Троллейбус смарт картаар үйлчилнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 28
 

-Иргэд смарт карт болон бэлэн мөнгөний хайрцгаар төлбөрөө төлнө-

 

Нийслэлчүүд энэ сарын 24-нөөс нийтийн тээврээр ухаалаг картаар зорчиж эхэлсэн. Мэдээж шинэ систем нэвтэрч байгаа учраас үйл ажиллагаа нь жигдэртэл тодорхой хугацаа хэрэгтэй хэмээн албаныхан хэлж байгаа юм. Тиймээс энэ ажлын хүрээнд кондукторууд энэ сарын 28-ныг дуустал тасалбар таслан үйлчилсэн. Харин өнөөдрөөс кондукторууд бэлэн мөнгө хураахгүй зөвхөн зааланд хяналт тавьж ажиллах юм байна. Иргэд автобусанд зөвхөн смарт карт болон бэлэн мөнгөний хайрцгаар төлбөрөө төлж, зорчих юм.

 

 

Одоогийн байдлаар энэхүү смарт картаар төлбөр төлөх төхөөрөмжийг 1100 орчим автобусанд суурилуулсан. Энэ нь нийслэлийн хэмжээнд явж байгаа бүх автобус, троллейбуснууд аж. Түүнчлэн Смарт картынхан 200 цэгтэй гэрээ хийн энэ картыг борлуулж байгаа. Эдгээр цэгүүд нь үүрэн холбооны операторуудын нэгж борлуулах цэгтэй адилхан смарт картын “U money” гэсэн онцлох хаягтай юм. Мөн нийслэлийн дүүрэг, хороогоор дамжуулан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн смарт карт тараагдаж эхэлжээ.

 

Сонирхуулахад, долоодугаар сарын 24-нд буюу энэхүү төсөл нээлтээ хийсэн өдөр 6000 орчим хүн карт уншуулж зорчсон бол 25-нд 7000 орчим хүн карт ашиглан зорчсон байна.  

 

Смарт карт төслийн нийт хөрөнгө оруулалт 14 сая ам.доллар бөгөөд ойролцоогоор үүнийг 4.8 жилийн хугацаанд төлөх гэнэ. Гэхдээ энэ төсөлд улсын болон нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг гараагүй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил гэдгийг албаныхан онцолж байлаа. Төслийн үндсэн хөрөнгө оруулалтыг БНСУ-ын  “Кореа Смарт карт корпораци” хийсэн байна. Энэ корпораци БНСУ-д 2004 оноос энэхүү системийг нэвтрүүлээд өнөөдрийг хүртэл хариуцан ажилладаг бөгөөд дэлхийн олон оронд уг системийг нэвтрүүлсэн туршлагатай аж.

 

-Нийтийн тээврээр 800 мянган иргэн зорчдог-

 

Төслийн багийнхан нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн дундаж тоог 800 мянга гэж тооцон эхний ээлжид 700 мянган картыг БНСУ-д хэвлүүлэн авчирч худалдаанд гаргажээ. Цаашлаад энэхүү картыг эх орондоо үйлдвэрлэхээр төлөвлөн компанийнхаа дэргэд  картын  үйлдвэр байгуулах гэнэ.

 

Нийтийн тээврээр зорчих смарт карт нь энгийн, хүүхдийн, оюутан, халамжийн гэсэн дөрвөн өөр ангилалтай. Эдгээр картыг ялгах таних тэмдэг смарт картын арын хэсэгт бичигдсэн байгаа юм. Мөн картаа уншуулахад өгч байгаа дуут дохио өөр аж. Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадуудад олгож байгаа карт бүхэн өөрийн гэсэн сериал дугаартай. Энэ дугаараар тухайн хэрэглэгч бүртгэгдэж байгаа учраас хэрвээ картаа хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд Смарт картынхантай эргэн холбогдож тухайн картаа хүчингүй болгон шинээр хэвлүүлж авах боломжтой юм байна. Улмаар үрэгдүүлсэн картыг нь хар жагсаалтад оруулан ашиглах боломжгүй болгож, шинэ карт сэргээж өгнө.

 

Харин энгийн болон хүүхдийн картын тухайд цахим түрийвч гэж ойлгох бөгөөд хувь хүний хариуцлагатай холбоотой учраас гээж, үрэгдүүлсэн тохиолдолд дахин сэргээх боломжгүй гэдгийг Смарт картынхан ярьж байлаа. Гэхдээ тэд энэхүү системээ  цаашид  улам  боловсронгуй  болгосноор энгийн карт эзэмшигч ч сериал дугаараа бүртгүүлэн мэдээллийн системд багтсанаар картаа дахин сэргээх боломжтой болно гэв.

 

-Смарт картаа 500 төгрөгөөс 90 хүртэл мянган төгрөгөөр цэнэглэх боломжтой-

 

 

Иргэд смарт картыг эхний удаад 3600 төгрөг төлөн худалдан авч хүссэн хугацаагаараа хэрэглэх бөгөөд энэхүү карт нь 0 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тиймээс иргэд 500 төгрөгөөс 90 хүртэл мянган төгрөгөөр картаа цэнэглэх бөгөөд ингэхдээ 500 төгрөгөөс 10 мянган төгрөгөөр цэнэглэхэд 50 төгрөг, 10-50 мянган төгрөгөөр цэнэглэх бүрт 100 төгрөг, 50-90 мянган төгрөгөөр цэнэглэхэд 200 төгрөгийн шимтгэл төлнө. Энэ нь тухайн картыг цэнэглэж байгаа газар цэгийн орлого болж явах аж.

Харин халамжийн картны тухайд нийслэлээс баталсан төсвийн хэмжээнд  цэнэглэлтийн  хэмжээг тогтоож  байгаа  аж. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх