Намуудын улстөржилт гадны хөрөнгө оруулалтад нөлөөлж байна

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 11 ・ 1

 

Эдийн засагт сүүлийн таван жилийн хамгийн таагүй үе тохиож, өр төлбөр нэхэгдэхийн ирмэг дээр ирээд байх үед байгаль эх энэрэлгүй загнаж ган болсон нь монголчуудын ирээдүйг “муу дээр муухай, муухай дээр улцан” гэдэг шиг сүүдэрлэж орхилоо. Монголчууд дотоодын үйлд­вэрлэл үйлчилгээ гэхээсээ илүү гадны хөрөнгө оруулалтаас хамааралтай эдийн засагтай гэдэг нь сүүлийн гурван жилд харагдсан. Гэрт нь орж ирсэн зочин гараад явахад өлсч үхэх гэж байгаа айл шиг арчаагүй байдалд орсон гэдэг нь мэдэгдсэн юм. Тэгвэл бидэнд гадны хөрөнгө оруулалтыг татах боломж ямар байна вэ. Эрх баригчид энэ талаар ямар ажил хийв. Ямар үр дүн гарав, өөрөөр хэлбэл, гадаад ертөнц биднийг хэрхэн дүгнэж байна вэ. Монголд анхаарлаа бусдаас арай илүү хандуулдаг олон улсын агентлагуудын мэдээллийг шүүрдээд үзэхэд олигтой мэдээлэл алга. Харин ч МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас огцруулах болсныг нэгэн дуугаар мэдээлээд, энэ нь хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлж байгааг дурьдсан байв.  

Оюутолгойн далд уурхайг хөгжүүлэх төлөвлөгөө батлагдаж байх үед Монголын ангиллыг тогтвортой хэмээн зарлаж байхдаа”Фитч” агентлаг “цаашдаа тогтвортой байвал” гэсэн зүүлт хийсэн байсан. Тэгвэл энэ тогтвортой байдал нь бидэнд алга. Зөвхөн “Фитч” ч биш, зэрэглэл тогтоодог бусад бүх агентлаг Монголын талаар бичихдээ агентлаг “Монгол Улс эдийн засгаа хянаж чаддаггүй” гэсэн санааг тов тодорхой илэрхийлдэг. “Орлогын эх үүсвэр нь түүхий эд, металлаас бүрддэг. Эдгээрийн худалдан авагч нь БНХАУ гэсэн ганцхан улс. Энэ улсын эдийн засгийн өсөлт жилээс жилд удааширч байгаа. Мөн зах зээл нь дэлхийн зах зээл дээрх металлын үнэ болон валютын ханшийн өөрчлөлтөд хэт мэдрэмтгий зэрэг нь банк санхүүгийн салбарыг эрсдэлд оруулах хүчин зүйл” гээд л. Гашуун ч гэсэн энэ үнэн. МАН-ын байнга санан дурсаад байдаг, эдийн засаг 17 хувийн өсөлттэй жил ч гадны томоохон агентлагууд “Монголын эдийн засгийн 17 хувийн өсөлт бодит биш” гэж бичиж байсан юм. ДНБ-ий өсөлт бол бүр ч худлаа. Түүнд өгүүлэхдээ “Эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл нь нүүрсний экспортоос орж ирэх орлого нэмэгдсэнтэй холбоотой гэх боловч эдийн засаг өсөхийн хэрээр улсын төсвийн хэмжээ нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна” хэмээн бичсэн байсан юм. Сүүлийн хоёр жил эдийн засгийн өсөлт хоёр дахин удааширсан байхад төсвийн алдагдал, өсөлт нэмэгдсээр байгаа нь олсон жаахан ахиц дэвшлээ үгүй хийж байсан гэсэн дүгнэлтийг “Фитч” агентлаг хийсэн байна. 

Нөхцөл байдал ийм дор орчихоод байхад экспортын орлогын гол эх үүсвэр болсон зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр буурсан нь бидний хувьд муу мэдээ болоод байна. Экспортын орлого багасах нь тодорхой ийм үед уг нь гадна хөрөнгө оруулалт биднийг авч гарах учиртай. Гэвч бид өөрсдөөсөө болж хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг хааж байх шиг. Учир нь, хууль эрхзүйн орчин хичнээн ч сайхан бай, эрх баригчид нь хөнжилдөө хөлөө жийлцсэн, бодлого нь тогтворгүй байвал хөрөнгө оруулагчид орж ирдэггүй аж.   

Эрх баригчид Засгийн газарт өөрчлөлт оруулж, танхимаар нь огцорч ч мэдэхээр эгзэгтэй байдалд ороод байгаа энэ үед эдийн засаг сайн, сайхан болно гэж хэлэхэд үнэхээр хүнд байна. Эрх баригчид Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр том төсөл урагшилчихвал эдийн засаг сэвхийтэл сэргээд ирнэ гэж найдаж байгаа нь нууц биш. “Манайд баялаг нь хангалттай байгаа. Хамгийн гол нь сонголтын л асуудал”, “МАН-тай хамт Засгийн газарт байхдаа Тавантолгойг хөдөлгөчихвөл МАН-ын нэр хүнд өсчих гээд байгаа учраас АН хүлээлгээд байна. МАН Засгаас гармагц л Тавантолгой хөдөлж, эдийн засаг сайжирна” гэх зэрэг дүгнэлтийг эдийн засаг, улс төр гадарладаг нөхдүүд хийж, иргэдэд найдвар түрүүлээд буй. “З.Энхболд өөрөө Тавантолгойг явуулах гээд Ч.Сайханбилэгийн ажлыг уяад байгаа юм” гэсэн яриа ч сонсогдож, “МАН нь Засгаас гараад З.Энхболд нь Засгаа аваасай” гэх хүмүүс ч гарч байгаа нь нууц биш. Энэ бол иргэд туйлдаж байгаагийн шинж л дээ. Яагаад гэвэл, Засгийн газар солигдох нь гадны хөрөнгө оруулалтаас хамааралтай орнуудад тун муугаар нөлөөлдөг. Хууль эрхзүйн орчин хичнээн ч таатай бай, төр нь тогтворгүй л бол хөрөнгө оруулагчид хэсэг зуур азнахад хүрдэг байна. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Батхүү / 2015 08 сар 11/

    2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ

    Хариулах