Улстөржиж суух хооронд улс орон сүйрлээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 18 ・ 1
-Ам.доллар 2002 төгрөгт хүрсэн нь улс төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй-


“Хүндээ хөнгөнөөс өгөх” гэж нэг ойлголт бий. Монголын төр сүүлийн хэдэн жил яг ийм замаар хүндээ хөнгөнөөс өгөөд яваад байна. Импорт голлосон эдийн засагтай манайх шиг улсын хувьд гадаад валютын нөөцөө байнга нэмэгдүүлж байх нь нэн тэргүүний зорилт байх ёстой. Монголд гадаад валют орж ирэх хоёр гол эх сурвалж бий. Нэг нь экспорт, нөгөө нь гадаадын шууд хөрөнгө оруулалт.

Манай улсын хувьд экспортоосоо илүү гадаадын шууд хөрөнгө оруулалт нь илүү үүрэгтэй /хэлэхэд ч ичмээр/ байсан болох нь сүүлийн гурван жилд нүүрлэсэн эдийн засгийн хямралаас тод харагдсан.  Гаднаас ирсэн зочин гарч явахад гэр нь хямарч байна гэдэг эзний арчаагүйг харуулж байгаа хэрэг. Гэхдээ улстөрч, эдийн засагчид хямралын бүх л шинж тэмдэг, сөрөг үр нөлөөг гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбож ярьж байсныг бодохоор энэ нь яах аргагүй үнэн бололтой. 

Гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлбэл л эдийн засаг сайжирна гэж улстөрчид ярьдаг, ярьсаар ч байгаа. Тэгвэл орж ирчихвэл л Монгол Улс сайхан болчих юм шиг ойлгуулаад байгаа энэ хөрөнгө оруулалтыг хэн хийдэг юм бэ. Мэдээж хөрөнгө оруулагчид. Тэд ашиг олох гэж л хөрөнгөө оруулна уу гэхээс монголчуудыг тэжээх гэж мөнгөө бариад ирдэггүй. Гэхдээ ашгийн төлөө улайраад эрсдэлийг үл тоодог тэнэг хүмүүс биш гэдэг нь ойлгомжтой.  

Хөрөнгө оруулагчид аливаа улсад хөрөнгө оруулахдаа татвар, хууль эрхзүйн таатай орчин зэргээс гадна хамгийн гол нь улс төрийн тогтвортой байдлыг хардаг. Олз ашгийн хувь хэмжээ өндөр ч нэг л өдөр бүхнээ алдаж мэдэх, улс төр нь тогтворгүй улсад мөнгөө даатгаснаас бага ч гэсэн олон жил ашгаа хүртээд явья гэдэг сонголтыг хэн ч хийнэ. Тийм л учраас сүүлийн үед бий болоод байгаа улс төрийн таагүй нөхцөл байдал гадны хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна.  Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг шат дараалалтай хэрэгжүүлсээр өнгөрсөн зургадугаар сар гэхэд эерэг шинж тэмдгүүд мэдрэгдэж эхэлж байлаа.

Оюутолгойн хоёр дахь шатны төлөвлөгөө, Ерөнхий сайдын Дубайд хийсэн амжилттай айлчлал, Засгийн газрын бонд, Худалдаа хөгжлийн банкны гаргасан 500 сая ам.долларын бонд, Алт үйлдвэрлэгчдийн өөдрөг мэдэгдэл, Н.Модигийн амласан тэрбум ам.доллар гээд валютын эх үүсвэрүүдийн сураг сонсогдож, 2000 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханшийг 1860 хүртэл огцом буулгасан билээ. Эдийн засагт эерэг хүлээлт үүсгэснээрээ л ам.долларын ханшийг буулгаж чадсан. Иргэдийн сэтгэл санаа ч уужирч, “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр амжилттай хэрэгжинэ, эдийн засагт шинээр гадаад валют орж ирнэ, томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг тойрсон асуудлууд ар араасаа шийдвэрлэгдэж байна, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг ахин сонирхож эхэлнэ” гэсэн эерэг хүлээлт үүссэн байв. 

Яг энэ үед Монгол Улсын эдийн засагт итгэх итгэл нэмэгдэж, зах зээлийн хүлээлт алгуур боловч сайжирч байсан. Үнэхээр ч Худалдаа хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан 500 сая ам.долларын бондын эх үүсвэр Монголын эдийн засагт бодитой орж ирж, Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт 2015 оны эцсээс эхэлж 2016-2018 оны туршид үе шаттай орж ирэхээр болсон юм. Энэ мөчид төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1960 төвшнээс 1860 төвшинд хүртлээ чангарч, олон улсын зах зээлд Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны үнэ 80 төвшнээс 90 гартлаа өсч, цаашид эдийн засагт шинэ мөнгө, шинэ валют орж ирэхийн хэрээр эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд сайжрах нь гэсэн итгэл нэмэгдэж байлаа. 

 Гэтэл долдугаар сараас эхлээд энэ бүх эерэг хүлээлтийг эвдсэн, сүйтгэсэн, үгүй хийсэн хоролгон үйл явдлууд ар араасаа цуварсан юм. МАН-ыг Засгийн газраасаа хөөж, Засгийн газраа бүрдүүлж чадахгүй ацан шалаанд орсон. Энэ хүнд үед асуудал шийдэхээсээ илүү “Засгийн газар огцрох ёстой”, “Улсын Их Хурал ч тарах хэрэгтэй” гэх мэт улстөржих гэж ядсан, асуудлаа ойлгохгүй, мэдэхгүй хүмүүсийн тоглоом нь гадаад, дотоод зах зээлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, тогтворжиж байсан ханшийг ч дахин сулруулах уршиг дагуулсан юм. Зургадугаар сарын 10-нд 1860 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 2002 төгрөгт хүрэв. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ч сэргэсэнгүй, харин ч уналтад оров. 

Өнгөрсөн 4-6 сарын хооронд Монгол Улсад 86 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бол одоо орох нь битгий хэл эрчимтэйгээр гадагшлах төлөвтэй боллоо. Улсын төсвийн алдагдал нэмэгдсээр сард дунджаар 100 тэрбум төгрөгийн алдагдал “үйлдвэрлэх” болов. Энэ бол улстөржсөний, албан тушаалд хэтэрхий дурласан улстөрчдийн авчирсан гай. Аливаа улс хөрөнгө оруулагчдыг татахын тулд Засгийн газраа тогвортой байлгаж, аль ч улс төрийн хүчин гарч ирсэн хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчин тогтвортой байлгах ёстой. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: