Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 17
Наймдугаар сар гарсаар эцэг, эхчүүдийг болон оюутнуудыг дарамтад оруулаад байгаа нэг асуудал бол сургалтын төлбөр. Учир нь, энэ жил их, дээд сургуулиуд төлбөрөө 12-40 хувиар нэмэгдүүлсэн юм. Удирдах зөвлөлийнхний гаргасан энэ шийдвэрийг оюутнууд эрс эсэргүүцэж Монголын оюутны холбоотой хамтран хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Үүнийхээ эхлэл болгож өчигдөр сургалтын төлбөрийн хэт их нэмэгдлийг эсэргүүцэж Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойд талбай болох одоогийн олон машины зогсоол болсон “Оюутны талбай”-д гарын үсэг зурах хөдөлгөөн өрнүүллээ. Тэдний үйл ажиллагааг дэмжиж бүхий л их, дээд сургуулийн оюутнууд гарын үсгээ зурж байв. Дур зоргоороо сургалтын төлбөрөө нэмдэг хэрнээ, сургалтын орчин нөхцөлөө анхаардаггүй их, дээд сургуулиудад хариуцлага тооцож, хүнээс авдаг шигээ бусдад зориулдаг байх хэрэгтэйг ухамсарлуулах цаг болсныг тус арга хэмжээг зохион байгуулсан түр хорооныхон хэлж, ярьж байлаа. Мөн төрийн өмчийн их сургуулийн удирдлагуудад төлбөр нэмсэн шалтгаанаа үндэслэлтэйгээр тайлбарлахыг шаардсан шаардах бичиг хүргүүлжээ. Ингээд энэхүү үйл ажиллагааны талаар зарим оюутнаас тодруулга авлаа.
Г.Азжаргал: Биднээс авдаг төлбөрийг юунд зарцуулдгийг мэдмээр байна
/МУИС-ийн Бизнесийн сургуулийн хоёрдугаар курсийн оюутан, “Оюутны хөдөлгөөн” түр хорооны гишүүн/
-Энэ удаагийн үйл ажиллагааг танай сургуулийн оюутны холбоо зохион байгуулж байгаа юу. Эсвэл оюутнууд сайн дураараа цуглав уу?
-Өнөөдрийн үйл ажиллагааг жагсаал гэж ойлгож болохгүй. Хүмүүс оюутнууд жагсах гэж байгаа мэтээр ойлголт авсан байна билээ. Ердөө л гарын үсэг цуглуулах хөдөлгөөн юм шүү дээ. Оюутнууд нэгдэж үзэл бодлоо хуваалцаж, цуглаан уулзалт хийе гэсэн санаачилга гаргасан нь энэ. Мөн МОХ-ноос зохион байгуулаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Сургалтын төлбөрөө эсэргүүцсэн мянга мянган оюутан нэгдэн нийлж “Оюутны хөдөлгөөн” гэсэн групп, түр хороо байгуулан ажиллаж байна. Харин бидний энэ санал санаачилгыг МОХ их сайн дэмжиж ажиллаж байгаад талархаж байна.
-Сургуулийнхаа удирдлагад шаардах бичиг хүргүүлсэн гэсэн. Ямар, ямар асуудлуудыг тусгаж өгсөн бэ?
-Сургууль бүрийн удирдлагад хүргүүлсэн байгаа. Энэхүү бичигтээ бид таван зүйлийг тусгасан. Тухайлбал, биднээс авч байгаа төлбөрийг юунд, ямар хэлбэрээр зарцуулж байгаа талаар үнэн бодитой мэдээлэл өгөх. Мөн төлбөр нэмсэн шалтгаанаа тодорхой болгож өгөхийг хүссэн.
-Та нарын хүргүүлсэн шаардлагын талаар удирдлагууд чинь юу гэж байх юм. Хариуг нь хэдийд өгөхөөр болов?
-Одоогийн байдлаар бидэнд ямар ч хариу өгөөгүй байна. Шаардах бичигтээ энэ сарын 19-ний дотор хариугаа өгнө үү гэдгийг мэдэгдсэн. Тэгэхээр энэ лхагва гарагт сургуулиудын удирдлагуудаас хариу ирэх байх гэж найдаж байна.
-Ямар сургуулийн оюутнууд та нарыг дэмжиж байгааг сонирхож болох уу?
-ХААИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС гээд бүхий л сургуулийн оюутнууд дэмжиж хамтран ажиллаж байна. Хувийн сургуулийн оюутнууд ч гэсэн бидэнтэй ижил бодол, санаатай байгаа болохоор дэмжиж буйгаа илэрхийлсэн.
-Орон нутгаас ирсэн оюутнууд дотуур байрнуудын төлбөр нэмэгдсэнд их бухимдалтай байгаа нь ажиглагдлаа?
-Миний хувьд бусад сургуулийн дотуур байр ямар байдгийг мэдэхгүй байна. Гэхдээ их сэтгэл дундуур байдаг юм билээ. АШУҮИС-ийн дотуур байр их бохир, стандарт шаардлага хангаагүй байдаг талаар олон хүүхдээс сонсч байсан. Харин манай МУИС-ийн дотуур байр харьцангуй гайгүй. Анх би оюутан болоод дотуур байранд амьдарсан л даа. Гаднаас нь харахад үнэхээр гоё байсан хэрнээ дотор нь ороод үнэхээр гайхсан. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг шиг л тийм л дүр зураг угтдаг. Жил бүрийн хийсэн засвар нь хүний нүд хуураад л өнгөрдөг. Тэгсэн хэрнээ төлбөр нь жил бүр нэмэгддэг. Энэ жилийн хувьд засвар хийсэн гэдэг нэрийдлээр л төлбөр нь нэмэгдсэн юм шиг байна.
-Энэ жилийн засвар үйлчилгээ хэрхэн хийгдсэнийг очиж нүдээр үзэв үү?
-Үзээгүй. Очихоор оруулдаггүй юм. Манай сургуулийн байрууд ирэх сарын 1-нд хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ гэсэн. Тэр үед л ямар засвар хийснийг нь мэдэж болох байх даа.
Э.Батжаргал: Их хэмжээний мөнгө хуримтлуулах гэж улайрч буй нь хардлага төрүүлэх үндэслэл
/Монголын оюутны холбооны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал/
-Оюутнуудын санаачилгаар байгуулагдсан “Оюутны хөдөлгөөн” түр хороог танай холбоо дэмжиж ажиллаж байгаа юм байна. Энэ талаар?
-Манай холбоо оюутны төлбөрийн эсрэг зогсч байгаа түр хорооныхныг дэмжиж ажиллаж байгаа нь үнэн. Төлбөрийн нэмэгдэл, энэ их мөнгө юунд зарцуулагдаж байгааг эцэг, эхчүүд төлбөр төлж байгаа хэрэглэгчид мэдэх хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл, бид талх худалдаж авахдаа мянган төгрөг төлөөд доторх орц найрлагыг нь харж мэдэж чаддаг. Гэтэл хоёр, гурван сая төгрөг төлчихөөд юунд зарцуулагдаж байгааг нь мэдэхгүй өнгөрч болохгүй. Тэгэхээр энэ асуудлыг хүмүүст ойлгомжтой болгох үүднээс дэмжиж ажиллаж байна. Төлсөн гурван сая төгрөгийн хэд нь багш нарын цалинд, хэд нь урсгал болон захиргааны зардалд, ном сурах бичигт зарцуулагдаж байгааг ойлгомжтой болгож өгөхийг л хүссэн хэрэг.
-Танай холбооны зүгээс их, дээд сургуулиудын захирлуудад, удирдах зөвлөлийнхөнд бичиг хүргүүлсэн гэсэн. Энэ асуудал юу болсон бэ. Хариугаа авч чадсан уу?
-Бид албан бичгээ энэ сарын 13-нд захирлуудад хүргүүлсэн. Энэ сарын 19-нд эцсийн байдлаар хариугаа өгөхгүй бол бид дараагийн арга хэмжээгээ авна. Өнөөдрийг хүртэл эцэг, эхчүүд оюутнууд манай холбооны байранд их ирж байна. Юу гэж ярьж байна вэ гэхээр “Манайх хоёр оюутан хүүхэдтэй. Нэгнийх нь төлбөрийг цалингийн, тэтгэврийн зээл аваад төлж барагдуулахаар болсон. Харин нөгөө оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлж чадахгүй учир энэ жил өнжөөхөөс өөр аргагүйд хүрлээ. Сургалтын төлбөрийг нь бууруулах ямар нэгэн арга байна уу” гэж байна. Энэ мэтээр зовлон тоочсон олон хүн бидэнтэй уулзаж байгаа. Мөн түр хорооныхонтой хамтраад дараагийн арга хэмжээнд оролцоход бэлэн гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр сургуулиуд төлбөрийн асуудлаа эргэж харахгүй бол ямар ч асуудал дагуулж мэдэх нь.
-Ер нь сургуулиудын удирдлагууд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж ямар нэгэн тайлбар хийсэн үү?
-Олонх сургуулийн удирдах зөвлөл аль зургадугаар сард хуралдаад шийдвэрээ гаргачихсан. Оюутнуудыг амарсан хойгуур хуралдаад асуудлаа шийдчихээд намар нь танилцуулдаг. Цаг нь тулчихдаг учир оюутнууд хүссэн, хүсээгүй төлбөрөө төлдөг. Сургуулиудын удирдлагуудаас аман тайлбар авахад бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, урсгал засвар, суурь хураамж нэмэгдсэн гэсэн шалтгаан л хэлж байна лээ. Харамсалтай нь, МУИС сүүлийн 70, 80 жилд нэг ч номын сан бариагүй. Сургуулиа ч өргөтгөөгүй. Дотуур байр ч нэмж баригдсангүй. Үр дүн, бодит байдал нь ийм л байна шүү дээ. Иргэдийн нүдэн дээр эл байгаа энэ асуудлыг бүгд л мэдэж байгаа болов уу.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.