Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 30
・ 1

Улаанбаатар дэд станцад ганц шувуу орсноос үүдэж нийслэлчүүд тэр аяараа тоггүй болсон цаг саяхан. Тэгвэл Улаанбаатар хотын хүн амын бохир усыг татан зайлуулдаг Төв цэвэрлэх байгууламжид засвар шинэчлэл, техник технологийн шинэчлэл хийгдэлгүй хэдий нь 25 жилийн нүүрийг үзэж, барилгууд нь балгас болж, .
Сарын өмнөхөн сүр бадрааж, аэротенкийн тунгаагуурыг өөрийн хөрөнгөөр засварлана, хот гурав хоног бохиртоо живнэ хэмээн айлгаж байгаад ажлаа хийсэн ч үнэндээ Туул голруу бохироо шууд цутгалаа хэмээн Нийслэлийн нэгэн иргэний хувиар ихэд зэмлэнгүй бодож билээ.
Тэр ч утгаараа тэр үү, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ зохицуулах зөвлөлийнхөн өнгөрсөн лхагва гарагт Төв цэвэрлэх байгууламж дээр шалгалт хийнэ гэхэд нь ихэд сонирхон хамт явах боломж олдож, Улаанбаатар хотын хүн амын бохирыг зайлуулах Төв байгууламжтай газар дээр нь танилцлаа.
Гэтэл биднийг юу угтсан гэж та санана?
Улаанбаатар хотод байх ганцхан цэвэрлэх байгууламж маань анх 1964 онд Шүүх талбай нэртэйгээр байгуулагдаж байжээ. Түүнээс хойш 1969 онд механик цэвэрлэгээний байгууламж, 1979-1986 онд биологи цэвэрлэгээний байгууламжийг тус, тус ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан ч 1990 он гарснаар Орос ах нартай холбоо тасарч, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хомсдолд орж, энд тэнд ганц нэгээр орж ирэх төслийг эс тооцвол шинэчлэл засварт оролгүй хэдий нь 50 жилийн нүүрийг үзжээ.
Хэрэгжсэн төсөл
Төв цэвэрлэх байгууламж анх ашиглалтад орохдоо 200 мянган м3 усыг хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай байгууламж хэмээн тооцоо нь гарч байсан ч өдгөө хүн амын нягтаршил ихэссэнээс өдөр бүр ачааллаа хэтрүүлж, аваарын байдалтай ажиллаж байгаа.
1998 онд Туул голын бохирдлыг бууруулах зорилгоор төслийн хүрээнд 4 ширхэг насос Дани улсаас оруулж ирсэн. Цэвэрлэх байгууламжтай танилцуулахад нүүрээ тахлах ганц хэрэгсэл боловч ашиглалтын хугацаа нь дуусаад 5 жилийн нүүр үзэж байгаа.
2000-2001 онд “Туул 2000” төслийн хүрээнд тоолуурууд суурилуулсан. Хуучин насосныхоо чадлаар бохир усаа хэмждэг байсан бол хэт ягаан туяагаар бохир усныхаа хэмжээг гаргаж ирэх бололцоотой болгосон.
2003-2009 оны хооронд Испанийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2 шатны төсөл хэрэгжүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэлтүүдийг хийсэн. Үүнд филтер фрийз буюу лаг усгүйжүүлэх байгууламж дээр технологийн шинэчлэл хийсэн.

Хлорминаас татгалзсан лампны хүрэлцээгүйгээс халдваргүйжүүлэлт дутуу хийгддэг
Хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэх байгууламж. БНСУ-ын Доха гэх компаниас уг ажлыг хийж гүйцэтгэсэн ч ашиглалтын зардал өндөртэй. Түүнчлэн нөхдүүд бүрэн ашиглалтанд оруулж өгөлгүй явснаас гүйцэд ариутгал хийж чадахгүй байгаа.
БНСУ-ын уур амьсгал монголын эрс тэс уур амьсгалаас ихээхэн ялгаатай учир UV туяаны ламп долоо хонолгүй шатдаг байна. Гэвч тухайн ламп нь өндөр үнэтэй учир 166 ламп хэрэглэх ёстойгоос 76 ламптай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиймээс халдваргүйжүүлэлтийг байх ёстой хэмжээнээсээ хоёр дахин бага ариутгаж байна гэсэн үг юм.
Шугам хоолойн насжилт өндөр байгаагаас хөрсний ус нэвчиж, ачаалал ихэсгэдэг
1964 онд Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орж, түүнээс хойш томоохон бүтээн байгуулалт хийгдээгүйгээс бохир усны шугам хоолойнуудын насжилт өндөрссөн. Олон жил шинэчлэлгүй ашигласнаас хагарч, цоорох, их барилгажилтын явцад гаднаас нь хагалах, түүн дээр хөрсний ус нэвчсэнээс Цэвэрлэх байгууламж руу ирэх усны ачаалал нэмэгдэж байна.
Угтаа цэвэрлэх байгууламжийг анх барихдаа 200 мянган м3 ус хүлээж авна гэсэн тооцоог гаргаж байсан ч өдгөө хоногт 190 мянган метр куб ус хүлээн авдаг болсон байна.
Цэвэршүүлэх тал дээр аргагүй хүчин мөхөстдөг
Улаанбаатар хотоос ирж байгаа бохир усан дахь бохирдлын хэмжээ маш өндөр. 1997 онд батлагдсан дэд бүтэц, байгаль орчин, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалыг баримталж явдаг ч тэндээс өгсөн нормыг барьж явахад хүндрэлтэй. Биологийн рэцит 200-400 кг литр байх ёстой бол цэвэрлэх байгууламжид 2000-3000 мл литрээр цохиж орж ирдэг байна.
Түүнчлэн цэвэрлэх байгууламжийг анх ашиглалтад оруулж байхад хотын хүн ам 200 мянга орчим, хэрэглэж байгаа усан дахь химийн найрлага барааны савангаар л хэмжигддэг байсан бол өнөө цагт хотын хүн ам хэдий нь сая даван талийж, хүчтэй ариутгагч бодисууд хэрэглэдэг болсон нь насжилт өндөртэй, технологийн шинэчлэлт хийгдээгүй байгууламжид ихээхэн дарамт учруулдаг болжээ.
Тухайлбал 1964 онд айл өрх хувцсаа ч, толгойгоо ч ялгаагүй барааны савангаар л угаадаг байсан бол өнөө цагт аягаа нэг юмаар, толгойгоо хоёр, гурван юмаар, шалаа, нойлоо гээд тус бүрт нь тухайлан маш хүчтэй химийн бодисоор цэвэрлэж байгаа. Цаашдаа ч бүр хүчтэй бодис хэрэглэдэг болно. Гэвч Төв цэвэрлэх байгууламжийн технологи хэвээрээ, жилээс жилд насжилтад идэгдэнэ.
Мөн 2001 онд хагас боловсруулсан арьс ширийг хилээр гаргана гэдэг хууль тогтоомж баталснаас манай арьс, ширний үйлдвэрүүд хамаг л болохгүй бүтэхгүй хүчтэй хорыг хэрэглэж эхэлсэн учраас тэндээс ирсэн усанд химийн цэвэрлэгээ хийхээс өөр гарцгүй болжээ. Гэтэл энэ байгууламж анхнаасаа химийн цэвэрлэгээ хийхэд зориулагдаагүй, ямар ч технологи байхгүй учраас цэвэрлээд гаргаж байгаа усанд химийн бохирдлын хэмжээ маш өндөр байдаг аж, ялангуяа хүнд металийн хэмжээ өндөр байдаг.
Нийслэлээс суурилуулсан насос ашиглалтын шаардлага хангаагүй
Хамгийн эхний цэвэрлэгээний байгууламж болох том хогнуудыг шүүж авах сараалжин байгууламжийн тоног төхөөрөмж муудсанаас шинээр дөрвөн сараалж суурилуулсан байна. Гэвч Нийслэлээс суурилуулж өгсөн эдгээр сараалжнуудад хогоо буулгах горим байдаггүй учраас, эмэгтэй ажилчид өөсрдөө орж гараараа хог малтдаг болжээ.
Анх суурилуулна хэмээж байхад нь авахгүй хэмээн гүрийсэн ч Нийслэлээс өгч байгаа учир нэг л өглөө ажилдаа ирэхэд нь хүчээр суурилуулчихсан байсан гэх.
Түүнээс хойш усны хэмжээ ихэсч халилт үүсдэг болсон учраас ажилчид гараараа малтлага хийхээс гадна насосоо хамгаалж, өөрсдөө бетонон хамгаалалт хүртэл хийсэн байна.

Станцууд нь актлагдсан ч өөрсдөө торгоогоод ажиллаж байгаа
Барилга байгууламжууд актлагдсан. Урд нь техникийн их сургуулийн багш байсан н.Эрдэнэтуяа гэх хүн энд жил болгон хэмжилт хийгээд, зураг гаргана гээд явдаг ч хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж өгөхгүй байгаагаас өнөө хүртэл актлагдсан барилгууддаа үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Уг станцтай танилцаж явахад бидэнд хөтөч хийж явсан инженер Б.Гэрэлзаяа “Одоохондоо ч гайгүй ээ, өвөл болохоор л цантаж, толгой дээрээс тоосго сугарч унаад байдаг юм. Энд дөрвөн удаа засвар хийж үзсэн. Сетка барьж байгаад наанаас нь хөөсөнцөрдөж байгаад л заслаа. Хүчил, шүлт, бохирдолт ихтэй, уур цан ихтэй болохоор мянга засвар хийгээд хөндийрч ховхроод байдаг юм байна” хэмээн толгой сэгсэрч явлаа.
Энэ хэвээрээ өвөлтэй золговол өвлийн эхэн сарыг үзэлгүй барилга нь нурж унаад, насосууд нь дарагдаж, Нийслэлчүүд бохиртоо живж, өвөл, хаврын зургаан сарыг давахаас аргагүйд хүрэхээр болжээ.
Үйлдвэрийн бохир усыг хүлээн авах станц бүхэлдээ зэвэрч, бетонууд нь бутарч эхэлжээ
Станцын ээлжийн машинист н.Энхчимэг: Гараараа малтдаг учраас урдаас нь зулгаах тороосны сам суурилуулах гэж байгаа
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.