Ж.Мягмарсүрэн: Засгийн газрын үнэт цаасны хүүгийн орлогоос иргэд, аж ахуйн нэгж есөн тэрбумыг “хожсон”

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 27
Ж.Мягмарсүрэн:  Засгийн газрын үнэт цаасны хүүгийн орлогоос иргэд, аж ахуйн нэгж есөн тэрбумыг “хожсон”
Монголын Хөрөнгийн биржийн Маркетинг, олон нийттэй харилцах албаны захирал Ж.Мягмарсүрэнтэй ярилцлаа. 

-Нэг үеийг бодвол манай улсын хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орж, олон нийт ч тодорхой ойлголттой болж байх шиг байна. Одоогоор Монголын хөрөнгийн бирж /МХБ/-ийн үйл ажиллагаа, арилжаа хэр зэрэг явж байна вэ? 

-Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийн хөгжил сул, үйл явц удаан байна гэсэн шүүмжлэл багагүй гардаг байсан. Хөрөнгийн бирж маань хөрөнгийн зах зээлийг хөдөлгөх, хөтлөгч гол хүч байх учиртай болохоор энэ шүүмжлэлийг хүлээж авахаас аргагүй. Иймээс МХБ-ийн удирдлагын багийг үндсээр нь өөрчилж, шинэ арга барилаар ажиллаж байна. Үүний үр дүн ч эхнээсээ гарч байгаа гэж хэлж болно. Энд ганцхан тоо баримт хэлэхэд, өнгөрсөн оны мөн үед МХБ 12.9 тэрбум, жилийн хугацаанд 29 тэрбум орчим төгрөгийн арилжаа хийж байжээ. Харин бид энэ оны эхний хагас жилийн байдлаар 290.3 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Энэ нь хөрөнгийн биржээр арилжигддаг суурь бүтээгдэхүүн буюу Засгийн газрын үнэт цаас, компаниудын хувьцааны арилжаа идэвхтэй болсны үр нөлөө юм.

 -Биржийн арилжаанд Засгийн газрын үнэт цаас /бонд/ нэлээд жин дарж байгаа байх. Түүний онцлогийн талаар арай дэлгэрэнгүй тайлбар өгнө үү? 

-Өнгөрсөн жил Засгийн газрын үнэт цаасыг арилжаанд оруулж ирсэн. Гэхдээ 3, 6, 12 сарын буюу богино хугацаатай үнэт цаасыг арилжиж байгаа. Цаашдаа судалгаа хийсний үндсэн дээр Сангийн яаманд танилцуулж, урт хугацаат үнэт цаасыг хөрөнгийн зах дээр гаргана. Түүнээс гадна хувьцаат компанийн тоог нэмэгдүүлэх, тэднийг хөрөнгийн зах зээлд гарах боломж нөхцөлийг бүрдүүлж өгөхийн төлөө ажиллаж байна. Үүний тулд өнгөрсөн хугацаанд гуравдугаар самбарыг нээж, жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд хувьцаагаа гаргаж, биржээс хөрөнгө босгох нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн. Нөгөө талаар бизнесийн гол зарчим болсон цаг хугацаа, зардлын тал дээр нэлээд анхаарал хандуулж, зарим нэг журмын өөрчлөлт хийлээ. Үнэт цаас гаргахын тулд хөрөнгийн биржид бүртгүүлэхдээ 60 хоног хүлээдэг байсан бол үүнийг 20 болгож наашлуулсан. Мөн бүртгэлийн хураамж 2.5 сая байсныг 1.0 сая болгож буурууллаа. Арилжааны шимтгэл 0.04 хувь байсныг 0.015 болгож бууруулснаар хувьцаа гаргагч болон тэр хувьцааг худалдан авагч талууд 60 хувийн хөнгөлөлт эдэлж байна гэсэн үг. Үүнээс гадна хувьцаа гаргаж, арилжаанд оролцоход барьцаа хөрөнгө шаардахгүй. Энэ бүх таатай нөхцөлийн хариуд бид хувьцаат компаниудыг мэдээллээ нээлттэй, ил тод байлгахыг л хүсч байгаа. Өнөөдөр МХБ-д бүртгэлтэй 237 компани байдаг юм. Тэдгээрийн 100 гаруй нь компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа ирүүлдэг болчихлоо. Энэ бол багагүй дэвшил. Компанийн засаглалын нэг гол үзүүлэлт болдог тайлан балансаа цаг хугацаанд нь гаргадаг, тайлагнадаг энэ ажлыг МХБ үлгэрлэн дагуулж байгаа гэж хэлж болно. Өнгөрсөн оны эцсээр АТГ-аас манай байгууллагыг төрийн өмчит компаниудад үлгэр жишээ үзүүлж, ил тод, нээлттэй ажилласан гэж шагнал урамшууллаа гардуулсан нь үүний баталгаа юм. 

-Таны дээр дурдсан таатай боломж нөхцөлийг бүрдүүлсний үр дүн гарч байна уу. Ер нь хөрөнгийн зах зээлд гарах сонирхол компаниудад хэр байдаг юм бол? 

-Өмнөх жилүүдэд 1-2 компани л хувьцаат хэлбэрт шилжиж, МХБ-д бүртгүүлдэг байсан юм билээ. 2005 оноос хойш 17 компани шинээр бүртгүүлж, 58 тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон байдаг. Тэгвэл энэ оны эхний хагаст хоёр компани хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгочихоод байна. Жилийн хугацаанд таван аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг хөрөнгийн захад хөл тавиулж, хөрөнгө босгуулах зорилттой байгаа. Цаашилбал, түүхэндээ байгаагүй буюу нэг их наяд төгрөгийн арилжаа хийх том зорилготой л ажиллаж байна. 

-Манай хөрөнгийн зах зээлд иргэд, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо хэр байна вэ? 

-Засгийн газрын үнэт цаас орж ирснээр хөрөнгийн зах өргөжиж, олон нийтэд зөв дохио болж байгаа төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдыг ч татаж байна. Одоогоор тэдний тоо 200 хувиар нэмэгдэж, нийтдээ 4.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байгаа. Энэ нь гадаад валютыг татахад багагүй хувь нэмэр оруулсан болов уу гэж бодож байна. Ерөнхийдөө Засгийн газрын 230 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсаны үр дүнд иргэд, аж ахуйн нэгж есөн тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг авсан. Энэ нь банкинд мөнгөө хадгалуулж хав дарж байснаас илүү ашигтай юм байна гэдгийг олон нийт ойлгодог болж. Нэгэнт хоёрдогч зах зээлийг нь нээчихсэн учраас хэдийд ч үнэт цаасаа арилжиж борлуулах, сар бүр хүүгээ авах гээд Засгийн газрын бонд нь хэд хэдэн давуу талтай. Түүний зэрэгцээ манайх маркетмейкер гэх тогтолцоог бий болгосон. Энэ нь үнэт цаас худалдан авагч маань хүссэн цагтаа түүнийгээ арилжих боломжийг олгож байгаа нэг хэлбэр юм. Энэ ажлыг манай бирж дээр итгэмжлэгдсэн таван дилер өдөр бүр гүйцэтгэж байна. Ер нь Засгийн газрын үнэт цаасны хугацаа богино, хүү өндөр зэрэг тааламжтай нөхцөлөөс шалтгаалан эрэлт ихтэй байдаг. Манай биржийн захиалгын санд одоо л гэхэд 25 тэрбум төгрөгийн бондын захиалга байж байна. Сүүлийн үед Засгийн газрын нийлүүлэлт багасч байгаа болохоор бид захиалагчдын эрэлтийг хангаж чадахгүй л байгаа. 

-Засгийн газрын бондын арилжаа долоо хоногт хэдэн удаа явагдаж байгаа вэ. Маргааш /өнөөдөр/ болох сураг байсан? 

-Долоо хоногийн мягмар гариг болгонд арилжаа хийж байгаа. Энэ сарын 28-нд зургаан сарын хугацаатай, 14.2 хувийн хүүтэй 10 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа болно. Дээр хэлсэнчлэн долоо хоногийн ажлын өдрүүдэд Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаж байгаа. 

-Манайд хамгийн их хурдацтай хөгжиж байгаа салбар бол мэдээлэл технологи. Та бүхэн энэ салбартай хөрөнгийн зах зээлийг хослуулан хөгжүүлэхийн тулд юу хийж байна вэ? 

-Тантай санал нэг байна. Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажил ласны үр дүнд брокер, дилерүүд маань ажлын байр /оффис/-наасаа арилжаанд ордог болчихлоо. Өнгөрсөн онд мобайл- апплакейшн нээснээр хүссэн хүн бүхэн apple үйлдлийн системтэй утсаар хөрөнгийн зах зээлийн мэдээллийг авах боломжтой болсон. Цаашдаа гар утсаараа арилжаанд оролцдог болох суурийг тавилаа. Арилжаанд оролцогчдыг чирэг- дүүлэхгүй, цаг хугацааг ашиглах үүднээс үнэт цаасны төлбөр тооцоог ажлын гурав хоногт гүйцэтгэдэг байсныг нэг хоног болгож чадсан. Үүний үрээр өдрийн дундаж гүйлгээ 2.3 тэрбум төгрөг болсон байгаа. Өмнөх жилүүдэд өдөртөө 2-3 сая төгрөгийн гүйлгээ хийдэг тохиолдол ч байлаа шүү дээ. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх