“Тийм хүн сонгогдсоныг сонсоогүй”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 26
 

Б.ЗАЯА

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулийн I тойрог буюу Хан-Уул дүүргийн I, II, III, XV хорооны иргэдийг төлөөлөн нийслэлийн МАН-ын дэд дарга Б.Энх-Амгалан сонгогдсон билээ. Тойргийн гишүүд төлөөлөгчөө ингэж дүгнэлээ.

 

Ө.Болд:

ЧИХЭР БООВООР АМ ТАГЛАДАГ

/ХУД-ийн II хорооны иргэн/

-Төр засаг, сонгогдсон хүмүүс нь ард иргэдээ харж үздэг үе нь сонгууль, эсвэл цагаан сар юм даа. Сар шинийн баяраар ахмадууддаа чихэр боов өгөөд л өнгөрдөг. Бид тэтгэврийн нас болоогүй, гэсэн ч ажилд авдаггүй дунд нь хохирч байгаа хүмүүс. Одоо автобусанд суух ч мөнгөгүй болчихож байна. Төр засаг, нам дагасан хүмүүс сонгуулийн өмнө олон сайхан зүйл амлачихаад дараа нь алга болчихдог.

 

Ц.Мөнхжаргал:

АЖИЛТАЙ БОЛГОНО ГЭСЭН НЬ ҮЛГЭР БАЙЖ

/ХУД-ийн II хорооны иргэн/

-Манай хорооны Засаг дарга анх гарахдаа хүн бүрийг ажилтай болгоно гээд яриад байсан. Гэтэл өнөөдөр тэр амлалтаа биелүүлсэнгүй. Би өчигдөрхөн Хөдөлмөрийн хэлтэс дээрээ очиж ажлын байр асуутал “Үнэндээ танд тохирох ажил алга, эгчээ” гэж байна. За тэр яахав. Хөдөлмөрийн бирж орлоо. Бас л байдаггүй. Нийслэлийн төлөөлөгч бол сураг ч байхгүй. Гэхдээ одоо нэг зүйл ажиглагдаж байна. 2016 оны сонгууль болоод идэвхжиж эхэлж байгаа нь мэдэгдээд байна.

 

Д.Оюун:

Б.ЭНХ-АМГАЛАНГ ТАНИХГҮЙ

/ХУД-ийн III хорооны иргэн/

-Манай хорооны үйл ажиллагаа боломжийн сайн. Харин сонгогдож гарсан Б.Энх-Амгалан гэж танихгүй. Тэр хүн сонгогдсон хороо, дүүргээ эргэж хардаг, иргэдээ сонсдог бол бидний эргэн тойронд тулгамдаж байгаа асуудал олон байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй барилгууд энд тэндгүй босч байна. Нийтийн эзэмшлийн талбайг элэлж аваад зээл барилга барьчихаж байгаа.

 

Б.Гэрэлмаа:

АХМАДУУДАА ХАРЖ ҮЗЭЭСЭЙ

/ХУД-ийн III хорооны иргэн/

-Ахмадууд бидэнд хамгийн чухал зүйл эрүүл мэнд. Эрүүл мэндээ хамгаалж, рашаан сувилалд явах хэрэгтэй байна. Хороо, дүүргээс зохицуулж өгөхгүй юм. Иргэдийн амьдралын төвшин тааруу байна. Сургуулийн хүүхэд олонтой. Иргэдийн төлөөлөгчид иргэдтэйгээ уулзаж нийгэмтэйгээ хөл нийлүүлж алхмаар юм. Төлөөлөгч болохдоо тэр ч намаас, энэ ч намаас гээд нэр дэвшдэг, улмаар гардаг. Гарсан хойноо хийж бүтээж байгаа зүйл алга. Аль ч нам ялгаагүй болжээ.

 

Д.Нямдаваа:

НИЙСЛЭЛД БИДНИЙГ ХЭН ТӨЛӨӨЛЖ БАЙГААГ МЭДЭХГҮЙ

/ХУД-ийн II хорооны иргэн/

-Нийслэлд биднийг хэн төлөөлж байгааг мэдэхгүй. Лу.Болд, Ц.Оюунгэрэл хоёрыг нь гадарлах юм байна.

 

С.Чинбат:

ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨӨС СУРАГ АЛГА

/ХУД-ийн III хорооны иргэн/

-Б.Энх-Амгалан хаана, юу хийдэг юм бүү мэд. Манай улсын хэмжээнд улс орон, сонгогчдынхоо эрх ашгийн төлөө чин сэтгэлээр зүтгэж байгаа улстөрч байхгүй. Нэр дэвшээд албан тушаалд очоод амьжиргаагаа дээшлүүлнэ гэсэн ойлголттой болчихож. Сайхан юманд эзэн олон. Саар юманд эзэн байдаггүй. Би 1990 оноос ардчиллын төлөө зүтгэж ирсэн хүн. Бизнес эрхэлдэг бидний хувьд аль нэг улс төрийн хүчин рүү орвол бөөн шахалт дарамт бий болно. УИХ-ын гишүүд нь телевиз, радиогоор гарч харагдах юм. Харин дүүргийн төлөөлөгчид бол сураггүй.

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх