С.Даваасүрэн: Хятад улсаас оруулж ирсэн будаа худалдаж авахгүй байхыг зөвлөж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 16
 
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд “Хуурамч цагаан будаа худалдаанд гарчээ”  гэх мэдээлэл нэлээдгүй олны анхаарлыг татсан. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг гарч импортоор орж ирсэн цагаан будаануудаас дээж авч шинжилгээнд оруулж, цагаан будаа савлах, хадгалах, импортлох болон худалдаалах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шалгалт хийсэн байна. Тэгвэл цагаан будаатай холбоотой шалгалтын дүн ямар гарсан талаар МХЕГ-ийн дэд дарга С.Даваасүрэнгээс тодрууллаа. 


-Нийт хэчнээн аж ахуй нэгжүүдэд шалгалт хийж зөрчил илрүүлсэн бэ? 
- Бид Нийслэлийн зургаан дүүргийн есөн худалдааны төв, бүтээгдэхүүн жижиглэн савлах 21 цех, будаа хадгалах 13 агуулах зэрэг нийт 43 аж ахуй нэгж, иргэдийг хамруулан шалгалт хийсэн. Шалгалтын явцад долоон аж ахуй нэгж зөрчил гаргасан нь тогтоогдож хоёр сая 370 мянган төгрөгийн шийтгэл оногдуулж, хадгалалтын хугацаа дууссан, буцаан татан авалт хийгээгүй байсан хоёр нэрийн нийт 93 килограмм цагаан будааг хураан авч устгалд оруулсан.

-Аж ахуй нэгжүүд ямар зөрчлүүдийг гаргасан бэ?  
-Хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээс  хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан таталт хийлгүйгээр иргэдэд худалдаалж байсан нь илэрсэн. Мөн цагаан будаа савлах, хадгалах цех болон агуулахууд бүтээгдэхүүний савласан огноог үйлдвэрлэсэн хугацаагаар нь сольж шошгон дээр тэмдэглэж, зориулалтын агааржуулалтын системгүй газар хадгалж байсан нь тогтоогдсон юм. 

Түүнчлэн Монгол улсад БНХАУ, ОХУ, Вьетнам, Энэтхэг, Тайланд, Австрали, БНСУ, Япон, АНУ гэсэн есөн улсаас импортолсон цагаан будаа худалдаалагдаж байгаагаас БНХАУ-аас импортлосон цагаан будааны 95 хувь нь хятад ханз үсгээр бичигдсэн, үйлдвэрлэсэн болон хадгалалтын хугацаа бичигдээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Үүгээр ч зогсохгүй ОХУ, АНУ-аас импортлосон цагаан будааны шошго хувиргасан амьд организм /GMO/-ын тэмдэглэгээгүй орж ирдэг болохыг шалгалтын явцад илрүүллээ. 

-Зарим мэдээллийн хэрэгслээр Хятадаас ирж буй цагаан будааг резинээр хийдэг гэх мэдээлэл цацагдаад байсан. НМХГ-аас цагаан будааны бүтэц, найрлагад шинжилгээ хийсэн үү? 
-Манай байгууллагад цагаан будааны бүтэц, найрлагыг тодорхойлох ургамал, хорио цээрийн лаборатори байхгүй. Тиймээс бид Стандарчилал, хэмжил зүйн газарт “Цагаан будааны бүтэц, найрлагыг тодорхойлохоор итгэмжлэгдсэн лабораторийн лавлагаа авах” тухай 2015 оны долоодугаар сарын 28-нд албан бичиг хүргүүлсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар хүнсний бүтээгдэхүүнд физик-хими, нян судлал, таримал ургамлын хорио цээрийн сорилт шинжилгээ гүйцэтгэхээр итгэмжлэгдсэн 60 гаруй лаборатори ажиллаж байгаагаас цагаан будааны бүтэц найрлагыг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори байхгүй болохыг мэдэгдсэн. 

Гэхдээ бид нийслэлд худалдаалж байсан 11 нэрийн цагаан будаанаас 14 дээж авч өнгө, үнэр, амт, чийглэг, гадны хольц, эвдэрсэн үр болон хүнд металлын үлдэгдэл хорио цээрийн зүйлүүд байгаа эсэхийг шинжилсэн. Лабораторийн шинжилгээгээр 14 бүтээгдэхүүний дээж ургамлын эрүүл ахуй,  аюулгүй байдлын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан юм.Манайд хүнсний аюулгүй байдалтай холбоотой гомдол, санал иргэдээс их ирдэг. Тэгээд асуудал үүсгэх магадлалтай хүнсийг шинжлэх гэхээр манай лаборатори хүчин чадал муу, зарим хүнсний бүтээгдэхүүнийгшинжлэх боломжгүй байдаг нь бидэнд ихээхэн хүндрэл учруулдаг юм. Тиймээс төр засгаас энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. 

-Иргэд эрүү ахуйн шаардлага хангасан цагаан будааг худалдаж авахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? 
-Иргэд хаяг, шошго нь тодорхойгүй цагаан будаа авахаас татгалзаж үйлдвэрлэсэн он сар, хадгалах хугацаа зэргийг нь сайн шалгаж авах хэрэгтэй. Мөн Хятад улсаас импортоор ирсэн цагаан будааны 95 хувь нь хятад ханз үсгээр бичигдсэн, үйлдвэрлэсэн болон хадгалалтын хугацаа нь бичигдээгүй байдаг учраас иргэд аль болох худалдан авахгүй байхыг зөвлөж байна. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх