнийг жолоодох ёстой юу, эсвэл хүн ухамсараа удирдах ёстой юу? Өнгөц харахад марзан гэмээр толгой өвтгөсөн иймэрхүү асуултуудтай бид өдөр тутамдаа л нүүр тулдаг. Энэ бүхэнд хариулт өгөх гэж хэсэг маргалдаад, нэг бол хэрэлдэж, эс бөгөөс хариултыг нь ололгүй шантарч, асуулт хэвээр нь үлдээгээд цааш алхдаг. Гэтэл бид ийнхүү асуултанд хариулт өгдөггүй шигээ амьдралын олон бэрхшээл, нийгмийн элдэв асуудлыг ч хариултгүй орхисоор байгаа нь харамсалтай. Эдгээр хариултгүй асуултуудын нэг нь “Улаанбаатар хэзээ хогноосоо салах вэ?”. Эрх баригчид хийгээд нийслэлийн удирдлагууд энэ асуултанд тун амархан хариулчихдаг л даа. Тодруулбал, “Хог хаягдалын менежмэнтээ сайжруулах” нөгөөтэйгүүр “Иргэдийн хоноцийн сэтгэхүйг өөрчлөх”-д л хогон дундаа хөглөрсөн Улаанбаатар цэвэр цэмцгэр, үлгэр жишээ хот болох юм гэсэн. Тэд ийнхүү ярихын зэрэгцээ ярьснаа ажил хэрэг ч болгосон. 100 гаруй сая төгрөгөөр хүнд даацын машин, сургууль, цэцэрлэг босгочих хэмжээний мөнгөөр хогны ногоон уут авч, өрх бүрт тараасан.
Yийслэлчүүд өдөрт 1100 тонн хог гаргадаг. Харин үүнийг төвийн зургаан дүүргийн “ТҮК”-ийнхан нэг ээлжийн 30-50 хүн, 152 хогны машинтай “нүсэр хүч”-ээр цэвэрлэдэг. Үүнээс гадна 250 жолооч мөн тооны ачигч, 300 гаруй шар хантаазтан гээд 800 гаруй хүн хог тээвэрлэх ажилд хөлс хүчээ зориулж байна. Хачирхалтай нь, ийм тооны ажилчин албан хаагчид ажиллаад ч нийслэлээс гарч буй тонн гаруй хогийг цэвэрлэж хүчирдэггүй.
Гэр хорооллынхон хогны мөнгөө цахилгааны төлбөртэйгээ хамтад нь тушаадаг болсоноор хашаан дотроо хогоо овоолоод, “ТҮК”-ийн машин ирэхийг хүлээдэг. Харин сардаа ганцхан удаа ирдэг уг машины дохио хангинаж эхэлмэгц хогоо гудамжиндаа гаргаж овоолсоноор ёстой л гэр хороолол тэр чигээрээ хогон дундах хот болж хувирна. Бүр хачирхмаар нь өнөөх дуулиан шуугиант машин хэд хоногийн өмнөөс “Хогоо гаргаарай” хэмээн цагаан хоолойдчихоод ганц гудамжны айлуудын хогийг ч бүрэн ачиж хүчрэлгүй, тэвшээ дүүргээд “арилж” өгнө. Үлдсэн хогийг дараагийн машин иртэл хэн ч цэвэрлэхгүй. Гэхдээ энэ бол даац нь хүрэлцэхгүй байгаа машины буруу биш, техникийнхээ хүчинд “захирагдах” “ТҮК”-ийн ажилтнуудын буруу бол бүүр ч биш.
Олныг нуршилгүй шуудхан хэлэхэд энэ бол суурин амьдрал руу цаг үргэлжид тэмүүлж, нийслэлийг бараадах бөгөөд хотжилтонд дасаад бараг хагас зууныг элээсэн ч эртний нүүдэлчний ухамсартаа дарлуулсаар яваа бидний л буруу. Хашааныхаа хогийг цэвэрлэхээрээ гудамжинд гаргаад хаячихдаг, суурин амьдралын дадал зуршил гээд хогны машин иртэл зөнд нь орхидог, азаар салхи хүчтэй үлээвэл тэрхүү хогийг нь хийсгээд оддог, угаадсаа хүртэл гэрийнхээ үүднээс холдуулаад, хөршийнхөө хананд тулгаад асгачихдаг, зарим нь бүр хогоо газар булж далдруулах нэрээр хөрш шороогоо бохирдуулдаг... нэг үгээр хэлбэл Улаанбаатарчууд хоггүй орчиныг цогцлооно гэдэг нүглийн нүдийг гурилаар хуурахтай л адил. Тэр ч бүү хэл, бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулахад хүртэл одоогоос бүүр 30 жилийн өмнө бүтээгдсэн “Би чамд хайртай” киноны 20 дугаар байрны Балбар шиг нөхөд өдгөө ч амь бөхтэй амьдарсаар л байна.
Нийслэлийн төв гудамжуудад хогны савуудыг хэдхэн метрийн зайтай байршуулахад өч төчнөөн хөрөнгө мөнгө зарсан ч хогны савнаас ганцхан алхамын цаана чихрийн цаас, тамхины ишээ хаядаг зуршилаасаа салж амжаагүй хүмүүс олон байна. Гэтэл бид хэзээ энэ хэнэггүй, замбараагүй зангаасаа салж, их хотын соёлд суралцах вэ?
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Монгол Улс өрнөөсөө болж дампуурах магадлалтай 14 орны нэгээр тодорсныг дэлхий даяар зарласан. Ингэхдээ бүр эртний түүхт Грек өрнөөсөө болж хэрхэн “сүйрч” байгаатай үлгэрлэн жишсэн. Тэгвэл муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр тус улсын эдийн засаг хямарсанаас хойш эсэргүүцлийн жагсаал цуглаан бараг өдөр бүр гарах болсоноор хог хаягдал ч хаа сайгүй бөөгнөрөх болжээ. Хот тохижолтын ажилтнууд үүргээ гүйцэтгэж, гудамж талбайгаа цэвэрлэж байгаа ч бөөгнөрсөн хур хогийг зайлуулан ачиж явах машин техник нь хүрэлцэхээ больсон байна. Энэ бүхэн бидэнд тун ойрхон сонсогдож байгаа биз.
Үүнийг онцлон дурдсаны учир нь, өөрсдийгөө хараад нөхцөл байдлаа ойлгодоггүй, дутагдалаа хүлээн зөвшөөрдөггүй монголчууд өрөөлийг хараад ядаж “өвдөг цоорхойг” нь олж үзэг үү л гэж санасаных. Гэхдээ бусдын муу муухайгаас өөрийн дутагдалыг олж харах нь бас тийм ч оновчтой арга барил биш л дээ. Тэгвэл сайн сайхан санаачлагаас суралцаж бас болно. Хамгийн сүүлийн үеийн жишээ дурдахад, Фредерик Томлинсон хэмээх австрали эх нэгэн сонирхолтой зүйл хийснээ гэрэл зурагт буулган, цахим ертөнцөд байршуулсан нь олны анхаарлыг ихэд татлаа. Тодруулбал, тэрбээр оршин суудаг Кэрнс хотынх нь захад бөөн хог хаясан байхтай таарчээ. Энэхүү хогон дотор азаар эзнийх нь нэр хаяг бүхий зүйлс байжээ. Тиймээс Томлинсон байгаль орчныг бохирдуулан ил задгай хаясан хогийг цуглуулан хаягаар нь хүргэж, айл бүрийн хашаанд буулгаж өгсөн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.