Төсөв бүрдүүлэгчид чинь бүсээ чангалсаар бүр нуруугаа хугалчихлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 05 ・ 1

“Аав аа хүүгээ уучлаарай. 25 жил гадаа гандаж, хөдөө хөхөрч, нойр хоолгүй зүтгэн байж босгосон компанийг чинь ганцхан жилийн дотор хүү нь ийм хүнд байдалд оруулчихлаа.

Надад итгэж, хоёр сар цалин аваагүй ч хамтдаа компаниа хөл дээр нь босгохын төлөө зүтгэж байгаа  60 гаруй ажилтандаа талархаж байна гэдгээ энэ хэвлэлийн хурлын үеэр хэлмээр байна” хэмээн хоолой зангируулан ярих залуу бол  Увс аймгийн “Ус-Эрдэнэ “ компанийн захирал О.Пүрэвдорж байлаа. 



Бизнесийн тэр тусмаа хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа залуухан бизнесмэн залуу ийн үнэхээр урам хугарч байна, арга барсандаа л гэдэг үгийг цөөнгүй хэлэхийг сонслоо.  Хэдийгээр жил бүр л төр засгаас “Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье” , бизнесийнхэнд боломж олгоё гэдэг ч Монголын төр баялаг үйлдвэрлэгчиддээ, төсөв бүрдүүлэгчдэдээ халгаатай хэвээр л байна.  “Ус-Эрдэнэ” компанийн захирал О.Пүрэвдоржийн ярилцлагыг эхлээд танд хүргэе.

-Хэдэн онд ямар төслийг гүйцэтгээд ажлын хөлсөө авч чадалгүй вексель /өрийн бичиг/ авсан юм бэ?
-2014 онд төсвийн санхүүжилттэй Увс аймгийн Түргэн сумын Колагийн услалтын системийг шинээр барих төслийн тендерт ялж, зургадугаар сараас ажлаа эхлэн аравдугаар сарын 20-нд улсын комисст хүлээлгэж өгсөн.  Энэ ажлынхаа санхүүжилтийг  манай компани банкны зээлээр шийдэж, ажлаа хүлээлгэж өгөөд санхүүжилтээрээ өрөө төлөх ёстой. Бүх л компани иймэрхүү байдалтай ажиллаж байгаа.

2014 оны ажил учраас улсын комисс хүлээж аваад л ондоо багтааж санхүүжүүлэх ёстой. Ер нь, гучин хувийн ажлаа хийгээд төсвөөс 30 хувийн санхүүжилтээ авна. Ажлынхаа 80 хувийг хийж дуусгаад 80 хувийн санхүүжилтээ авна, 100 хувь гүйцэтгэж дуусаад мөнгөө авч дуусгах гэрээтэй л байдаг. Бид авсан ажлаа дуусгахын тулд бүх хөрөнгөө барьцаалаад зээл авсан. Тэгээд ажлаа хүлээлгэж өгөөд ондоо багтаагаад санхүүжилтээ авчихна гэж итгэсэн.   Улсаас нэг ч төгрөгийн урьдчилгаа аваагүй.  Гэтэл ажлаа хийж дуусаад 60 сая төгрөг л авсан.  322,9 сая төгрөгийн  барилгын ажил хийж гүйцэтгэсэн ч 60 сая төгрөг авсан гэхээр санхүүжилтийнхээ 82 хувийг авч чадаагүй гэсэн үг.  Банкинд 200 гаруй сая төгрөгийн зээлтэй. Сар бүр зээлийн хүү төлж байгаа.  Зээлийн хүүгээ үйл ажиллагаанаасаа төлөх ч чадваргүй боллоо. Тиймээс найз нөхөд хувь хүмүүсээс арай өндөр хүүтэй мөнгө зээлж л төлж байна. Зээлээ зээлээр хааж аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Аргагүйн эрхэнд л хэвлэлд хандлаа. Түүнээс биш бидэнд энэ асуудлыг хүндрүүлээд байх шаардлага алга. 

