Ч.Сувданцэцэг: "Дүүг маань 17 жил ханилсан эхнэр нь хөнөөчихлөө"

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 20

“My car" компанийн захирал Б амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ оны нэгдүгээр сарын 03-ны өдөр гарсан. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст шалгаж байсан ч хохирогч Б-г амиа хорлосон хэмээн үзэж, хоёр ч удаа хавтаст хэргийг нь хаалгасан байна.

Харин талийгаачийн ар гэрийнхэн түүний үхэлд эхнэрийг нь сэжиглэж байгаагаа мэдэгдэж, эд хөрөнгөд шунасны улмаас хууль хяналтын байгууллагуудыг удаа дараа хахуульдаж, амыг нь үдсэн талаар өчигдөр мэдээллээ. 

Талийгаачийн эгч Ч.Сувданцэцэг "Талийгаач амиа алдахдаа хэвлийдээ хоёр удаа хутгалуулж, мөгөөрсөн хойлоогоо тасартал хоолойгоо гурав огтлуулсан байсан. Хамгийн сүүлчийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хоолойндоо ч авсан шарх нь тэр, хэвлийдээ ч авсан шарх нь бүгд шууд үхлийн аюултай, амь гарах боломжгүй. Хэрэв өөрөө амиа хорлосон бол эхний хэсэгтээ гэмтэл учруулсны дараа дараагийн газраа мэс хүргэж амжихгүй гэдгийг дүгнээд гаргачихсан байгаа.

Хэн ч харсан амиа хорлосон гэж итгэхээргүй хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас хоёр ч удаа амиа хорлолт нэрээр хаачихлаа. Хоёр дахь удаагийн хэрэг мөрдөлт бараг илрэх дээрээ тулж ирээд, мөрдөгч нь ч нааштай хариу өгч байсан. Гэтэл нэг л өдөр ирээд амиа хорлолт юм байна уучлаарай гээд хэргийг хаасан.

Бидний зүгээс талийгаачийн эхнэр А.У-ийг сэжигтнээр татан, шалгахыг хүсч байна. Энэ хэргийг зохион байгуулалттайгаар, шуналын сэдэлтэйгээр үйлдэгдсэн гэж бодож байгаа" гэсэн юм. Мөн эхнэрийг нь ийнхүү сэжиглэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Ах маань амиа алдахаасаа өмнө эхнэр хүүхдээсээ тусдаа надтай хамт амьдардаг байсан. Ах нэг өдөр надад “Гэрт чагнах төхөөрөмж тавьчихаж. Бидний яриаг эхнэр мэдчихсэн  байна. Ахад нь ямар нэг юм болвол чи араас нь яваарай" гэж хэлж байсан” гэв.


Энэ үеэр түүний эгч Ч.Сувданцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

- У-ийн талаас та нарт ямар нэгэн шаардлага, болзол хүргүүлсэн үү?

- Шаардлага бол байхгүй байгаа, дандаа дарамт. Шүүх хурал дээр манай өмгөөлөгч У-ийн өмгөөлөгч Болдбаатарт "Өндөр настай ээжтэй юм байна. Аль, аль талдаа ингэж хатуурхах хэрэг байна уу. Тэгж байхаар хоорондоо ярилцаад шийдвэл ямар вэ" гэдэг санал тавьтал өмгөөлөгч Болдбаатар хуруу гараа гозгонуулж байгаад "Өмгөөлөгч өө, танд ингэж ярих эрх байхгүй шүү. Наад хохирогч гээд байгаа хүмүүст чинь нэг ширхэг зэвтэй хадаас өгөхгүй" гэж хариулсан байгаа юм.

Бид нар өнөөдөр өмчийн сонирхолтой юм яриад байгаа юм бол алга. Хэн ч харсан ойлгомжтой зохион байгуулалттай аллагыг амиа хорлосон л хэрэг болгочихоод байна. Энэ хүн амины хэргийн цаана гаръя л гэж бодож байна.

Айлаас эвлэрье, зохицъё гэж нэг ч удаа яриагүй.

- Хоёр удаа шүүх эмнэлгээр ороод зөрүүтэй хариу гарсан гэсэн?

- Эхний шүүх эмнэлгийн шинжээчид нь Энхбаяр, Энхцолмон гэж хоёр эмч хэргийн газарт очоод яг гадны нөлөөтэй ч гээгүй, энэ хүн өөрийгөө хутгалаад алчихсан юм аа гээд ч хэлээгүй, зүгээр дунд нь бөөрөнхийлөөд л хаячихсан.

Хоёр дахь дүгнэлт нь зургаадугаар сарын 12-оос хойш гарсан. Тэр шинжилгээнд гурван эмч орсон. Гурван эмчийн хоёр нь гадны нөлөөтэй байна гэж батлаад тогтоол бичиж өгсөн байна лээ.

- Талийгч яг хэдэн сарын хэдний өдөр өнгөрсөн бэ

- Энэ оны нэгдүгээр сарын 3-ны 11 цагт өнгөрсөн. Миний дүү ерөөсөө сүүлийн хэдэн сар огт архи дарс уугаагүй, шүүх эмнэлгийн дүгнэлтээр ч тэгж гарсан. Гэхдээ миний дүү дөрвийн дөрвөн хүүхэд нь уулзахгүй байна, явчихсан гээд маш их гунигладаг байсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх