Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 10
Одоо мөрдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд, хүнд, онц хүнд гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг оргон зайлах, мөрдөн байцаалтад саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх зорилгоор цагдан хорьж болно гэж заажээ. Хуульд “ёстой” биш “болно” гэдэг үг бичсэн. Нөгөө талаар цагдаа, тагнуул, АТГ-ынханд шалгаж байгаа хүнээ оргуулахгүй, дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй, мөрдөн байцаалтад саад учруулахгүй байх эрх мэдэл бий. Тэд нэгжлэг хийх, дуудаж ирүүлэх, байцаалт тайлбар авах, араас нь мөшгөх эрхтэй. Төрийн ийм хүчтэй механизм “болзошгүй” гэх таамаг дэвшүүлж гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй хүнийг бараг дур зоргоороо шоронд “хориулсаар” 20 жил өнгөрч байна. Цагдан хорих шийдвэрийг мэдээж шүүх гаргана. Шүүхэд бүр “цагдан хорионы шүүгч” гэдэг тусдаа орон тоо бий. Гэтэл сэжигтэн хүн дахин гэмт хэрэг үйлдэх гээд буу шийдэм худалдаж аваагүй, оргох гээд визэнд ороогүй, гэрч хохирогчид нөлөөлөөгүй байхад бараг л “царай хараад” хорьчихож байна. Дур зоргоороо ингэж авирлах боломжийг эхэнд дурдсан ЭБШХ-ийн 68.1, 58 дугаар зүйл, заалт тэдэнд олгосон. Уг нь аль ч нийгмийн үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөөнд халдах гэж байгаа бол мухарласан баримт, хөдөлшгүй нотолгоо хэрэгтэй. Гэтэл манай улсад төр нь иргэнийхээ эрхэнд халдах хуулийн боломж даанч их байна. Үүнийг засах ёстой.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дүгээр илтгэлд зөвхөн сэжигтнээр 2012 онд 2021 иргэнийг, 2013 онд 1901, 2014 онд 1863 хүнийг цагдан хорьжээ. Сэжигтнээр ийм олон хүнийг хорьсон байхад цаана нь яллагдагч, шүүгдэгчээр тооцсон хэчнээн хүнийг цагдан хорьсныг мэдэхгүй. Ийм судалгаа ХЭҮК-оос гаргасан тайланд алга. “Шоронд хоригдсон гэнэ. Хулгайч, авлигач, дээрэмчин байсан гэнэ” гэсэн яриа цагдан хоригдох хооронд энэ хүмүүсийг тойрон гарч, тэдний гэр бүл, танил нөхөд, ажлын хамт олон давхар хэлмэгдэж байгаа. Гэм буруутай, үгүй нь тогтоогдоогүй эдгээр хүмүүс эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засаг, цаг хугацаа, нэр төр, алба ажил, зарим нь халуун амиараа хохирч байгаа.
Өөрөөр хэлбэл, хүнийг субъектив санаа зорилгоор хорьж байгаа нь хүний эрхийг хөлдөө дэвсэлж байна. Нөгөө талаар бусдыг эрүүдэн шүүж байгаагийн нэг хэлбэр. Үүнийг өөрчлөхгүйгээр, таслан зогсоохгүйгээр эрх зүйн шинэчлэл цааш явахгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн өөрчлөлт цагдаа, прокурор, шүүгчид эрх мэдэл нэмэх биш хүнийхээ эрхийг хэрхэн хамгаалах чиглэл рүү явах ёстой. Хүнийг хорьж тарчлааж байгаад хэрэг илрүүлдэг аль Сталины үеийн Вишинскийн онолоос татгалзах цаг ардчилсан Монгол Улсад болчихсон баймаар. Гэтэл шалгасан хэргээ нотолж чаддаггүй, гэм буруугүй бол суллаж чаддаггүй чадваргүй мөрдөн байцаагч нарын ажлын арга барил болгосоор олон жил өнгөрлөө. Хамгийн чадваргүй мөрдөн байцаагч хүнийг хорьж, эрүүдэн шүүж, тарчлааж байгаад хэргийг нь өөрөөр нь хүлээлгэдэг. Өөрөө илрүүлэх биш, өөрөөр нь хэргийг нь нотлуулах гэдэг. Барагтай бол байцаалт авахгүй мөртлөө зүйл ангиар айлгаж, шоронд хугацааг нь сунган хориулдаг. Харин тэдний санал хүсэлтийг “цагдан хорионы шүүгч” нар гүйцэлдүүлдэг. Шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй буюу “гэмгүй” хүн гэртээ хоолоо идээд сууж байх ёстой. Шаардлага байвал гэрээс нь гаргахгүй байх, хүнтэй уулзахгүй байх, утас интернэт хэрэглэхгүй байх хязгаарыг хуульч, хууль сахиулагчдын зүгээс авч болно. Өөрөөр хэлбэл, гэрийн хорионд оруулдаг, электрон гав зүүдэг. Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх технологийн хуульдаа ихэнх улс ийм зүйл нэвтрүүлсэн байна. Гэтэл манайхан шинийг санаачилсан хуульчдаа ад үзчихээд хуучин арга барилаа “Хэрэглэхэд амар байдаг юм. Монголын амьдралд нийцдэг юм” гэцгээж байна.
Манайхан мартаагүй, Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан сэжигтнээр цагдан хоригдож байхдаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид нас барсан. Яллагдагч, шүүгдэгч, ялтан ч биш сэжигтэн л байсан. Тэр хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй, гэм буруугаа дэнслүүлж амжилгүй өмгөөлөгчийнхөө дэргэд нас барсан. Хэрвээ тэр хүнийг гадуур шалгаж, эмнэлэгтэй ойр байлгасан бол амиа алдахгүй байлаа. Тэр хүн олон хүн алсан, террорист халдлага үйлдсэн, улсыг хэрсэн авлигын тор нэхэгч байгаагүй. Хэрвээ, хэрвээ, хэрвээ… тэр хүн ямар ч гэм буруугүй нэгэн байсан бол хайран амь. Тэр хүн түүнийг хорьсон шүүгч, хориулсан цагдаа, прокурорын нэгэн адил аав, ээжтэй, эхнэр хүүхэдтэй, амьдралтай л нэгэн байсан шүү дээ. 8000 цагдаатай Монголд албан тушаалын хэрэгт шалгуулж явсан хүчгүй иргэн байсан. Түүний үхэл хуулийнханд сургамж болсонгүй. Өнөөдөр шинэ Ганц худагт цагдан хоригдож буй 900 орчим сэжигтний тоо үүнийг гэрчилнэ.
Араас нь, “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт шалгагдаж байхдаа цагдан хоригдсон Л.Гансүх, М.Тулга гэдэг хоёр хүний тохиолдлыг дурдаж болно. Өмнөх Засгийн газрын тэргүүний зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх хоригдож гараад хөлийн хуруугүй болсон. Хөлийн ясных нь бэртэл хоригдох хугацаанд нь даамжирч, батлан даалтад гараад л хуруугаа тайруулсан. М.Тулга гэдэг залуу байна. Хөлбөмбөг тоглодог байсан залуу цагдан хоригдож байхдаа урьд авсан бэртэл нь сэдэрч тэргэнцэр дээр суусан. Түүнтэй УИХ-ын гишүүн С.Ганбаатар урьдчилан саатуулах төвд очиж уулзах үед, “Надад өвчин намдаах тариа хийж байгаа болохоос эмчилгээ хийхгүй байна. Таван сар хоригдоно гэдэг бол шалгавал шалгаж дуусахаар хугацаа. Би батлан даалтад гарч эмнэлэгт хэвтмээр байна” гэж байсан. Өнөөдөр М.Тулга гэм буруугүй нь нотлогдсон мөртлөө суга таяг тулдаг болж хохироод явж байгаа. АТГ-ын мөрдөн байцаагчид М.Тулгыг олон сар хориулчихаад хариуцлага үүрээгүй. Цагдан хорионы шүүгчид ч хариуцлага тооцоогүй. Гэм буруугүй хүнийг олон сар хориулсан мөрдөн байцаагч, хорьсон шүүгчийн бурууг төр үүрч, иргэнийг хохироосон хууль хяналтынхан хариуцлагаас мултардаг байдал хэвээр байх уу.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.