Д.Цогтбаатар: 10 хувийн асуудал аравдугаар сар хүртэл хойшлохгүй

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 04

Байрны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргаж, иргэд 10 хувиа төлөөд зээлэнд хамрагдах асуудал олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа. Тэгвэл уг асуудлаар Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас дараах тодруулгыг авлаа.

Иргэд 10 хувийн урьдчилгаа төлбөрөө төлөөд ипотекийн зээлэнд хамрагдах боломж яг хэдийнээс нээгдэх бэ?

Арилжааны банкууд 10 хувийн урьдчилгаа төлбөрөөр орон сууцны зээл олгож эхлэх хугацаа өдөр хоногоор хэмжигдэж байнаЗасгийн  газрын зүгээс шийдвэрлэвэл зохих бүх асуудлаа өнгөрсөн долоодугаар сардаа багтаасан байгаа. Одоо хэрэгжүүлэх ажлын бэлтгэлүүд хийгдэж байна.

- Ямар бэлтгэл ажлууд хийгдэж байгаа гэсэн үг үү?

-  Иргэдэд 10 хувийн урьдчилгаа төлбөрөөр орон сууцны зээл олгож эхлэхтэй холбогдуулан таван яамны хамтарсан гэрээ байгуулагдах юм. Энэ гэрээ өнгөрсөн Баасан гарагт зурагдах байсан ч  зохицуулах асуудлууд гарсан байгаа. Гэхдээ энэ  хамтарсан гэрээ өнөө маргаашдаа багтаад зурагдчихна. Үүний дараа баталгаа гаргаж буй Хөгжлийн банкнаас Монгол банк хоорондын гэрээ мөн хийгдэх юм. Энэ гэрээ хийгдсэнээр Монголбанк арилжааны банкуудтай гэрээ хийх эрх нь нээгдэнэ. Гэрээнүүд ойрын хугацаанд хийгдэж, иргэд зээлээ аваад эхэлнэ гэж бид тооцоолсон байгаа.

Засгийн газраас 80 м.кв-аас дээш талбай бүхий орон сууцыг урьдчилгаа төлбөрийн 10 хувьд хамруулах асуудлыг ирэх аравдугаар сардаа багтаан шийдэх чиглэл салбарын сайд нарт өгсөн. Тэгэхээр энэ 10 хувийн асуудал тань үүнийг дагаад хойшлох юм биш үү?

- Тийм юм байхгүй. Орон сууцны зээлэнд 10 хувийн урьдчилгаа төлбөрөөр хамрагдах асуудал  холбогдох гэрээнүүд хийгдсэний дараа олгогдоод явна. Үүнээс тусдаа засгийн газрын түвшинд 80 м.кв-аас дээш талбай бүхий орон сууцыг урьдчилгаа төлбөрийн 10 хувьд хамруулах асуудал шийдэгдэх юм. Үүнийг хольж хутгаж ойлгож болохгүй. Эдийн засаг хүнд байгаа энэ үед барилгын салбарыг дэмжихдээ шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх засгийн газрын бодлого явж байгаа.

Тэгэхээр орон сууцны зээлэнд 10 хувийн урьдчилгаа төлбөрөөр хамрагдах зээлийн журам нь засгийн  газраар батлагдчихсан гэсэн үг үү?

Засгийн газраар 10 хувийн урьдчилгаа төлбөрийн зээлийн журам батлагдчихсан. Одоо захиргааны чанартай гэрээнүүд бүрэн хийгдсэнээр уг журам хүчин төгөлдөр хэрэгжинэ гэсэн үг. Ирэх аравдугаар сар хүртэл 80 м.кв-аас доош талбай бүхий орон сууцууд урьдчилгаа төлбөрийн 10 хувиар зээлэнд хамрагдана. Аравдугаар сараас 80 м.кв-аас дээш талбай бүхий байруудыг иргэд 10 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр худалдан авч боломж нээгдэх юм.

- Энэ сарын 15-наас 10 хувийн урьдчилгаа төлбөрөөр зээл олгогдож эхэлнэ гэсэн мэдээлэл явж байгаа. Та бүхэн  шат шатны гэрээ хийгдэх хугацаагаа тодорхойлон энэ хугацааг зарласан уу?

- Тодорхой өдрийг бидний зүгээс зарлаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Бүх шатны гэрээ хийгдэж дууссан тохиолдолд зээлийн эрхийг шууд нээх юм.

Байрны урьдчилгаа төлбөр 10 хувь болж буйтай холбогдон  орон сууцны үнэ өсөж байгаа гэсэн мэдээлэл түгсэн. Энэ хэр бодьтой бэ, салбар яамнаас хяналт тавьж байгаа юу?

- Харин ч эсрэгээрээ байрны үнэ сүүлийн гурван сарын турш тогтмол буурч байгаа. Яамны зүгээс байрны үнийн судалгаа хийдэг компани, ТББ-уудтай байнга хамтран ажиллаж, тодорхой хяналтыг тавьж байгаа. Байрны үнэ урьдчилгаа төлбөр 10 хувь болж буйтай холбогдон   нэмэгдсэн ямар ч эдийн засгийн хандлага ажиглагдаагүй.

- Ярилцсанд баярлалаа.

Ж.Мядагбадам

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх