Автобусанд карт уншуулаад явах гоё юм

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 03

 

Нэг саяас дээш иргэнтэй хотыг мега хот гэдэг. Тэгвэл Азийн цагаан дагина хэмээн нэрлэгддэг Улаанбаатар хот маань энэ үзүүлэлтийг хүн амын тоогоороо хэдийнэ хангаад байгаа. Харин хотын соёл, үйлчилгээний соёл талаасаа арай л хангаж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ байдал дээрдэж буй нь нүдний өмнө ил байна. Тухайлбал, Хотын захирагч маань “Найрсаг Улаанбаатар” хэмээх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, жуулчдын тоог нэмэгдүүлэх, хотын соёлыг иргэдэд түгээх ажлаа эхлүүлсэн билээ. 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гудамж замууд өнгөө засч, худалдаа үйлчилгээний байгууллагууд хэрэндээ л өнгөжин жавхаажиж, тохижилт муутайнууд нь “гахай” хүртэл авч байгаа. Мөн энэ жил “Сайн байна уу, Баярлалаа, Уучлаарай” гэсэн нэртэй сургалтууд явуулахын зэрэгцээ эдгээр ажлыг төрийн үйлчилгээнээс эхэлнэ гэсэн сайхан мэдээ дуулдсан юм. Харин дараа нь үйлчилгээ, нийтийн тээвэр, худалдааны үйлчилгээнд нэвтрүүлэх сурагтай байна билээ. Сайхан л хэрэг. Ер нь хүнд урмын, сэтгэлийн сайхан үг хэлэхийг эрхэмлэдэг дээ, монголчууд. Тэгэхээр сайхан ажил хийж, эхлүүлж буй хүмүүст талархах нь зүйн хэрэг биз ээ. 

Юуны учир талархаад байна вэ гэвэл, өнгөрсөн долоо хоногоос нийслэлчүүд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ урд хаалгаар ороод, үүдэнд нь картаа уншуулаад, хойд хаалгаар нь буугаад ёстой л хотын иргэн шиг эмх замбараатай, журамтай үйлчлүүлж эхэллээ. Одоогоос бараг жилийн өмнө нийтийн тээврийг ухаалаг, соёлтой системд шилжүүлэх тухай мэдээлэл цацагдаж байв. Ухаалаг систем гэдэг нь тээврийн хэрэгслийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, тав тухтай, аюулгүй, шуурхай тээвэрлэлтийг хангахад чиглэгдэж эрчим хүчний хэрэглээг багасгах зорилготой гэж байсан. Тэгвэл нийтийн тээврийн автобуснуудад цахим төлбөрийн системийг нэвтрүүлж, ухаалаг, соёлтой системд шилжих эхний алхмаа хийгээд байна. 

Мөн кондукторууд бэлэн мөнгө хураахгүй харин иргэд смарт карт болон жолоочийн хажуу дахь бэлэн мөнгөний хайрцагт төлбөрөө төлж үйлчлүүлж байгаа юм. Нийтийн тээвэрт хийсэн энэхүү шинэчлэл бол нийслэлчүүдийг соёлд сургах бас нэгэн алхам гэж харж байна. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх