Цэцэрлэгийг моодноос гаргах боломж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 20 ・ 1

Наймдугаар сарын 15-наас эхлээд хаа сайгүй хүүхдийн цэцэрлэгийн гадаа багахан шиг найр наадмын дайтай хөл хөдөлгөөн бий болдог. Одоо ч эхэлчихээд байна. Өдөр шөнөгүй урт дараа­лалд зогсох эцэг эхчүүдийн туйлын зорилго хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх. Уг нь энэ бол төр засгийн юун түрүүнд анхаарлаа хандуулж, хариуцан шийдэх үүрэгт ажил. Бусад улс оронд хүүхдийн цэцэрлэг, сургуулийг хэдийнэ шийдсэн байдаг. Харин манайд эцэш эхчүүдийн танил талын нүүр, хэтэвчний хэмжээ, аз од бүгдийг шалгасан том асуудал болоод удаж байна. Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 20 орчим хувь нь цэцэрлэгт багтахгүй үлддэг учраас аргагүй шүү дээ. Ямар сайндаа бүртгүүлсэн хүүхдүүдийнхээ дунд сугалаа явуулж цэцэрлэгт орох азтай хүүхдийг шалгаруулах болчихоод байх вэ дээ. Энэ арай л хэтэрсэн дүр зураг, аргаа барсан шийдвэр юм.

 

Бараг л өдөр бүр шахуу зочид буудал, баар, зоогийн газар сүндэрлэж байгаа хэр нь цэцэрлэг, сургуулийн барилга баригддаггүй гажиг тогтолцоо байна. Цэцэрлэг хүрэлцээгүйгээс хүүхдүүд хараа хяналтгүй гэртээ цоожлогдон үлддэг. Энэ бол зөвхөн хүрэлцээгүй байшин барилгын тухай бус хүүхдийн эрүүл мэнд, амь насны асуудал юм. Өнөөдөр Монголын төр засаг иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, сурч боловсрох эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн тод жишээ энэ.

 

90 мянган хүүхэд хамрагдаж, 15 мянган ажлын байр бий болно

 

Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянга буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь, нийслэлд 74900 хүүхэд бай­гаа­гаас 21400 буюу гур­­ван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өм­нөх боловсролын үйлчил­гээнд хамрагдаж чадахгүй байгаа судалгаа бий. Өнгөрсөн жил энэ тоо тодорхой хувиар нэмэгдсэн гэж байгаа. Тиймээс ч эдгээр хүүхдийг хараа хяналтаас гадуур үлдээхгүйн тулд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хаврын чуулганаар баталсан. Одоогоор энэ хуулийг хэрэгжүүлэх тодорхой бэлтгэл, зохион байгуулал­тын ажил хийгдэж байна. Хамгийн гол нь ирэх оны төсөвт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцад 50 тэрбум төгрөг суулгаж чадвал ирэх оны эхнээс ажил хэрэг болох юм.

 

Хууль хэрэгжээд эхэлбэл 90 мянган хүүхэд хамрагдаж, 15 мянган ажлын байр бий болох тооцоог ч хууль санаачлагчид гаргасан байгаа. Мэдээж өнөөх цэцэрлэгийн гадаа дугаар­лаж хонох том ажил үгүй болж, хагас сая төгрөгт хүрээд байгаа хандив, хахуул буурна. Тиймээс хүүхдээ аюулгүй газар, найдвартай хүнд үлдээчихээд санаа амар ажлаа хийх боломжтой болох эцэг эхчүүд, хүүхдээ хараад ажил хийж чадахгүй гэртээ суугаа ээжүүд Хүүхэд харах үйлчилгээг хурдан хэрэгжээсэй гэж хүлээж байна. 

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаман дээр Хүүхэд харах үйлчилгээний журам боловсруулах ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэлжээ. Тэд журмаа боловсруулахдаа хэрхэн яаж ажиллах, ямар зохицуулалт хийж энэ үйлчилгээг хэрхэн үр дүнтэй байлгах тал дээр анхаарч байгаа гэнэ. Тиймээс энэ асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

 

Хүүхдээ хүнээр  харуулах уу, цэцэрлэгт өгөх үү гэдэг нь эцэг эхийн сонголт

 

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд сар бүр улсаас нэг хүүхдийн 116 мянган төгрөг өгөхөөр хуульд заасан. Гэхдээ энэ мөнгөөр хүүхдийн хоолны мөнгө, хүүхэд харагчийн цалинг хамтад нь тавина гэвэл ёстой байнд ч үгүй, банзанд ч үгүй гэдэг шиг юм болно. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс тодруу­лахад “Улсын төс­вөөс зарцуулдаг мөн­гөний 33600 төгрөг нь хоол­ны мөнгө байдаг. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн өдөртөө идэх хоолны мөнгийг улсаас даахгүй. Харин тухайн хүүхэд харж байгаа иргэний цалин­гийн зардлыг олгоно. Хүүхдээ хооллох нь эцэг эхийн үүрэг. Тэгэхээр хүүх­­дийнхээ хоолны мөнгө болон бусад хэрэг­лэг­дэх эд зүйлсийг эцэг эхчүүд өөрсдөө гаргах ёстой болно.

 

Хоолны мөнгө болон бусад гарах зардлуудыг эцэг эхчүүд нэмэлт төлбөр маягаар өгөх ёстой болно. Нэгэнт улсаас татаас өгч байгаа учраас дэндүү өндөр төлбөр нэхэж болохгүй байхаар зохицуулалт хийхийн тулд эцэг эхийн төлбөрийн дээд хэмжээг тогтооно. Бидний тооцоогоор 100 мянгаас хэтрэхгүйгээр байх болов уу. Өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгүүдээс ялгагдах онцлог нь энэ” гэсэн юм. Тэгэхээр улсын цэцэрлэг шиг үнэгүй явуулахгүй, хувийн цэцэрлэг шиг өндөр төлбөр төлөхгүй, харин бага хэмжээний төлбөр төлөөд хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжийг энэ хууль олгож байгаа юм.

үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Батхүү / 2015 08 сар 21/

    Нэг их өндөр шалгуурууд байгаа Тухайлбал манайх 3 өрөө байртай бид 2 тэтгэвэрийн хүн эхнэр маань цэцэрлэгт би эмч хүн 5 хүүхэд хараад байж болох л доо гэвч болохгүй л гэсэн

    Хариулах