Одоогоос хоёр жилийн өмнө Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн “Грандлайн”компани гэр хорооллын дахин төлөвлөх ажилд оролцон Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 1200 айлын “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг барих эрхийг авсан байдаг.
Хотын дарга аавынхаа буянаар баянзүрхчүүдийг тохилог, тав тухтай орон сууцтай болгох томоохон тендерт ялалт байгуулсан түүнийг тойрсон сайн гэхээсээ илүүтэй саар мэдээлэл байсхийгээд л хэвлэлийн хуудаснаа залардаг.
Тухайн үед Э.Бат-Үүл даргын ерөнхий шүүгчээр нь ажилласан гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах түүхэн ажилд нэрээ үлдээх 14 компанийг шалгаруулах гол багийн тэргүүн эгнээнд нэг ч барилга, хороолол барьж байгаагүй хүүгийнх нь “Грандлайн” ХХК багтаж олныг гайхшруулж байв.
Удаа ч үгүй ганц тендер аваад зогсохгүй нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Грандлайн” компанийн нэр дээр 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр гаргуулсан байдаг. Олон хүн Трандлайн”-ыг хардаж байсан ч ажлаа хурдан дуусгачихвал хэл амгүй байх байв. Гэвч тэд ажлаа хийж чадаагүй юм.
Өнөөдөр “Грандлайн”-ы хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн газар нэг ч тоосго өрөгдөөгүй суурийн ухсан нүхнээс өөр зүйлгүй байгаа юм. Улсын баатар эцгийнхээ чихийг олонтаа халууцуулсан их мөнгөн дээр эзэн суусан Б.Чулуудайн толгойлж буй “Грандлайн” компанитай холбоотой саар мэдээлэл үүгээр дууссангүй.
Тэрбээр гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцжуулах төсөл, хөтөлбөрт шалгарсан даруйдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл олон гаргажээ. Түүнчлэн “Түмэн амгалан" цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах гэрээ байгуулсан Турк улсын “216 Яапи” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан болохыг олон улсын Арбитрын шүүхээс саяхан тогтоожээ.
Үүл баатрын хүү Э.Чулуудай эрх мэдлээ хэтрүүлэн ашиглажээ
Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт сүндэрлэх “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг шавыг 2013 оны аравдугаар сард тавьсан байдаг. Тухайн оныхоо арванхоёрдугаар сард Бүгд найрамдах Турк улсын “216 Яапи" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зуржээ.
Туркийн компани өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-нд “Хувьцаа худалдан авах” гэрээгээр “Грандлайн” компанийн нийт хувьцааны 50 хувийг худалдан авсан аж. Ингэснээр Монгол-Туркийн хамтарсан “Грандлайн" ХХК-ийг албан ёсоор байгуулж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард улсын бүртгэлд бүртгүүлснээр 9019077083 дугаар бүхий гэрчилгээ авсан байна.
Төд удалгүй “Түмэн амгалан” цогцолбор хорооллын барилгын ажлыг эхлүүлэх тусгай зөвшөөрлөө ч авав. Харин хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш барилгын ажил эхлэх хүртэлх хугацаанд Туркийн талаас 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн аж.
Өөрөөр хэлбэл, Турк улсын “216 Яапи” компани гэрээнд заасны дагуу “Түмэн амгалан” цогцолбор төслийн ажлын эхлэл болон реклам, сурталчилгааны бүх ажлыг хариуцан гүйцэтгэжээ. Түүнчлэн барилгын зураг төсөл, газар чөлөөлөх ажил төдийгүй төслийг хэрэгжүүлэх байрны зураг, газар шорооны ажил гээд бүгдийг нь хийж, гүйцэтгэсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.