Түүхий самар худалдаалагчдад хариуцлага тооцъё

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 02

Нийслэлийн гудамж талбай, автобусны буудлуудаар түүхий боргоцой зарагдаад эхэлчихэж. Жил бүр наймдугаар сар гарав уу, үгүй юу иргэд түүхий боргоцой түүж, гар дээрээс худалдаалах явдал ихэсдэг бөгөөд үүнийг дагаад олон асуудал үүсдэг.  

Хушны самарт дургүй хүн гэж үгүй биз. Чигчий хурууны хумсны толион чинээ биетэй ч, өөртөө 19 төрлийн витаминыг агуулсан, гайхалтай амттай энэ жимс уургийн дутагдлыг нөхөн дархлааг сайжруулдаг ач тустай. Гэхдээ бүрэн болоогүй түүхий боргоцойг хэн нэгэн хэдэн төгрөгийн ашиг олох сэдлээр түүж, худалдаалаад байвал үүнийг дагаад үүсэх эрсдэлд хэн хариуцлага хүлээх вэ. 

Энэ жилийн хувьд манай улсад халдварт өвчний тархалт өндөр байгаа. Бүр өнгөрөгч онд бүрэн устсан хэмээн гэрчилгээгээ хүртэл гардан авч байсан улаанбурхан өвчний халдвар дэгдэж, эдүгээ ч халдварласан хүний тоо буураагүй. Үүнээс гадна мал амьтны гаралтай боом, галзуу, тарваган тахал зэрэг халдварт өвчнүүд гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод буй.  Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд нэг аймгийн нэг сумын нутагт боом өвчний нэг, хоёр аймгийн хоёр сумын нутагт галзуу өвчний хоёр, нийт хоёр аймгийн гурван сумын нутагт гурван тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байгаа юм. 

Тэгвэл халдварт өвчний тархалт буурахгүй байгаа энэ үед зөвхөн хушны самар гэлтгүй, түүхий жимс жимсгэнэ гар дээрээс худалдаалж буй иргэдэд тавих хяналтаа чангатгамаар байна. Болц гүйцээгүй самар давирхай ихтэй байдаг тул элдэв нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах үндсэн нөхцөл болдог хэмээн мэргэжилтнүүд хэлээд байна. Тиймээс эрүүл ахуйн байдлаа бодсон ч одоогийн нөхцөл байдалд тохиромжгүй. 

Хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэх ёстой юм билээ. Гэвч долдугаар сар дуусаагүй байхад самар худалдаанд гарч эхэлсэн нь манайхны хэдэн бор төгрөг олох гэсэн шунахай сэдэлтэй холбоотой. Гудамжинд боргоцой худалдаалагдах болсноор салхинд гарангаа самар түүе гэсэн сэдэл хүмүүст төрж, самранд явах иргэдийн урсгал ч нэмэгдэх хандлагатай байна. 

Үүнийг дагаад хуш модны самар, шилмүүсээр хооллодог хур, сойр, хөтүү, жирх, хэрэм, баавгай, гахай зэрэг олон амьтан хоол тэжээл дутагдсанаас болж тоо толгой нь цөөрөх асуудал ч гарч байгааг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Ганцхан жишээ дурьдахад л 2009-2010 онд самар гараагүйгээс өлсгөлөн баавгай Хэнтий аймгийн Галшар сум хүртэл тал хээрээр тэнэж, хүний гарт өртсөн тохиолдол гарч байсан гашуун түүх байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх