Азийн цагаан дагинаа хамгийн том “ЖОРЛОН” болголоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 26 ・ 3

Хойд хил дээр дурсгалын цогцолбор дээрээс би хойшоо харж зогсоно. Гурван голын билчэр, хилийн цаахна дэргэд, алган дээр тавьсан юм шиг тодхон.
Сэлэнгэ мөрөн маань энд нийлээд Байгаль далайг зорих аж.Өнөөдрийн Улаанбаатарчуудын бохироор бузарлагдсан Туул гол маань эх орондоо таван аймаг, 37 сумын нутаг дамжин “ялгадас” тарааж байгаа төдийгүй Орхон, Сэлэнгэтэйгээ нийлээд Байгаль далайг зорьдог байх нь. Нэг үгээр хэлбэл бидний “Азийн цагаан дагина” болгосон Улаанбаатар нийслэлийг маань Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагууд гуравхан жилийн дотор, олон улсын “хамгийн бохир Туул голтой”, “Хамгийн том жорлон” болголоо.
Байгаль нуур хүртэл энэ ус цэвэршинэ. Бохирдоно. Мэдээж, янз бүр л болох байх. Гэхдээ сая гаруй хүн амтай бүхэл бүтэн том хотын бохир-ялгадсаас зохих хэмжээгээр Байгальд цутгаж л таарна.
Бидний үеийнхэн “туулаа, Тунгалагаа, дурлалыг минь холбосон Туулаа!” хэмээн дуулцгааж байсан бол, өнөөдөр “Азийн цагаан дагина” хаягтай ногоон уут хог дээр овоорч, хогийн машинаас Улаанбаатарын “Сүлд дуу” хангинах боллоо. Улаанбаатар хотыг маань гуравхан жилийн дотор ийм болгосон хүмүүс бол яах аргагүй нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга нар гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэд “Нийслэлд ганцхан байгаа цэвэрлэх байгууламжаа засаач, янзлаач”, “Шинэ цэвэрлэх байгууламж бариач” гэсэн олон түмний удаа дараагийн санал хүсэлт, мэргэжлийн байгууллага, хүмүүсийн шаардлагыг хүлээж авсансан бол өнөөдөр нийслэлийн сая гаруй хүний бохир ялгадсыг Туул гол руугаа цутгахад хүрэхгүйсэн. Энэ хоёр дарга даан ч чихгүй юм шиг хандсан. Нийслэлд нэг байтугай хэдэн цэвэрлэх байгууламж барьчих мөнгөөр өөрсдөө тансаглаж, хэнд ч хэрэггүй хогийн ногоон уутыг тэрбум тэрбум төгрөгөөр шахаж, зуны гуравхан сард олон тэрбумын үнэтэй эрээн цэцэг суулган гандааж, хөл бөмбөгийн тэмцээн үзүүлэхээр олон арван хүнтэй баг илгээж, яаж дураараа загнав аа! Тэгтэл өнөөдөр нийслэл хот маань утаанаасаа салалгүй, агаар хөрсний бохирдол нь туйлдаа хүрч, дээрээс нь түмэн хүний ялгадсыг Туул руугаа шахдаг боллоо. Одоо биднийг нийслэлээ орхиод хөдөө яв гэж даажигнаж байгаа.
Энэ бол хотын хоёр даргын гуравхан жилийн дотор хийсэн “нүгэл”-ийн өчүүхэн хэсэг нь. Эрдэнийн Бат-Үүл гэгч энэ хүн “Улсын баатар”-ын далавчин доор хувийн өмч рүү дайн зарласан. Ардчиллын үнэт зүйл бүхнийг устгасны нэгээхэн хэсэг нь энэ. Бүх зүйлд хувийн ашиг сонирхлын үүднээс ханддаг болсон. Энд зөвхөн газрын луйврыг нь авч үзэхэд л хангалттай байх. Хотын дарга болмогцоо “гэр хорооллын дахин төлөвлөлт” гэж бужигнуулснаа сүүлийн үед “хуучин орон сууцнуудын дахин төлөвлөлт” хэмээн шинэ зүйл гаргаж ирлээ. Энэ “дахин төлөвлөлт”-үүд нь ерөөс ганцхан зорилготой. Хотын аль ашигтай сайн байрлалтай газруудыг дахин төлөвлөлт нэрээр булаан авч танил тал, ойр дотныхондоо өгөх явдал. Энэ дунд хүүгийнх нь компани хүртэл явж байгаа. Дахин төлөвлөлтийн удирдлага нь, дан өөрсдийнх нь ойр дотны хүмүүс, Э.Бат-Үүлийн сонгуулийн сурталчилгаанд явж байсан хүмүүс. Тэд худал амлалт, сайхан нэрээр иргэдийн газрыг булаан авч, мянга мянган иргэнийг өнөөдөр орох оронгүй болгочихоод байгаа. Цаасан дээр зурсан гоёмсог хорооллын зураг, макет, түрүүчийн Засгийн газрын үед бариад дутуу орхичихсон зарим барилгыг гүйцээснээ орой болгон телевизээр харуулан бидний тархийг угааж байгаа. Э.Бат-Үүл, хотын дарга болохын тулд сонгуулийн өмнө, сонгуулийн дараа юу гэж амлаж байсны заримыг сөхье.

-“Та нар нэг м2 газраа саяас доош үнэлж болохгүй шүү. Газар үнэд орно. Амьжиргааны гол хэрэгсэл тань энэ болно” гэв. Сонгууль өнгөрмөгц энэ үгээсээ буцаад, иргэдийн газрыг өчүүхэн багаар үнэлж, чөлөөлөхгүй гэвэл албадан чөлөөлж иргэдийг дасаж суурьшсан газраас нь хүчээр хөөж байгаа.

-“Улаанбаатар хотыг АНУ-ын нийслэл хотын жишгээр хөгжүүлнэ” гэв. Юун, АНУ-ын нийслэлийн жишиг бүү хэл Эрээний жишгээр ч хөгжиж чадсангүй, бүх талаар ухарлаа. “Элит хороолол” нэртэй хэдэн өндөр байшин баригдсан ч, зарим баячууд нэр дээрээ 60-70 орон сууц эзэмшиж, гэр хорооллын ядуус байргүй хэвээрээ.
-“Хотын утааг мэдэгдэхүйц бууруулна” гэсэн. Гэтэл утаа улам нэмэгдсэн. Э.Бат-Үүл арга тасрахдаа утааны хорт бодис нь буурсан бололтойгоор иргэдийн тархийг угаасан. Гэтэл агаарын бохирдлын талаар докторын зэрэг хамгаалсан их эрдэмтэн Н.Сайжаа: “Утаа л байгаа бол хорт бодисууд нь буурна гэж байхгүй” хэмээн мэдэгдсэн.
-Огт хэрэгцээгүй хогийн ногоон уутыг иргэдэд шахсан, танил тал компаниудаараа жилд 200000 цэцэг тариулан тэрбум тэрбумаар нь мөнгө өгсөн, зай талбай бүхнийг зориуд барилга байшингаар дүүргэн машин тавих зогсоолгүй болгож ядуусын машиныг ойр дотно компаниудаараа дарамтлуулан ачуулж, дугуйг нь түгжүүлэн хууль бусаар хохироож байгаа... зэрэг иргэдийнхээ эсрэг олон нүгэл үйлдэж байгааг бүгд мэднэ.
Хамгийн гол луйвар нь гэр хорооллын болон хуучин орон сууцны дахин төлөвлөлт гэгч. Уул нь ухаантайхан удирдлага бол нийслэл хотоо зах хязгаар руу нь тэлж, төв хэсгийнхээ зай талбайг гудамжуудаа өргөтгөх, машины зогсоол бий болгох замаар түгжрэлийг сааруулах ёстой байсан юм. Гэтэл тэгсэнгүй. Хотын эргэн тойронд зөндөө газар байгаа. Тэнд хямд төсөр хорооллууд бариад гэр хорооллынхноо оруулчихаж болох л байсан. Тэгтэл бүр эсрэгээр, газар орон сууц хоёрыг цахим сүлжээгээр бүртгэж, олгож байгаа нь энэ гээд цахим мэдэхгүй ядуусыг нь хөл хорьж, цахим сүлжээний дээдэс нь нэг айл жар далан орон сууцтай, байрлал болгонд газартай болчихсон байх юм. Энэ чинь нийслэлийн удирдлагуудын, жирийн иргэдээ хавчин гадуурхах бодлого мөн биз дээ?! 
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Гантөмөр нарын удирдсан багууд энэ дахин төлөвлөлтийн ажил гэгчтэй хэдэн удаа тойрч танилцсан. Энэ баг бүрэлдэхүүнд сурвалжлагчаар оролцсоны хувьд зарим зүйлийг газар дээр нь үзээд үнэхээр харамссан л даа.Э.Бат-Үүл, луйвар гэхэд арай дэндүү луйвар хийсэн. Нийслэлийн хамгийн сайхан байрлалтай 24 газрыг сонгон авч, “гэр хорооллын дахин төлөвлөлт” гэгч, хатуухан хэлбэл “дээрмийн” үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа. Нэг хашаанд ах дүүсээрээ амьдарч болоод байсан, идээшиж дассан газар нутгаас нь “шинэ байранд оруулна” гэх буюу багахан мөнгө амлаж хөөсөн байгаа юм. Э.Бат-Үүл болон түүний шадруудад хууртагдсан хүмүүс, сайхан мэрээдэл өвөрлөн салж явцгааснаас хойш 1-3 жил өнгөрч байна. Олонх нь түрээсийн умгар өрөөнд, нэг хэсэг нь ах дүү, төрөл садныдаа, зарим нь хотын захын бяцхан зай талбайд хоног төөрүүлж байгаа нь туйлын үнэн. Баянзүрх дүүргийн хэсэг иргэд цуглан газраа дээрэмдүүлсэн тухай хэвлэлийн бага хурал хийж байгааг харахад үнэхээр өрөвдмөөр байна билээ. Д.Батдэлгэр гэж эмэгтэй, Э.Бат-Үүлийг “Улсын баатар” юм болохоор нь итгээд газраа чөлөөлчихсөн нь нэг мөсөн сүйрлээ гээд уйлж байгааг телевизээр бүгд харсан байх. 

Хэдхэн хоногийн өмнө Гандангийн дэнжид иргэдийн цуглаан болж билээ. Энэ цуглаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон хот, дүүргийн зарим удирдлага оролцсон. Энэ цуглаан дээр СӨХ-ны дарга А.Амар нарын олон хүн “Энэ Бат-Үүл гэдэг чинь ямар муухай араншинтай хүн бэ? Бидний амьдарч байгаа таван давхар байшинг орон сууцны дахин төлөвлөлт нэрээр нураана гэж заналхийлээд байх юм. Манай орон сууц бол олон зуун хүн амьдардаг, хугацаа нь дуусаагүй сайн барилга. Зөвхөн газарт нь л шунаад байгаа юм билээ. Хэзээ Бат-Үүлийнхэн ирээд байр сууцыг минь нураах бол гэж айгаад унтаж ч чадахаа байсан” гэж яриад И.гэгч эмэгтэй үйлж байна билээ. “Гандангийн хоёр өндөр” хэмээн нэрлэгддэг орон сууцнууд байрлаж байгаа хэсэгхэн өндөрлөг бол манай нийслэлд үнэхээр ховорхон байрлалтай газар. Тэр газрыг гартаа оруулж авахын тулд өөрийн ойр дотны хэдэн хүнээрээ санал гаргуулан “дахин төлөвлөлт” нэрээр дээрэм хийж байгаа нь энэ. Ийм баримт хэдэн арав зуугаараа бий. Энэ “дахин төлөвлөлт” гэгч луйвар бол, “Хадгаламж зээлийн хоршооны луйврын” дараа босч ирсэн хамгийн том хэлмэгдүүлэлт юм. Одоо дараачийн сонгууль болоход ганцхан жилийн хугацаа үлдлээ. “Дахин төлөвлөлт” хэмээх сайхан нэрийн доор хувийн газар, орон байрнаасаа хөөгдсөн мянга мянган хүн, хотоор тэнүүчилсээр шинэ төр засагтай золгоно. Мэдээж, газрын луйварчин Э.Бат-Үүлийнхэн ор мөргүй арилсан байж таарна. Тэр үед булхайгаа булахын тулд нэг сонин арга хэрэглэж байгаа. Та бүхэн анзаарсан бол, айлуудыг нь хөөж нүүлгэчихээд ганц хоёр айл зориуд үлдээсэн байгаа. Бага мөнгө, хариугүй жижиг орон сууц амлаад шүү. Энэ нь, хэрэг бишдэх үед “Газраа чөлөөлөөгүй айлаас болоод дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа саатсан” гэж, бурууг бусад руу чихэх гэж байгаа нь тэр гэнэ.

Э.Бат-Үүлийнхний, сүүлийн үед санаж сэдсэн нэг ноцтой зүйл бий. Тэр нь хуучин орон сууцуудыг дахин төлөвлөх нэрээр газрыг нь булааж авах явдал. Үүнд хамгийн түрүү хамрагдах орон сууцнууд нь хотын төвийн 40, 50 мянгатын хороолол, нэхмэлийн шарууд, төмөр замын дан давхар орон сууцнууд…гэх мэт. А, Б зэрэглэлийн бүс дэх орос, хятадууд, үндэсний барилгачдынхаа барьсан байр орон сууцнуудыг буулгах гээд байгаа юм. Хүмүүс бол “Үүний цаана Оросыг үзэн ядах үзэл явж байгаа юм” гэлцдэг. Ялангуяа Ленин, Сталины хөшөө дурсгалыг буулгаж, Лениний музейг араг ясны музей болгохоор эхлэсэн “Оросын эсрэг үзэл”-ийг дэвэргэж байна гэх юм билээ.

Энд, манай нийслэлийн иргэн хэн боловч анхаармаар нэг ноцтой зүйл бий. Олон улсын жишгийг харж байхад манай мэтийн ядуу буурай улс, хүн амьдарч байгаа хуучин барилга орон сууцнуудаа нурааж устгаад байдаггүй юм билээ. Та нар, Бээжин хотын төв хэсэгт давхар байтугай дан шавар байшингуудийг сайхан засч тордоод хадгалж хамгаалж байдагийг лав харсан байх. Өнөөдөр тэгтэл Бат-Үүлийнхэн байрлал сайтай газар л бол ямар ч сайхан орон сууцнуудыг нураахад бэлэн болсон байна. Өөр намын, ардаа тулах түших хүнгүй 12 давхар шинэ орон сууцыг нурааж байгаа хэрнээ, өөрсдийнхөө ивээлийн хүмүүсийн, ЦТП-дээр барьж байгаа 10 давхар орон сууцны барилгыг буулгахгүй л байгаа шүү дээ. Энэ, мөн их ялгавартай байгаа биз. Хувийн ашиг сонирхлын үүднээс явж байгаа Э.Бат-Үүлийнхний алагчлал энэ. Зарим нь, өш хонзонгийн гэмээр зүйл ажиглагдах болсон. “Өдрийн сонин”-ы таван давхар шинэ байрыг та нар санаж байгаа байх. Өнгөрсөн жил хоёр талынх нь цонхнуудыг хаасан, арван хэдэн давхар хоёр өндөр барилга барьсан. Хүмүүс ярих нь: “Хотын удирдлагууд, үнэнийг бичдэг, зоригтой шүүмжилдэг сониныг зориуд дарамтлан, хоёр талыг нь хаасан барилгын зөвшөөрөл олгож байгаа юм. Хотод, буулгавал буулгачихмаар барилга энэ хоёр өндөр л байгаа. Тэгтэл Бат-Үүлийнхэн огт хир халдаахгүй байгаа” гэх юм билээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 08 сар 27/

    jurmiin nuhuruu alsan ardiin baatar hun shuu dee tegeed l oilgo mohgolchuud mini

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 27/

    batuuliig al

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 26/

    jinhen mergejliin ur chadvartan ajillah yostoi gazar jinhen mergejliin bus garuud ajilluulahsongilt hiigeed bga turiin namchinguudiig heleh muu ug algaa.

    2
    Хариулах