Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 23

-Цэргүүдийн машинтай мөргөлдсөн жолоочид эрүүгийн хэрэг үүсгэжээ-
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох 52-ын давааны урд замд “Энхбулаг” амралтын газрын зүүн замд "Mitsubishi L-200" маркийн авто машины жолооч Ц Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Зил131” маркийн авто машинтай мөргөлдөж хоёр хүн газар дээрээ нас барж 21 хүн гэмтсэн ноцтой осол өнгөрсөн баасан гарагт гарсан талаар бид мэдээлсэн.
Гэмтсэн 21 хүн нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахлагч нар бөгөөд тэд одоо Цэргийн госпиталд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин 24 настай эрэгтэй М, 26 настай эрэгтэй А нар нас барсан бөгөөд тэд тус ангийн ахлагч нар байжээ. Талийгаач 26 настай А нь ОХУ-д цэргийн эмчийн мэргэжлээр төгсөж ирээд 084 дүгээр ангид ажилд ороод удаагүй байсан бол 24 настай М нь өнгөрсөн хавар Ахлагчийн сургууль төгссөн байна.
Энэ талаар холбогдох албаныхан “Ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн. “Mitsubishi L-200” маркийн автомашин гүйцэж түрүүлэх оролдлого хийснээс уг осол үүдэлтэй гэх мэдээлэл ч байна. Цэргүүдийн машинтай мөргөлдсөн "Mitsubishi L-200" маркийн машины жолоочид эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэнэ.
Цэргийн төв Госпитальд хэвтэн эмчлүүлж буй цэргүүдийн 10 гаруйгийнх нь бие хүндэвтэр яс, дотор эрхтэн, нурууны зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа аж.
2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн учир орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Энэ хэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ч эрс нэмэгдэж буй юм. Ийм үед хөдөө орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх зэрэг шалтгаанаас үүдэж осол аваар гарах нь нэмэгдэж байна.
Тиймээс хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэлгүй, сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа сайтар хангаж оролцохыг холбогдох албаныхан анхааруулж байгаа юм.
Эх сурвалж: www.Eagle.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.