-Гэрээ хийхдээ ондоо багтааж санхүүжилтээ авна гээд заасан учраас учирсан хохирлыг улсаас төлүүлэхээр шүүхэд хандах боломжтой юм биш үү. Энэ талаар ямар бодолтой байна?
-Хэрвээ долдугаар сарын 31-нээр вексель бичигдсэнээр асуудал шийдэгдсэн бол бид бүх өрнөөсөө салаад  цаашдаа ажиллах боломжтой байсан. Гэтэл УИХ-ын Төсвийн Байнгын хорооны тогтоолоор тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа гэдэг нь маш хүнд тусч байна. 200-300 төсөл хөтөлбөр улсын хөрөнгөөр хийгдсэн ч мөнгөө авч чадаагүй.Тэгэхээр тэр бүгдийг комисс шалгаад дүгнэлт гаргана гэхээр асар их хугацаа шаардана гэдэг нь ойлгомжтой. Дөнгөж сая Тавантолгойн төсөл дээр дүгнэлт гаргах гэж яаж удлаа.  Тэгэхээр 200-300 төсөл дээр гээд бодохоор үнэхээр хэцүү байна. Аргаа барлаа.  Бид яг ижилхэн байдалд орсон компанийн удирдлагуудтай хамтарч төрийн олон байгууллагын үүдийг 2015 оноос эхлэн тогшлоо. Хамгийн сүүлд нь Сангийн сайдтай уулзсан. Ж.Эрдэнэбат сайд “Улс орны хэмжээгээр энэ гурав дөрөвдүгээр сард төсвийн орлогын байдал маш хүнд байна. Тийм болохоор  та нар минь бүсээ чангалаад улс орны хүнд байдлыг ойлгоод бидэнтэй хамтарч ажиллаач. Та нарын хийсэн ажлын санхүүжилтийг бид олгоно оо. Улс орны төсөв санхүү долоо, наймдугаар сард гайгүй болох хүртэл та бүхэн минь ямар нэг аргаар тэсээч” гэж хүссэн. Бид ч ойлгож хүлээж авсан. Улс орны байдал үнэхээр хүнд байгаа энэ үед нь  аль болох өөрсдийн хүчин чадлаар даван туулья гэж хүлээж авсан.  Сангийн сайд ч хэлсэн үгэндээ хүрч долдугаар сарын сүүлийн өдрүүдэд үнэт цаасыг бичиж өгсөнд маш их баярласан. Ажилчиддаа харилцагчдаа “та нарт хэлсэн амлалтаа биелүүлэхээр боллоо” гэж хэлчихээд банкин дээр очоод 82 хувийнхаа санхүүжилтийг хөөцөлдөөд явж байтал ийм шийдвэр гарчихлаа.

-Гэрээндээ санхүү­жилтийг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд  тухайн хуулийн этгээд хариуцлага үүрч алданги тооцох тухай нэг ч өгүүлбэр оруулаагүй хэрэг үү?
-Ерөнхийдөө  бол янз бүрээр л гэрээ хийдэг ч энэ удаад гэрээндээ төсвийн мөнгө хугацаандаа орж ирэхгүй бол алдангийг буруутай хуулийн этгээд хүлээнэ гэж заагаагүй. Өмнө нь  төсвийн хөрөнгө оруулалттай нэг биш ажлыг хийж байсан. Ондоо багтаагаад санхүүжилтээ өгч байсан учраас 2014 ондоо авчихна гэж бодсон. Бүх компани л иймэрхүү байдлаар ажиллаж байгаа шүү дээ. Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж шалгах юм бол анхнаасаа улсын комисс гэж байгуулаад бид хүлээлгэж өгөх шаардлага юу байсан юм бол доо. Яг үнэндээ чухам юуг хэрхэн шалгахыг бид бол мэдэх юм алга. Шалгах шаардлагатай л байгаа юм байлгүй дээ л гээд сууж байна. Одоо би Монголд ялангуяа бизнесийн салбарт ажиллахаас үнэхээр урам хугарч байна. 
 
-Төсөл чинь услалтын систем шинээр барина гэсэн байна. Юунд зориулсан систем байсан юм бэ. Ашиглалтанд орсон уу?
-Усалгаатай газар тариалан хөгжүүлэхээр услалтын систем шинээр барьсан. Өнөөдөр бидний хийсэн ажил маань ашиглагдаж байгаа. Өмнө нь бэлчээр усжуулах ажлаар 7 худгийн ажил хийсэн. Оюутолгойтой бас хамтран ажиллаж байсан.


Минийх эхлээд, минийх эхлээд...

Байдал үнэндээ ийм л байгаа. 235 төсөл хөтөлбөрийн мөнгийг төр олгож чадалгүй вексель бичсэн ч эхний ээлжинд 200 гаруй тэрбум төгрөгийн вексель гаргахаар шийдвэрлэж, Сангийн яамнаас 81 аж ахуйн нэгжийн гүйцэтгэсэн ажилд 95,2 тэрбум төгрөгийн вексельд бичилт хийсэн нь хоёр намыг миний чиний гэж хэрэлдэхэд хүргэсэн бололтой.  Төсвийн байнгын хороо  дарааллын бус, уг хугацаанд хамрагдаагүй аж ахуйн нэгжид векселийн бичилт хийсэн гэсэн гомдол их ирсэн учраас  шалгахаар болсон гэсэн тайлбар өгч буй. Шалгана шүүнэ, харна үзнэ гэсээр байтал О.Пүрэвдорж захирлын хэлснээр компаниуд арилжааны банкныхаа хүүнд дарлуулж, төрөөс авах мөнгөнөөсөө давсан алдагдал үүрэхэд хүрээд байна. Гэвч тэр алдангийг төр гаргаж өгч чадах уу.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: